Айлын ”маамуунууд” юу булаацалдаад байгаа юм бол

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Айлын ”маамуунууд” юу булаацалдаад байгаа юм бол

Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёр хөрөнгө зоорио уралдан  “дэлгэж” байгаа. Хоёулаа нуусан хаасан юмтай л улс юм.  Нэгэн цагт нэг танхимд тохой залган сууж байсан хоёр гэхэд ичмээр. Нэг намд багтаж нэг үзэл бодолтой явсан гэхэд итгэмээргүй. Ёстой л тэнгэрт хоёр нар байх ёсгүй  мэт зоргоороо авирлаж байна. Хоёр эрхмийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэм­цэх газрынхан /АТГ/ нарийвчлан шалгаж бай­гаа гэсэн. Мэдээж зарим зүйл “хувь хүний нууц”- д хамаарах ганц хоёр “маа­паан” бий бол олон тү­мэнд дэлгэж үл болно.

Ц.Нямдоржийн хэлж  буй­гаар Н.Энхбаярын гэх  “Өр­гөө” зочид буудал, Богины аманд байрлах “Дүнжингарав Өр­гөө” амралтын газар, Сүх­баатарын талбайн урд байрлах “Blue Sky”  цамхаг гэх мэт объектыг АТГ шалгаж байгаа юм байж.  Харин Ц.Нямдоржийн гэх Туул голын эрэг дагуу байрлах “Bella Vesta”  хотхонд гурван орон сууц, Гүнтийн аманд байрлах шар өнгийн хоёр давхар хаус, яг ард талд нь байрлах ихэр  хаус зэргийг мөн АТГ шалгаж байгаа гэх. Үүнийгээ тэд “эхлэл” гэж байгаа нь гайхаш барна. АТГ аль алийг нь шалгаж байгаа нь үнэн л байгаа даа.  

Гэхдээ тэд шалгаад юу олох бол. Мэдээж өнгөрсөн тав, зургаан жилийн хугацаанд  хоёр эрхэм  бүх зүйлийг “жин тан” болгохоо эрх биш мэдэх л улс.  Үүний нэг тод жишээ бол 2006 оноос хойш Авлигатай тэмцэх газарт өөрсдөө гарган өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг. Н.Энхбаяр 2006 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого нь 121 сая 949 мянга байсан бол 2007 онд 325 сая 314 мянга, 2008 онд 90 сая 788 мянга болж буурсан хэмээн мэдүүлжээ. Харин Ц.Нямдоржийнх 2006 онд  жилийн орлого нь 3 сая 391 мянга, 2007 онд 5 сая 335 мянга, 2008 онд 10 сая 306 мянган төгрөг болсон.  Н.Энхбаярт 2006 онд 10 сая төгрөгийн үнэтэй 28 адуу байсан бол 2008 онд 48 ширхэг болтлоо өсч, үнийн дүн нь 13 сая 500 мянга хүртэл өссөн аж. Харин Ц.Нямдоржид 2006 оны мэдүүлгээр 12 сая төгрөгийн үнэ бүхий “Бенз-500”-тай л байж. Энэ тоо баримт зөвхөн 2006-2008 оны хооронд хийсэн хөрөнгө орлогын мэдүүлэг билээ. За тэгээд “өөрийн нэр дээр бус өрөөлийн нэр дээр хаана, юу ч байгаа юм билээ”  гэх хардлагыг хүн болгон ярьж байгаа.

Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёрын хэвлэлээр дамжуулж буй хэрүүлийг тоймловол нэг иймэрхүү…

Н.Энхбаяр: Цагдаагийн байгууллага Ц.Нямдоржийн мэдэлд байгаа. Би буруу зүйл хийгээгүй юм чинь юу гэж “айх” вэ.

Ц.Нямдорж: Харин одоо “Би ямар ч буруугүй. Энэ асуудалд холбогдолгүй” гэж мянга яриад ч яахав дээ. Ер нь Н.Энхбаяр өөрөө асуудал үүсгээгүй бол юу гэж  ийм зүйл болохов.

Н.Энхбаяр: Ц.Нямдорж мэтийн зарим хүн өөрсдөө бөөн бантан хутгачихаад, ихэнхийг нь надаар цэвэрлүүлчихээд, адаг сүүлд нь “Энхбаяр тэг” гэсэн мэт үлгэр зохиож, өөрсдөө нэр цэвэр үлдэх гэж оролддог юм билээ. Ц.Нямдорж өөрөө их өширхдөг хүн л дээ.

Ц.Нямдорж: Наадах чинь худлаа. Н.Энхбаяр ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ. Ер нь энэ байтугай зүйлийг зохиож байгаа хүн цаашдаа юу ч ярьж магадгүй. Н.Энхбаяр “тийм” хэлбэр рүүгээ орчихож. Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх гээд байгаа юм байхгүй. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг үг бий байх аа.

Н.Энхбаяр: Би Ц.Нямдоржийг сайн мэднэ. Тэр их юм “мартдаг” болчихсон байна лээ. Яахав би байгаа цагт юу ярьж, хийж байсныг нь байнга сануулах хүн байна гэсэн үг. Улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө дарах гэсэн увайгүй оролдлого гэхээс өөр юу гэх вэ дээ.

Ц.Нямдорж:
Одоо харин Н.Энхбаяр “Шударга ёсны төлөө тэмцсэн чинь Ц.Нямдорж намайг бариулж, хэлмэгдүүлэх гэлээ” гэж мэдэгдээд, мулгуу үйлдэл хийж байна. Барьж, хорьдог хүн нь би биш л дээ. Миний хоёр үр зээл аваад байшин барьж байгаа нь үнэн. Н.Энхбаяр хөрөнгийн үнэлгээчин болчихсон юм байлгүй зургаан тэрбум төгрөгийн үнэтэй хаус гэж солиорсон байна лээ.

Н.Энхбаяр: Ц.Нямдорж наанаа “шударга” дүр эсгэж, цаанаа өш хонзонд хөтлөгдөж, бусдын гар хөл болж, МАХН-ын нэр хүндийг унагаах гэж улайрч байгаагийн нотолгоо. Ардчилангуйлагчдын тархи толгой ингэж л ажилладаг. Ц.Нямдорж өөрөө хэлсэн байна лээ. До.Чулуунбаатар хүний өмнөөс хоёр гурван сар шоронд суусан гэж. Тэгэхээр өнөөдөр Ц.Нямдоржийн удирдлагад байдаг цагдаа, найз нь толгойлдог прокурор хүний өмнөөс шоронд суулгаж хэлмэгдүүлдэг байх нь.

Ц.Нямдорж: Би мангар хүн биш шүү дээ. Өөр яах юм бэ. Ийм зүйл ярьж явахын оронд шүүх, цагдаагийн байгууллагад очоод холбогдоод байгаа хэргээ тайлбарлачихвал болоо биз дээ.  Миний хувьд Н.Энхбаярын талаар нэг ч “хиртэй” үг хэлээгүй. Тэр дандаа өөрөө эхэлдэг…

Энэ мэтээр  тэдний хэрүүл үргэлжилсээр… Цаашдаа ч онц сонирхолтой үргэлжлэх байлгүй. Ядаж байхад сонгууль ч ойртлоо. Ард түмний итгэл алтнаас үнэтэй боллоо. Ер нь “юу” булаацалдаад хэрүүл тэмцэл хийгээд байгаа “маамуунууд” юм бол бүү мэд. Ёстой толгой эргэж орхилоо. 

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж