Канад цэцэрлэг 160 сая төгрөг хэмнэж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Канад цэцэрлэг 160 сая төгрөг хэмнэж байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн их засварт шаардах хөрөнгө мөнгөнд чамлалттай хандаж зарим сайд нарыг зэмлээд авлаа. Гэхдээ зэм хүртсэн сайдын хувьд Засгийн газраас оруулж ирсэн төслөө сайд нар хамгаалах ёстой болохоос бус УИХ-аар хэлэлцэх шатанд нэмэх ёс байхгүй гэсэн хатуухан сануулгыг Сангийн сайдаас авсан тул нэмэх арга алга гэдгээ учирлаж байлаа. Ер нь сүүлийн жилүүдэд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны зүгээс Канад цэцэрлэгүүдийг нэлээд олноор барьж байгаа аж. Канад цэцэрлэг барьснаар 150-160 сая төгрөгийн хэмнэлт гарч буй гэнэ. Нөгөө талаас урсгал зардлыг гурав дахин бууруулж байгаа аж.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хэлснээр бол Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 9000 хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байгаа аж. Зарим цэцэрлэг 500-600 метр газраас усаа усны тэргээр түрж авчирч хүүхдүүдэд хоол цай хийж өгдөг. Зарим цэцэрлэгүүдийн шал хөгцөрцөн, дээврээсээ дулааны улиралд дусаал гоождог. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн хувьд ч дээрдэх зүйлгүй. Хөдөө гадаанаас шилжиж ирсэн хүмүүс олноороо Сонгинохайрхан дүүрэгт суурьшдаг учраас тэр хэрээр эмнэлгүүдийн ачаалал их байдаг тул цэцэрлэг, эмнэлгүүдийн засварт шаардагдах хөрөнгийг гурван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж болдоггүй юм уу гэж байлаа. Харин Сайд С.Ламбаа “Улаанбаатар хотын эмнэлгүүдийн засварт зориулж нэг тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Тэр нь хотын даргын багц руу хуваарилагдсан. Орон нутгийн эмнэлгүүдэд 8 тэрбум нь зарцуулагдана. Засварын мөнгийг сайдын зүгээс нэмэгдүүлэх боломжгүй” гэлээ.

 
Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж