Дуулиант хэргүүдийн эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Дуулиант хэргүүдийн эргэн тойронд

Ээж, ааваа, эхнэр хүүхдээ хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, хувийн өс хонзонгоор гэр бүлийнхнээ хоморголон устгасан гэх онц ноцтой гэмт хэргүүд олон нийтийг цочирдуулах нь олширчээ. Мөн төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргүүдийн дуулиан ч ойрын өдрүүдэд намжсангүй. Энэ төрлийн гэмт хэргийг олон нийт жигшин зэвүүцээд өнгөрдөг ч нөгөө талаар хууль хяналтын  байгууллага хэрхэн шалгаж, буруутай этгээдэд ямар хариуцлага хүлээлгэж байгаа бол гэх асуулт хариулт нэхсээр байдаг. Тиймээс бид онц ноцтой дараах хэргүүдийг шийдвэрлэх явц ямар шатандаа яваа талаар эргэн сануулж байна.

“Анод”-ын гэх 192 хуудас хавтаст хэрэг мөрдөн байцаалтад буцлаа

“Анод”-ын гэх тодотголтой хэрэг  шийдэгдэх нь байтугай хэдэнтээ нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа. Дарга нарыг нь хорьж цагдсан ч эрүүл мэндийн байдал, бусад шалтгаанаар батлан даалтад гаргасан уг хэргийг УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж дуусаад, нийслэлийн Прокурорын хяналтад шилжүүлээд байсан юм. Тэгвэл хуурамч хувьцаа гарган, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон “Анод” банкны захирлуудад холбогдох хэргийг  нийслэлийн Прокурорын газраас өчигдөр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Учир нь банкнаас зээлдэгчдийн зээлийн нөхцөл, барьцаа хөрөнгийн хэмжээ ямар байсныг  шалгах шаардлагатай гэж үзсэн юм байна.  “Анод”-ын гэх тодотголтой энэхүү хэрэгт  Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын албан тушаалтнууд яллагдагчаар татагдаад  байгаа.  Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4  иргэдэд хувьдаа  борлуулж, мөнгө залилан, хувьдаа ашигласан,  150.3  буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгаж байгаа. 125 хавтас бүхий уг хэрэгт Н.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Д.Нямтайван нарын  гурван прокурор хяналт тавьж байгаа юм. Тус банк дампуурсны улмаас хохирсон гэх 1200  гаруй хүний эрх ашиг өнөөдрийг хүртэл зөрчигдсөн гэгдэж байгаа ч тэдний  олон сая төгрөгийн хохирлыг хэн барагдуулах нь тодорхойгүй байна.

УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болно гэв үү? 

УИХ-ын гишүүн Х.Наранхүүг 2000-2007 онд Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан  гэх үндэслэлээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Хамгийн сүүлийн мэдээллээр АТГ-т шалгаж байсан уг хэргийг нийслэлийн Прокурорын газраас УМБГ-ын тавдугаар хэлтэст харьяалал тогтоон, шилжүүлжээ. Хэрэгт хярьяалал тогтоосон ч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Төрийн албан хаагч албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх хэрэгт тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан, одоогийн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг хамтран оролцсон байж болзошгүй  хэмээн  гэрчээр дуудсан ч хангалттай нотлох баримт олдоогүй гэдэг. Зарим эх сурвалж “Х.Наранхүү гишүүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэх мэдээллийг өгч байгаа ч албаны хүмүүс үүнийг үгүйсгэж байна. Харин гишүүнийг тойрсон энэхүү мэдээлэлд Х.Наранхүү “Авлигатай тэмцэх газрын зүгээс хэрэглээнд байсан машинаар хүн шагнасан нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан учир буруу гэж үзэж байгаа. Хэрэв хуулийн байгууллагад эргэлзээ байгаа бол шалгах ёстой л асуудал. Миний хувьд үүнд эмзэглээд байгаа зүйл байхгүй. Гэхдээ уг асуудлыг удааж, улстөржүүлээд байх хэрэггүй. Үүнээс болж хэвлэл мэдээллээр зөв, буруу янз бүрий зүйл бичих юм. Эдгээр  мэдээлэл нь хувийн амьдралд нэлээд дарамттай байдаг. Өмнө нь иймэрхүү зүйл сонсож байгаагүй учраас. Тиймээс энэ асуудлаа хурдан шалгаж, буруутай, буруугүйг нь тогтоогоод өгөөсэй л гэж бодож байна” хэмээн  байр сууриа илэрхийлээд байгаа билээ.  

“Зоос”-ын хэрэг хоёр салж, нэг нь мөрдөн байцаалтад буцав

“Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийн  анхан шатны шүүх хурал  өнгөрсөн даваа гаригт Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн.  Учир нь  дахин шинжээч томилох, уг хэрэгт холбогдуулан өөр хүнд эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шалгах, компанийн хөрөнгийг дансандаа  байршуулсан нь зөв эсэхийг Монголбанкаар гаргуулах зэрэг асуудлыг шалгах шаардлагатай гэж үзсэн юм. Мөн л элдэв шалтгаанаар шүүхээр эцэслэн шийдэгддэггүй энэ хэргийг хурдан шийдэхийн тулд  тусгаарласан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгө завшиж,  их хэмжээний хохирол учруулсан, 233.2 буюу  Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нар болоод “Зоос” банкийг дампууруулсан гэх хэрэгт  холбогдсон тус банкны захирал асан Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр нарын хэргийг тус тусад нь шийдэх боломжтой гэж үзсэн юм. Мөн л олон хохирогчтой энэ хэргийн холбогдогчид бүгд гадуур шалгагдаж, чөлөөтэй алхаж яваа. Энэ бүхэнд хууль хяналтын байгууллагынхан “Олон хохирогч, холбогдогчтой, олон хуудас бүхий хавтас хэрэг учир шалгах зүйл дуусаагүй байна” гэх үгээр ам тагласаар байна.


Дөрвөн хүний аминд хүрсэн С.Эрдэнэбилэгийн хэрэг удахгүй шүүхэд ирнэ

Хүн амь, хүчин, танхайн хэрэгт холбогдоод батлан даалтад байх үедээ  нэг гэр бүлийн гурван хүнийг хүйтэн зэвсэг хэрэглэн, онц хэрцгийгээр хөнөөсөн гэх С.Эрдэнэбилэгийн хэрэг олон нийтийг ихээр цочирдуулсан. Түүний өмнө нь үйлдсэн гэх хэрэг нь шийдэгдээгүй байхад дахин өөр хэрэгт холбогдсон тул хэргийг нэгтгэн шалгаж, шийдвэрлэхээр болсон юм. Дээрх онц ноцтой хэргийг УМБГ-ын онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж дуусаад Прокурорын хяналтад шилжүүлээд байсан бол хяналтын прокурор н.Мөнхбаатар хэрэгт харьяалал тогтоолгохоор нийслэлийн шүүхэд  саяхан шилжүүлсэн мэдээлэл байна. С.Эрдэнэбилэг гэгч нь Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх III  байранд амьдардаг Ү, М, Б гэх аав, ээж, охин гурвыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг өнгөрсөн наймдугаар сарын 26-нд  үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад нотлох баримтаар тогтоогдоод байгаа. Энэ хүн өмнө нь 2009 онд хүн амь, хүчин, танхайн хэрэгт яллагдагчаар татагдаад батлан даалтад  байх хугацаандаа дахин гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн дээрх хэргийг  үйлдсэн юм. С.Эрдэнэбилэгийг эрүүгийн хуулийн 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16 дугаар зүйлд зааснаар буюу хүний амь насыг санаатай, онц хэрцгийгээр хөнөөсөн, дээрх хэргийг давтан үйлдсэн, эрүүгийн хуулийн 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1-т зааснаар буюу хүчин, дээрэм, танхайн хэргийг үйлдсэн гэх  хэрэгт буруутгаж байгаа. Хэргийг удахгүй шүүхэд шилжүүлж, гэмт этгээдэд  хуулийн хариуцлага ногдуулах биз ээ.

Найман настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн Н.Мөнх-Оргилыг энэ сарын 8-нд шүүнэ

Наймхан настай, цэцэг цэврүү шиг охиныг хүчирхийлж, хэргийн ул мөрөө баллахын тулд  амь насыг нь хороон, мөчилж, цогцсыг нь цүнхэнд нь хийж хаясан онц ноцтой хэрэг  өнгөрсөн 2009 онд Хөвсгөл аймагт гарсан юм. Гэвч  аймшигт хэргийг үйлдсэн этгээдэд өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй байгаа. Хэргийг үйлдсэн гэх Н.Мөнх-Оргил  хоёр шатны шүүхээс цаазын ял сонссон ч давж заалдсаар байгаа юм. Дээд шүүх энэ хэргийг өнгөрөгч тавдугаар сард хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Ингээд нэмэлт мөрдөн  байцаалтын ажиллагаа хагас жил шахам үргэлжилж, хэргийг шүүхэд шилжүүлээд буй. Хэргийн анхан шатны шүүх хурал аравдугаар сарын 27-ны өдөр болох байсан ч Н.Мөнх-Оргилын өмгөөлөгч хэрэгтэй танилцаж амжаагүй гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулаад байгаа. Гэхдээ анх зүйлчилсэн зүйл ангиуд огт  өөрчлөгдөөгүй  болохыг  хяналтын прокурор С.Хишигжаргал хэлж буй. Тэгэхээр Н.Мөнх-Оргилд  өмнө нь оноосон цаазын ял төлөвлөх  магадлал өндөр гэж үзэж болохоор. Төрсөн охиноо бусдын гарт онц хэрцгийгээр алдсан ээж, аав сэтгэл санааны хүнд цохилтоос одоо ч гарч чадахгүй байгаа хэмээн ярьсан байдаг. Хэдийгээр Н.Мөнх-Оргил гэгчийг энэ хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад нотлох баримтаар тогтоосон гэдэг ч тэрбээр өнөөдрийг хүртэл хэргээ хүлээхгүй байгаа юм. Ямартай ч Н.Мөнх-Оргилыг арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд дахин шүүх ёстой. Хэргийг хэрхэн шийдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа нь лавтай. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж