
Зөвлөлдөх уулзалтаар монгол-казахстаны консулын өмнөх зөвлөлдөх уулзалтын тохиролцооны биелэлтийн байдлыг дүгнэж, цаашид хамтран ажиллах өргөн хүрээтэй асуудлаар зөвлөлдөв. Тухайлбал, иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон эрх зүйн орчинг бэхжүүлэх зорилгоор Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд иргэний харъяаллаас гарах асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хэлэлцээрийг тохиролцож үзэглэх, гарын үсэг зурахад бэлэн болгов. Түүнчилэн цаашид хоёрдмол харъяаллын асуудлыг гаргахгүй байх үүднээс хоёр талын хооронд мэдээлэл тогтмол солилцож байх тухай баримт бичгийг байгуулахаар тохиролцов. Мөн ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр байгуулах асуудлаар санал солилцож, хоёр улсын хооронд боловсролын баримт бичгүүдийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулах, хоёр улсын хооронд шууд нислэг хийхэд хоёр ГХЯ-ны консулын газрууд дэмжлэг үзүүлэх талаар тохиролцов. Хоёр улсын хооронд хоёрдмол харъяалал үүсэх явдлыг сэрэмжлэх асуудлаархи монгол-казахстаны Ажлын хэсгийн ээлжит уулзалтыг ойрын үед зохион байгуулахаар боллоо.
Хоёр орны хооронд харилцаа, хамтын ажиллагааны болон консулын харилцааны асуудлыг хэлэлцдэг уламжлал болон тогтсон энэхүү механизмыг цаашид үргэлжлүүлэхээр тохиролцов.