Тэтгэврийн зөрүүг арилгахад сард 60 тэрбум шаардана

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зөрүүг арилгахад сард 60 тэрбум шаардана

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл,  шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн суурь тэтгэврийн тухай болон энэхүү төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн дагавар хуулиудыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын хувьд 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг багасгах зорилгоор Нийгмийн суурь тэтгэврийн тогтолцоог бий болгохоор зорьжээ. Ингэхдээ 1995 оноос өмнө болон 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон ижил ажил мэргэжил эрхэлж байсан, ажилласан жил нь адил хэмжээнд байгаа ахмадуудын тэтгэврийн зөрүүг багасгахад энэхүү хуулийн үйлчлэл ихээхэн нөлөө үзүүлэх аж. Нөгөөтэйгүүр, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч байгаа иргэдийн хувьд бүрэн тэтгэвэр авах нөхцөл бололцоо үүсэх юм байна. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэхүү Нийгмийн суурь тэтгэврийн тогтолцоо нь тэтгэврийн зөрүүг арилгах дорвитой арга хэмжээ болж чадахгүй” хэмээн үзлээ. Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандигийн тайлбараар бол тэтгэврийн зөрүү юунаас үүссэнд судалгаа хийхэд гол шалтгаан нь цалин, тэтгэврийн нэмэгдэл, инфляци, үнийн өсөлттэй холбоотой байсан аж. Тиймээс энэ бүхнийг тооцон үзэж, суурь тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлэх нь зөрүүг бууруулах хамгийн зөв алхам болно гэж үзсэн юм байна.

Өнөөдрийн байдлаар 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон 40 мянган ахмад бий бол 1995 оноос хойш тэтгэвэрт суусан 62 мянган иргэн байдаг аж. Хэрвээ суурь тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлэхгүй бол тэтгэврийн зөрүүг багасгах нэрийн дор нэг сард зөвхөн 60 тэрбум төгрөг шаардана. Жилээр тооцохоор энэ бол маш их хэмжээний хөрөнгө зарцуулахаас аргагүйд хүрнэ. Жил бүр тэтгэвэр авагчдын тоо нэмэгддэг. Тэгээд ч тэтгэврийн зөрүүг багасгаж чадахгүй, ийм учраас суурь тогтолцоо илүү ач холбогдолтой гэж үзсэн юм байна.

Ямартай ч суурь тэтгэврийн тогтолцоогоор бол 105000 төгрөгийн тэтгэвэр авч буй иргэдийн хувьд 75000 төгрөг нэмж авах гэнэ. Ингэснээр тэтгэвэр нь бүрэн тэтгэвэр рүү орж ирэх юм байна. Эл төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гар өргөн дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж тогтлоо. Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж