
Бие даасан уран бүтээлдээ шамдан орсон “Люмино” хамтлагийн дуучин Бажи ойр ойрхон огцом тэсрэлтүүд хийсээр байна. Түүний “Universe best songs”-ийн Цэлмүүнтэй хамтран дуулсан “Хол зай” дуу мэндэлсэн даруйдаа хитүүдийг тэргүүлж, саяхан болсон Монголын рок, попынхны уран бүтээлийн чансааг тодорхойлдог “Mongolian video music awards” наадмаас олны таашаалд нийцсэн клип шагнал хүртсэн юм. Тэгвэл Бажи дараагийн уран бүтээлээрээ ч тэсрэлт хийж чадлаа. Тэрбээр “Facebook love” буюу “Фэйсбүүкийн хайр” гэсэн өвөрмөц нэртэй дууг “Опозит” хамтлагийн Гантулгатай хамтран дуулсан байна. Дууны үгийг “Люмино” хамтлагийн Анхаа, аяыг Бажи өөрөө бичжээ. Нэрнээсээ эхлээд л олны анхаарлыг татах болсон “Фэйсбүүкийн хайр” хэдхэн хоногийн дотор фм, радиогийн хамгийн эрэлттэй дуугаар тодроод байгаа сурагтай. Дашрамд сонирхуулахад, Бажи тун удахгүй B.A.J.I нэртэй анхны бие даасан цомгоо гаргах юм байна. Цомогт орох бүх дууны аяыг Бажи өөрөө зохиожээ.
Т.Маша