Засгийн газар 10 тэрбум ам.долларын эрэлд гарна

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Засгийн газар 10 тэрбум ам.долларын эрэлд гарна

Сайншандын аж үйлдвэрийн пар­кийн ерөнхий дүр зургийг Засгийн газраас “зурсан” байна. Ерөнхий сайд ажлын хэсгийг ахалжээ. Ирээдүйд Монголын ашигт малтмалыг бо­ловс­руулах төв цэг болох ёстой Сайншандын ирээдүйн дүр төрхийг уншигч танд сонирхуулъя. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо бүтээн байгуулалтынх нь явцад ерөнхий хяналт тавин ажиллах ёстой тус цог­цолборт нийтдээ 10 гаруй тэр­бум ам.долларын санхүүжилт хэ­рэг­тэй гэсэн урьдчилсан тооцоо гар­гасан байгаа. Дээрх хэмжээний сан­хүүжилтээр кокосын, хар төмөрлөгийн, нүүрс хийжүүлэх, зэс хайлуулах, ба­рилгын материалын, газрын тос боловсруулсан гэсэн үндсэн чиглэл бүхий үйлдвэр байгуулах ёстой.

Ингэснээр төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлж буй нэг цэ­гийн үйлдвэрлэлийн цогцолбор ашиг­лалтад орно гэсэн үг. Мөн Таван­толгойгоос Сайншанд, Сайншандаас Чой­балсангийн чиглэлд төмөр зам барих замаар дэд бүтцийн хол­болт хийх ажил цааснаас бүтээн бай­гуу­лалт руу шилжих аж. Харин сан­хүүжилтийг нь цэвэр хувийн салбараас гаргах сонирхолтой гэд­гээ Засгийн газар нуухгүй байгаа. Мэдээж хөрөнгө оруулагчдын хувьд ч “Эрдэнэс Тавантолгой” ком­панид хувь эзэмших сонирхлоо идэвх­тэй илэрхийлж буйтайгаа адил Сайншандын аж үйлдвэрийн паркт өөрийн гэсэн “голомт” босгох зорилготой гэдгээ ойрын хугацаанд сануулж эхэлсэн байна.

Үүний нэг жишээ нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийн сонгон шалга­руулалтын бүртгэл. Олон улсын хуулийн болон дотоодын хамтар­сан зөвлөх үйлчилгээний ком­панийн сонгон шалгаруулалтад “BNP Paribas”, “Hogan Lovells” компани урьдчилсан байдлаар саналаа ирүүлсэн гэнэ. Энэ хоёр компанид дотоодын хөрөнгө оруу­лагчид тодорхой хувь эзэмшиж байгаагаараа онцлогтой.
Харин ерөнхий зөвлөхийн сонгон шалгаруулалтын тендерт “Bechtel”, “Flour”, “Worley Parsons”, “Hatch” гэ­сэн дөрвөн компани өрсөлдөж байгаа аж. 

Дээрх өрсөлдөгчдөөс Засгийн газар хамгийн оновчтой гэж үзсэн хувилбараа сонгосноор ойрын зур­гаан сарын дотор Сайншанд аж үйлд­вэрийн паркийн цогцолбор төслийн мастер төлөвлөгөөг гаргаж, энэ дагуу боловсруулсан Техник, эдийн засгийн үндэслэлийг, үйлдвэр байгуулах гэрээний хувил­барын хамтаар ажлын хэсэг болон зөвлөлд танилцуулах аж.

Хэрэв энэ ажил нааштайгаар ураг­шилж чадвал Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2011-2021 оны хооронд 45 хувьд хүрэх гэнэ. Мэдээж цаасан дээр бичсэн мөрөөдлийн хөтөлбөр бодит ажил болж, үр дүн нь манай улсын баялаг болж буух тохиолдолд гэдгийг мартаж болохгүй биз.  Дээр нь, Засгийн газар эрэлд гарч, 10 тэрбум ам.доллараа ашигтай нөхцөлөөр олж чадвал шүү дээ.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж