Израйль еврейн сууринг өргөжүүлэхээр яарч байна

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Израйль еврейн сууринг өргөжүүлэхээр яарч байна

Палестин ЮНЕСКО-ийн  гишүүн болсонтой зэрэгцэн Израйль Йорданы баруун эрэг болон Йерусалим дахь еврейн сууринг байгуулах ажлыг яаравчлуулах болно гэж тус улсын албаны хүн мэдэгджээ. НҮБ-ын соёл шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО Палестиныг бүрэн эрхт гишүүнээ гэж зарласны дараа Израйль дээрх мэдэгдлийг гаргасан байна. Үүний хариуд Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Израйлийн энэ алхам энхийн хэлэлцээг үгүй хийнэ гэж хэлжээ. Палестин бие даасан тусгаар улс болохоо хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох хүсэлтээ өнгөрсөн есдүгээр сард Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд өргөн барьсан юм. Палестиныг НҮБ-ын гишүүн болохыг хамгийн их эсэргүүцэж буй орнууд бол АНУ түүний холбоотон Израйль билээ. Хэдийгээр Палестин НҮБ-ын соёл шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-ийн гишүүн болсон ч энэ нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэхээр өөр асуудал юм. ЮНЕСКО Палестиныг гишүүнээр элсүүлснийг Израйлийн Засгийн газар “эмгэнэлт явдал” гэж үзэж байна. Сүүлийн хагас зуун жил  газар нутгийн маргаанаас болж, сөргөлдөж буй Израйль, Палестин өнгөрсөн сард улс төрийн хоригдлуудыг солилцсон бөгөөд энхийн хэлэлцээ байгуулахад бэлэн гэдгээ аль аль нь мэдэгдэж байсан юм. Харин Палестин ЮНЕСКО-ийн гишүүн болж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох зорилгод алхам урагшилсан нь Израйльчуудыг ийнхүү хариу арга хэмжээ авахад хүргэж буй бололтой. Израйлийн Ерөнхий сайд Беньямин Натаньяху Йорданы баруун эрэг болон Йерусалим дахь еврейн сууринг өргөжүүлж, 2000 айлын орон сууц барих ажлыг яаравчлуулах шийдвэр гаргасан байна. Тус улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч "Палестинчууд ийм арга хэрэглэж цагаа үрэх хэрэггүй. Үүний оронд хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Израйль Палестины энхийн хэлэлцээ байгуулах оролдлого жилийн өмнө зогссон юм. Палестинчууд Израйлийг Палестины газар нутагт еврейн суурин байгуулахаа зогсоохыг шаардсаар байгаа боловч тэд эсэргүүцсэн хэвээр байгаа юм. Газын зурвас дахь еврейн сууринд 500,000 гаруй еврейчүүд амьдарч байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж