Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Бид долоон тэрбум

НҮБ-ын мэдээгээр энэ онд дэлхийн  хүн амын 60 хувь нь Азид, 15 хувь нь Африкт амьдарч байна. Эдгээр бүс нутгууд XXI зууны турш хүн амын хамгийн өндөр нягтралтай байна. Фото: Espen Rasmussen/Panos Pictures/agency.photographer.ru

Энэ даваа гаригт Дэлхийд долоон тэрбум дахь хүн төржээ. НҮБ-ын дүгнэлтээр 2100 он гэхэд дэлхийн хүн ам 10,1 тэрбум болно. Бид  багтах уу?  Оросууд дахиад л дэлхийд тэргүүлэв. Өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээлэл “Дэлхийн долоо дахь тэрбумын хүн Калининградад төрнө” гэж зарласан байв. Калининград хотноо аравдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө төрсөн хүүхдэд долоо дахь тэрбумын хүнтэт цолыг олгоно гэжээ. Та одоо энэ өгүүллийг уншиж байх зуур долоо дахь тэрбумын хүн төрсөн байгаа. Хэрэв цэвэр статистикаар бол тэр нь ази буюу африк байх ёстой. НҮБ-ын мэдээгээр хамгийн олон хүн амтай нутаг нь энэ зуунд Ази, Африк болох бөгөөд National Geographic сэтгүүл дэлхийн хүмүүсийн ердийн төлөөлөгч ямар байх төсөөлөл гаргаж үзэхэд тэр нь 28 настай, жилийн 12 мянган ам.долларын орлоготой хятад залуу байх гэнэ. Ер нь бол энэ зууны сүүлчээр Азийг Африк гүйцэн түрүүлэх бөгөөд тэр үеэр 3,6 тэрбум хүн Африкт чихцэлдэн байх гэнэ. Европын хүн ам үргэлжлэн өсч, 2025 он гэхэд 740 сая болсон байна.

Дэлхийн хүн ам дандаа өсөлттэй байхгүй гэдэг парадокс ч бас бий. Хүн амын өсөлт тодорхой нэгэн үед зогсоод дараа нь хорогдож эхлэнэ гэж бие даасан шинжээчид болон НҮБ дүгнэж байгаа. Харин хэзээ гэдэг талаар мэргэжилтнүүд тохиролцож чадахгүй л байна. НҮБ-ын дүгнэлтээр Европт 2025 оноос хойш, Азид 2052 оноос хойш хүн амын өсөлт унах ажээ. Зарим мэргэжилтнүүд энэ талаар хэтэрхий хатуу хэлж байгаа. Өнөөдөр хүмүүсийн 42 хувь нь хэт бага төрөлттэй орнуудад амьдарч байгаагаас гадна долоон тэрбум хүн нь дэлхийн хувьд бараг илүүдэл гэж тэд үзэж байна. Дэлхийн хүн ам дахиад бүтэн зууны турш өсөх болно гэсэн дүгнэлт  бас байдаг. Тэр нь бол хүн амын даац хэтрэхэд дагалдах өлсгөлөн, ундааны усны хомсдол, газар нутаг ба баялгийн төлөөх дайн тулаан үргэлжилнэ гэсэн үг болж байна…

Дэлхийн хамгийн том нутаг дэвсгэртэй Оросын хувьд тэд одоогоор Барууны орнуудын хэмжээнд буюу нэг эмэгтэйн дундаж төрөлт нь 1,5 болж байгаа. Ийм үзүүлэлт Итали, Грект бий бөгөөд харин Австри, Польш тэднээс хоцорч байна. Харин Оросын ирээдүйн зураглал тайвшрахаар биш. Орос хүний тоо жилээс жилд цөөрөх болно.

Оросын Засгийн газар хүн ам зүйн бодлогоо зарлаж байсан 2009 онд тэд жил бүр 250 мянган хүнээ алдаж байжээ. Ийм байдал буюу жамын дагуух хохирол нь 1994 онд 870 мянган хүн болоод байв. Дараа нь гэнэт хүн амын өсөлт бүртгэгдсэн байлаа. Үнэн хэрэгтээ тэр жил цагаачдын тоо эрс нэмэгдсэн байжээ. Барагцаалбал 978 мянгад хүрээд байсан цагаачид асуудлыг шийдэж чадаагүй. Шинжээчдийн бодит дүгнэлт нь өнөөгийн 142 сая хүн 2050 онд 80 саяд хүртлээ буурна гэж хэлж байна.

Хэрэв өнөөдөр тэдэнд үе солигдолтоо барьж байхад нь нэг эмэгтэйд 2,2 төрөлт байх ёстой бол 2025 он гэхэд нэг эмэгтэйд гурван төрөлт байх хэрэгтэй болно. Гэтэл Орост төрөх насны эмэгтэйчүүдийн тоо маш доогуур байгаа нь тэдний хамгийн том аюул юм.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж