Гэр хороолол гэрэлтүүлэгтэй болж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Гэр хороолол гэрэлтүүлэгтэй болж байна

Оройн 17.00 цагийн орчимд Шархадны эцсийн буудал хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Эцсийн ахуйн үйлчигээний төвийн дэргэдүүр гараад  дээш өгсөн алхаж явтал 50 литрийн бидонтой усыг төмөр тэргэн дээр түрэн гүйх найм орчим насны жаал хажуугаар дайрах шахам зөрж өнгөрөв. Эргэж хараад түүнийг ажиглавал усаа гэр рүүгээ зөөх замаараа гэрийнхээ хажууханд нь байрлах тоглоомын талбайд “түрхэн” тоглох гэж буй нь илт байлаа. Бужигналдан шуугилдах  бяцхан хүүхдүүд савлуур болон гулсуур дээр тоглоход арай том хүүхдүүд нь хажуугийн шийдэнд сагсан бөмбөг шиднэ. Тэд найз нөхөдтэйгээ тоглож наадахдаа хамгаас жаргалтай харагдах бөгөөд цариад нь баясал тодорч байлаа.

Гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай бараг байдаггүй нь үнэн. Ойрын жилүүдэд л иргэдийн шахалт хороодын Засаг дарга нарын санаачилгаар хэд хэдэн газарт тоглоомын “цэцэрлэг” байгуулж байна хэмээн сонсогдох болсон. Харин Шархаданд байгуулсан хүүхдийн тоглоомын талбай бол энэ хавьдаа “анхных”. Тийм ч болохоор хүүхэд, багачууд сонирхон олноороо цуглах болсон нь энэ. Гэр хорооллын хүүхдүүдэд ч гэсэн орон сууцтай айлын хүүхдүүд шиг тохилог орчинд амьдарч, тоглох хүсэл нууцхан бий…. 

Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ жил олон “бүтээн байгуулалт” өрнөж байгаа аж. Орой үдэш болоход гэр хорооллын гудамж талбай тоотой хэдхэн гэрэлтүүлэгтэй байдаг. Үүнээс үүдээд харанхуй гудманд гэмт хэргийн золиос болох иргэд цөөнгүй ба айж мэгдсээр гэртээ эсэн мэнд орвол тэдний “аз”. Харин энэ жилээс НҮБ-ХАБИТАТ, Япон улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд “Оршин суугчдын оролцоотой Улаанбаатар хотын гэр хорооллын нөхцөлийг сайжруулах” иргэдийн амьдрах нөхцөл, дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд 1, 2, 3, 5, 6, 7-р хэсгүүдийг хамруулан 60 мянган долларын санхүүжилтээр тохижилтын ажил хийсэн байна. 5-7 дугаар гудамжинд 10 метрийн зайтай гэрлийн шонгуудыг байрлуулжээ. Тус хорооны иргэн Ч.Цэнгэл “Манай энд гэрэлтүүлэг тавьсан нь нүдээ олсон ажил болж байна. Бид ажлаа тараад гэгээ тасарсан үед гэртээ ирдэг учир харанхуйд эмэгтэйчүүд нь айж, эмээн хэцүүхэн л явдаг. Харин одоо гудамжинд маань гэрэлтүүлэг тавьсан болохоор айдастай явах нь багассан шүү” гэв.

Гэрэлтүүлгийн “ач тус” гэр хорооллынхонд бүгдэд нь хэрэгтэй байна. Япон улс ч тухайн үедээ гэмт хэргийн тоогоо бодитой бууруулахын тулд хэрэгжүүлсэн хамгийн гол ажил нь гэрэлтүүлэг байсан аж. Хотынхоо бүх дүүргийн гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгосон  нь үр дүнгээ өгчээ.

 Шархад-Улиастайг холбосон 6,6 км хатуу хучилттай авто замыг тавих гэнэ. Үүнийг Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр байгуулах аж. Гэр хорооллын иргэд гэхээр л тоос шороо, чулуун дундуур гутлаа зулгалан явж байх ёстой биш дээ. Зарим гудамжуудад явган хүний засмал зам болон “жижиг” гүүрийг  тавьсан нь харваас тааламжтай. Басхүү нийслэлийн жишиг эцсийн буудал болох зорилгоор автобусны буудлын голын хэсэгт жолооч, кондуктор нарын амрах байрыг барьж байгуулж байгаагаа БЗД-ийн есдүгээр хорооны зохион байгуулагч Л.Энхтуул хэлж байлаа.

Нийслэл хотын 80 хувийг эзлэн орших гэр хорооллын өнгө төрх ч гэсэн өдрөөс өдөрт бага багаар хөгжсөөр л байна.

Г.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж