Улаан, шарын увайгүй тулаан

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Улаан, шарын увайгүй тулаан

Бурханы шавь лам нарын Үйлдвэрчний
эвлэл байгуулах тухай ярихыг өчигдөр сонсоод гайхлаа. Нийгмийн даатгал
төлмөөр байна гэдэг нь бурханы шавь нар тэтгэвэрт гарна гэсэн үг.
Тэгэхээр буян үйлдэхийг албан ёсоор стандартчилж, тэр­­хүү стандартаар
хуваргууд цалинжаад, цалингаасаа нийг­мийг даатгал төлөх юм гэж ойл­гоод
лавлавал,

-Бид ерөөсөө нийгмийн даатгалд хамрагддаггүй. Хий­дүү­дийн лам нар
нийгмийн даатгал төлөх боломжтой. Тэд­ний эрх ашгийг нэгтгэх үүднээс лам
хуваргуудыг нэгтгэж үйлдвэрчний эвлэл байгуулна… гэж байна. Бүр
шоконд орох шахлаа. Нийгмийн даатгалыг төлж, хэзээ нэгэн цагт лам нар
бурхан шүтэхээ “байж” тэтгэвэрт гарах нь. Гоё ч юм уу. Тэгээд орлогын
албан татвар бас өгөх  болж таарна. Тэгвэл улсын хэмжээнд буй 3000 орчим
лам, хуваргаас төсөвт овоо мөнгө цугларч магадгүй нь гэж бодоод жаахан
юм асуух гэсэн ч шаг шуг хийгээд зарим нь миний үгийг сонссонгүй гэсээр
гарч одлоо. 

Тэдгээр хүмүүс өнөөдөр болох Монголын бурхан шаш­­ны тэргүүнээр IX Богд
Жавзун­дамба хутагтыг залах ёслолыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж өчигдөр
хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулсан юм.  Мон­го­лын бурханы
ша­шинт­ны тө­вийн тэргүүнээр  IX Богдыг за­лах ёслолыг арваннэгдүгээр
сарын 2-нд үйлдэнэ гэж өдгөө­гийн тэргүүн хамба лам Д.Чойжамц мэдэгдээд
байсан билээ. Харин нөгөө хэсэг лам нь үүнийг эсэргүүцэж байгаа юм
байна.

Намаас нам төрж, нэрээ солиод хоёр тийшээ хардаг үзэгдэл хуваргууд ч
нөлөөлжээ. Одоо Монголын бурхан шашинт­ны шинэ, хуучин хоёр төв байгаа
юм байна. “Их хүрээ” хийдийн тэргүүн хамба З.Санждорж тэргүүтнүүд бол
шинэ төвийн шинэчлэгчид гээд ойлгоход нэг их буруудахгүй байх. Тэд
хэвлэлийн хурал хийлгэх үеэрээ “Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн
Д.Чойжамц энэ үйлдлийг хийж байгаа нь огтоос утгагүй” гэж хэлнэ лээ.
Учир нь, Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн лам нарын зөвлөлөөр энэ
асуудлыг шийдэх ёстой байтал тэдний саналыг ч аваагүй гэсэн. Ингэснээр
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг зөрчсөн гэдгийг бас хэлсэн юм.
Тиймээс IX Богд Жавзундамба хутагтыг Монголын бурханы шашинтны
тэргүүнээр сонгох нь буруу гэж үзэн Захиргааны хэргийн шүүхэд гомдол
гаргажээ.Тэд IX Богдыг шашны тэргүүн болгох нь Төр, сүм хийдийн
харилцааны тухай хуулийн “Сүм хийд нь тухайн шашны уламжлалт ёс дэгийг
тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд Монголын ард түмний
уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүн­­лэг бус үйл ажиллагаа
явуу­лахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.Иймээс
Монголд анх удаа шүүх хуваргуудын зөв бурууг шүүнэ. Баргийн шүүгч халгах
хэрэг нэгээр нэмэгдлээ.

Шүүгч нар ч сүсэгтнүүд шүү дээ. Маргалдагч хоёр тал нь бас хуваргууд шүү
дээ. Нэг нь шарын, нөгөө нь улааны урсгалтай. Шүүх л болсон хойно аль
нэг талынх нь талд шийдвэрлэж л таараа. Ялагдагч тал түүний дараа
“барцадтай” шүүгчийн төлөө хурал, номоо уншчихвий гэхээс айж л байгаа, 
хүн л юм чинь.
Хачирхалтай нь, IX Богдыг Монголын бурханы шашинтны тэргүүн болгох
шийдвэрийг 1999 оны долдугаар сарын 30-нд гарсан гэнэ ээ. Бурханы юм
болохоор ил болгох цаг хугацаатай байдаг байлгүй. Гэтэл үүнийгээ 11
жилийн дараа танилцуулсан нь заримыг нь цус харвуулах шахсан юм байна.
Өнгөрсөн жил байгуулагдсан МАН 90 жилийн өмнө байгуулагдсан гээд байгаа
шиг л. Эртнээс эрх мэдлээ хадгалж үлдэхийг хичээж, багагүй хүмүүсийн
дургүйцлийг “номын хүчээр дарж явсан” гэх муу үг олонтаа сонссон
Д.Чойжамц хамба өөрийн байр сууриасаа ингэж амархан ховхрон тэргүүний
сэнтийгээ шилжүүлэх болсон нь ч бас л сонирхолтой. Үүний цаана өөр санаа
агуулсан гэж З.Санждорж тэргүүтнүүд сэжиглэж байна лээ.

Монголын Бурхан шашны тэргүүн хамба лам Д.Чойжамц харин “Манай улс өмнө
нь бурхан шашин болоод төрөө найман Богдоор удирдуулж байсан. Одоо
багшийгаа залах сайхан өдөр болох гэж байна. IX Богд Жавзундамба
хутагтад зориулж Даншиг өргөх ёслол болно. Үүнд сүсэгтэн олон та бүхнийг
хүрэлцэн ирэхийг урьж байна"  гэх юм. Ер нь манайхан хачин. Бурханы
шашинтны төвд нь хоёр өөр урсгалыг шүтдэг лам нар нийлээд ном уншдаг нь
гадныхныг бол гайхуулж орхидог.

Далай ламыг үл хүлээн зөвшөөрдөг урсгалыг шүтдэг хэрнээ түүнийг Монголд
ирэхээр сунаж мөргөж буй нь харагддаг. Гэтэл арав гаруй жилийн өмнөөс
Далай лам зарлиг гаргаж Дорж Шүгдэнд мөргөхийг хориглосон талаар
судлаачид хэлдэг. Сүсэгтэн олон байг гэхэд хуваргууд маань үүнийг
мэддэггүй юм билээ. Хориглосонд нь ч, хориглуулсанд нь ч мөргөөд л.
Хоёулангийнх нь зургийг зулныхаа ард тавьж сүсэглэдэг. Гэтэл XIV Далай
лам дэргэдээ дайснаа устгах нийгэмлэг байгуулан Дорж Шүгдэнгийн бага
насны хоёр хувилгааныг хөнөөлгүүлсэн тухай мэдээ ч гарсан. Энэ үүднээс
нь аваад үзвэл манайд Далай ламын дайсан олон бий. Харамсалтай нь, тэд
хэзээч Далай ламыг дайснаа гэж хардаггүйд байгаа юм. Амарбаясгалант хийд
л гэхэд Дорж Шүгдэнгийнх нь төв гэж байгаа. Чойжин ламын сүмд ч Дорж
Шүгдэн нь залраастай. Ингээд бодвол Монголд юу болоод байгааг ойлгоход
бэрх.

Богд ба бид…   

Ер нь бурханы шашинтны улаан, шарын урсгалаас бол монголчууд өөр
хоорондоо хатгаралдан тэр ч бүү хэл биеэ хядаж байсан түүх цөөнгүй бий.
Бидний түүхийн хамгийн том жишээ гэвэл 17 дугаар зуунд энэ мэт явдал
эрчээ авсан байв. 1635-аад оны үеэр Цогт тайж хүчирхэгжиж цэргийн тоо нь
40 мянга хүрсэн гэсэн барагцаа байдаг. Мөн энэ үеэр Ойрдын Хошуутын Гүш
хаан цэргийн хувьд хүчирхэг байсан бөгөөд Түвдийн улааны ба шарын
урсгалуудыг хоорондын тэмцэлд оролцох болсон аж. Гүш хаан V Далай ламын
толгойлсон шарынхныг дэмжсэн бол харин Цогт тайж улааныхныг дэмжин
тэдний хооронд 1637 онд Хөх нуурын хойд эрэг орчим тулалдаан болжээ. Энэ
үймээн мэдээж хэрэг Манжид маш их ашигтай. Шашин хоорондын тэмцлээс
үүдэн монголчууд өөр хоорондоо хагаралдах нь тэдэнд туйлын ашигтай
байсан нь ойлгомжтой. Эцэстээ Монголын хоёр том феодал шашны зөрчлийн
улмаас хоорондоо тулалдан үй олон хүний амийг хөнөөхийн дээр харь гүрний
хараанд орсон гэж ч дүгнэхэд буруудахгүй. Ер нь Түвдүүд монголчуудаас
сэргийлэх гэхдээ Далай ламыг Монголоос тодруулж, бас түүгээрээ дамжуулан
өөрсдийн хэргийг гүйцэлдүүлж байсан түүх олон. Богдуудыг ч ингэж л
ашиглаж байсан.

IX богд Жавзундамба хутагт буюу Жамбалнамдолчойжижанцанын хувьд 1932 онд
Түвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэх газарт төрсөн аж. Түүнийг дөрвөн
настайд нь XIII Далай ламын тамга түшиж байсан Радэн Ринбүүчи, Найчүн
Чойжин нар Халх Монголын наймдугаар Богд Жавзундамбын хойт дүрийн
хувилгаан мөн хэмээн тодруулж байсан аж. Тэрээр 1961 онд БНЭУ-д дүрвэн
гарч Даржаалин, Масури, Мадъяа Парадеш зэрэг газруудад оршин сууж
байгаад Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын тааллаар 1991 онд Дармасала
хотод суурьшжээ. Түүний нас сүүдэр хэдийнэ 80 насыг зооглож байна. Нас
дээр гарснаас гадна цус харваснаас үүдэн биеийн байдал тун тааруу байгаа
аж.

Гандантэгчилэн хийд хэний өмч вэ?

Ингэж асуухаар сүсэгтэн олон гайхаж магадгүй. Д.Чойжамц хамба
Гандантэгчилэн хийдийг улсын бүртгэлд өөрийнхөө нэрээр бүртгүүлсэн
талаар өмнө нь мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, сүсэгтэн олноос булаасан ч
гэж хэлж болно. Үүнийг багагүй хугацаанд ярилцаж, маргалдсаны эцэст нэг
мөр шийджээ. Ингэхдээ Д.Чойжамц хамбын хувийн өмч гэдэг ангиллыг нь
олон нийтийн оролцоотой болгож өөрчилсөн аж. Тиймээс түүний мэдэлд маш
том сүсэг бишрэл өмчлөгдлөө. Харин одоо лам нар нийгмийн даатгалтай
болж, үйлдвэрчний эвлэл байгуулан эрх ашгаа хамгаалахаар болж буй аж.
Өөрөөр хэлбэл, ашгийн төлөө гэдгээ албан ёсоор баталгаажуулах нь. Ийм л
юм болоод байна даа.

Л.Нарантөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж