
Барьцаа хөрөнгөгүй үйлдвэрлэгчид банкуудын шаардлагад бүдэрчээ
Жижиг дунд үйлдвэрүүдэд олгох янз бүрийн зээл төсөл яагаад буцаагдаад байна вэ. 2009 онд гэхэд л жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн журам, төсөл шалгаруулалтад ирүүлсэн төслийг НЗДТГ-ын Үйлдвэрлэлийн хэлтэс дээр төвлөрүүлэн нэг бүрчлэн судалсан байна. Ингэхдээ “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг үндсэн бодлогын баримт бичгээ болгон төслийн зах зээлийн багтаамж, түүхий эдийн нөөц бололцоог харгалзжээ. Мөн төсөл хэрэгжих бодит байдал, хэрэгжүүлэгч байгууллагын бизнесийн болон мэргэжлийн туршлага, эргэн төлөгдөх нөхцөл, бүтээгдэхүүний өртөг, хөрөнгө оруулалтаа нөхөх боломжит хугацаа зэргийг нь шалгаад 1000 гаруй төслөөс 147-г нь буцаасан байна. 2010 онд мөн л 1000 гаруй төслөөс 100 гаруй нь шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар буцаажээ.
Албаны эх сурвалжаас авсан мэдээгээр төрөөс олгож байгаа зээлд нийт жижиг дунд үйлдвэрүүдийн дөнгөж зургаахан хувь нь л хамрагддаг, бусад нь арилжааны банкуудаас зээл хүсдэг байна. Тэгвэл арилжааны банкууд зээл хүсэгчдэд ямар боломж олгодог хийгээд ямар шаардлага тавьдгийг нь сонирхоё. Хаан банк гэхэд л 18-36 сарын хугацаатай, 1,2-1,8 хувийн хүүтэй зээл олгож байгаа гэнэ. Гэхдээ бизнесийн зээл авахыг хүссэн иргэдэд тухайн орон нутагт оршин суугч байх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бөгөөд тухайн бизнесийг 1-ээс доошгүй жил эрхэлсэн зохих туршлагатай байх, бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төдийгүй зээл хүүгийн төлбөрөө эргүүлэн төлөх чадвартай байх, банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх гэсэн шаардлагыг тавьдаг ажээ. Хас банкны тухайд жижиг дунд үйлдвэрлэлд зориулж хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна. “Бичил санхүүгийн хөгжлийн сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан” зэрэг төслүүдийг хэрэгжүүлж байгаа аж. Хамгийн дээд тал нь 20 сая төгрөгийг 24 сарын хугацаатай олгох бөгөөд мөн л барьцаа хөрөнгийг шаардлагад нь хамаатны эгчийн хашаа байшин хүрээгүй юм байх.
За тэгээд, өмнө нь авсан зээлээ гүйцэд төлөөгүй бол дахин зээл авна гэж саналтгүй. Монгол Улсын Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихээр өнгөрсөн онд гэхэд 30 тэрбум төгрөгийг тараасан гэнэ. Төрийн энэхүү зээлд хүссэн хүн бүр хамрагдаж чаддаггүй гэдгийг хөлийнхээ тавхайг эргэтэл гүйсэн хойноо л эгч маань мэдэрсэн гэнэ лээ. Ямар сайндаа л төрийн зээл тусламжид төрд танилтай, хахуульд өгөх мөнгөтэй хүмүүс л хамрагддаг юм билээ хэмээж суухав. Аргаа барсан, асуудлыг яс махандаа л мэдэрсэн хүний үг байх.
Сумын Засаг дарга хэнд зээл олгохыг шийдэх үү?
Монгол Улсын Засгийн газраас 2009 онд нийтдээ 30 тэрбум төгрөгийг нэг хувийн хүүтэйгээр, гурван жилийн хугацаатай олгосон байна. Үүний үр дүнд улсын хэмжээнд 5502 хүн ажлын байртай болсон гэдэг судалгааг Жижиг, дунд үйлдвэрийн газраас гаргасан байдаг. Тэгвэл өнгөрсөн онд мөн л 30 тэрбум төгрөгийг төрөөс жижиг дунд үйлдвэрүүдэд олгосон байна. Арилжааны банкуудаар дамжуулан олгож буй төрийн зээлд хамрагдахын тулд мөн л барьцаа хөрөнгө сайтай байх шаардлага тусгагдаж. Барьцаа хөрөнгөгүйгээр хэн ч мэдээж хэн нэгэнд мөнгөө зээлэхгүй. Нийгэм өөрөө ороо бусгаа болсон цагт барьцаа хөрөнгөгүйгээр мөнгөө зээлнэ гэдэг мөнгөө гээсэнтэй ижилхэн хэрэг. Тиймээс барьцаа хөрөнгөтэй байж зээл нь өөрөө найдвартайд тооцогдох ёстой. Гэхдээ арилжааны банкуудын тавьж байгаа барьцаа хөрөнгөний шаардлага жижиг дунд үйлдвэрүүдийг зээл тусламжид хамрагдах чөдөр болоод байгаа ажээ. 2009, 2010 онд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох зээлийг орон нутагт түлхүү олгосон байна. Тэр тусмаа сумдад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж барьцаа хөрөнгө муу тул аймгийн төв хэсэгт зээлийг голлон олгосон гэнэ.
Жижиг дунд үйлдвэрүүдэд олгох зээлийг хэмжээг 2011 онд эрс өсгөсөн. Энэ жил нийтдээ 150 тэрбум төгрөгийн зээл олгохоор Засгийн газраас бонд гаргасан бөгөөд уг бондыг өнгөрсөн долдугаар сараас эхлэн Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж байгаа юм. Төрөөс олгож буй зээл тусламжийг энэ жил сумдад түлхүү олгох бодлогыг төрөөс баримталж байгаа юм байна. Гэхдээ сумынхны хувьд барьцаа хөрөнгө шаардахгүйгээс зээлийг хэнд олгох, хэнд олгохгүй байх асуудлыг сумын Засаг дарга хариуцах аж. Өөрөөр хэлбэл, сумын Засаг дарга хэнд зээл олгох, хэнд олгохгүй байхыг үзэмжээрээ шийдэх гэнэ. Энэ дагуу сумдын үйлдвэрлэл хөгжүүлэх санг улсын төсөвт суулгаж, нийт 24 тэрбум төгрөгийг 300 гаруй сумдад хуваарилах юм. Гэхдээ тухайн сумын хүн амаас хамаарч зээлийн хэмжээг тогтоох аж. Жишээлбэл, гурван мянган хүнтэй бол 50 сая, таван мянга хүртэл бол 70 сая, зургаан мянгаас дээш бол 90 сая,10 мянгаас дээш буюу аймгийн хэмжээнд 200 сая төгрөгийн эх үүсвэрийг олгохоор болжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн шугамаар жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт 14 тэрбум төгрөг олгох багц бий гэнэ. Гэхдээ зарим хүмүүсийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэлд зориулсан төрийн зээлийн дийлэнхийг хөдөө орон нутгийнхан авдаг. Тэд нь голдуу газар тариаланчид юм уу мах, сүүний үйлдвэрүүд байдаг гэнэ лээ. Хотод зээлд хамрагдах хүмүүс нь олшроод хөдөөд харин зээлд хамрагдах уу гээд гуйх нь холгүй байдаг гэсэн шүү.
Сүү, сүү. Бас дахин сүү байж болох уу?
Төрөөс олгож байгаа зээл тусламжид хамрагдсан жижиг дунд үйлдвэрүүдийн дийлэнх нь хөдөө аж ахуйн салбарынх байдаг гэнэ лээ. Ямар сайндаа л Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай чуулганы танхимд “Би хамаг хөрөнгө оруулалтыг ганцаараа аваад байгаа юм уу” гэж ирээд л тунирхах билээ. Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга хүртэл иргэдэд өөрсдөд нь учир байнаа гэж ирээд л муулж байна лээ. Учир нь нэг суманд Бат гэдэг нөхөр сүүний чиглэлээр ферм ажиллуулахаар зээл хүслээ гэхэд дараа жил нь тэр сумаас хоёр гурван ч нөхөр сүүний чиглэлийн үйлдвэрлэл эрхэлнэ гэж ирээд л зээл гуйдаг гэнэ. Нэг суманд нэг сүүний чиглэлийн үйлдвэр байхад л уг нь хангалттай баймаар. Гэтэл энэ нөхөр сүүний чиглэлийн үйлдвэрлэл эрхлээд баяжиж байна, бид ч бас энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэхэд боломжтой юм байна гэсэн барьцалдах хандлага иргэдэд их байдгаас төсөл нь буцдаг гэдгийг ч албаны хүн анхааруулсан.
Монголын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зөвхөн Засгийн газар ч бус, Япон улс ч тодорхой хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлж байгаа юм билээ. Япон улсаас хоёр үе шаттай хэрэгжиж буй төсөлд 100,200 саяас дээш тэрбум хүртэлх төгрөгийн зээл хүссэн аж ахуйн нэгжийг хамруулж байгаа гэсэн. Тус улсаас дээрх төслийн хүрээнд 75 тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байгаа юм байна. Үүний гурав орчим тэрбум төгрөгийг техник туслалцаа, сургалтад зориулж, 50 гаруй тэрбумыг нь аймгуудад бүсийн чанартай аж ахуйн нэгжид олгох бол 10 гаруй тэрбумыг нь байгаль орчны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зарцуулах юм байна. Ингэхдээ сарын 0.8-1 хувийн хүүтэйгээр 600 мянган ам.доллар буюу 800 хүртэлх сая төгрөгийг долоон жилийн хугацаатай олгох ажээ.
Эцэст нь хэлэхэд жижиг дунд үйлдвэрүүдэд олгох төсөл яагаад буцаагдаад байгаа шалтгаан нь иргэдээс бас хамааралтай юм байна. Болд махны үйлдвэрлэл эрхэлж байна, би ч бас гэсэн барьцдаг зангаа засахгүй бол үйлдвэрлэл чинь үнэндээ өргөжихгүй шүү дээ. Нэг нь сүүний, нөгөө нь махны, гурав дахь нь хөнгөн үйлдвэрлэл эрхэлж байж л хөгжлийн тухай ярих биш үү. Бүгд сүүний үйлдвэрлэгчид, бүгд газар тариаланчид болчихвол хэн гутал оёж, хэн тоосго үйлдвэрлэх билээ. Сүү, сүү, бас дахин сүү байж болохгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс анхааруулна лээ.