Монгол төрийн ”ой санамж” эргэж ирэв

Хуучирсан мэдээ: 2011.11.02-нд нийтлэгдсэн

Монгол төрийн ”ой санамж” эргэж ирэв

С.Зориг агсныг алагдсаны дараахан тухайн үед УИХ-ын гишүүн байсан нэг нөхөр согтуудаа “Миний өрөөний үүдэнд бас сум тавьсан байсан, намайг бас улс төрийн зорилгоор алах гэсэн” гэж телевизэд ярилцлага өгөөд өөрөө “сум” нэр авч билээ. Гэхдээ л мань энэ нэрнийхээ ачаар сонгууль дуустал хэвлэлийнхний анхаарлын төвд байж чадсан юм шүү, хэдийгээр УИХ-д дахин сонгогдож чадаагүй ч гэсэн.

Түүнээс хойш улс төрийн хүрээнд дахиж үзэгдээгүй нөгөө “сум” харин өнгөрсөн хавар “хүрэл” Сүхийн талбайд гэр бариад байсан “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” хавиас дахин олдсон билээ. Суугчдаа тойруулан гэр бариад байсан хөдөлгөөний удирдагч Г.Уянгын гэрийг үүрээр “Ланд” унасан согтуу жолооч дайрсан нь дахиад л “улс төрийн” хэрэг болон мандаж, үймээн шуугиан дэгдээсэн. Харамсалтай нь одоо хүртэл захиалагч нь олдоогүй байгаа л даа. Үүнээс хойш тус хөдөлгөөнд нэгдээд байсан М.Энхсайхан, Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нарын ойр хавиас нөгөө “сум” ээлж дараалан “олдох” болов. Шинэбаярын машиныг шүргэсэн, Н.Энхбаярыг утсаар заналхийлсэн, хамгийн сүүлд М.Энхсайханы машиныг шөнөөр “зодсон” гээд. Машинаа гадаа зогсоол ээр тавиад орхисон байхад нь хэн нэг нь хамар луу нь чулуугаар цохисон байсан гэнэ.

Уг нь бол манайд ил зогсоол дээр машинаа тавиад хамрыг нь халцлуулах байтугай шил, толь, дугуйгаа хулгайд алдах, тэр ч байтугай асаагаад унаад, ачаад аваад явчих тохиолдол өдөр бүр шахам л гарч байдаг. Харин манай “хулгайч” нар энэрэнгүй юм болохоороо дарга нарынхаа машиныг яадаг ч үгүй, зүгээр л “нүүрийг нь мааждаг” юм байна. Тэгээд түүнийг нь заавал тэдний улс төрийн өрсөлдөгч нар болох МАН-АН-гийнхан, С.Баяр, Сү.Батболд нар хийсэн, эсвэл захиалсан болж таардаг нь ч бас гайхалтай. За энэ ч яах вэ, оршил хэсэг гээд бодчих.

Харин сүүлийн үед өнгөр­сөн 20 жилийн турш Монголын төрийн өндөрлөгт “тэрэгний дугуй” шиг ижилдэж явсан хоёр нөхөр хэвлэлээр бие биенээ шүүх болсон нь олон хүний гайхшийг төрүүлж, хэвлэлийхний бахыг хангаж байна. Ц.Нямдоржийн олон давхар хаусыг илрүүлж, Авлигатай тэмцэх газарт шалгуулах МАХН-ын даргын шаардлагаар эхэлсэн энэ зар­га Н.Энхбаярын хууль бу­саар хувьчилж авсан гэх “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудлын тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын хийсэн “албан ёсны” /сайдын амнаас албан бус үг гарна гэж бараг л байхгүй дээ/ мэдэгдлээр үргэлжилж, өрсөлдөгч хоёр тал өөрийн өөрийн рингэнд гарч зогссон билээ.

Гайхаж цөхсөн зарим нь ч “Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр бие биенээ муулаад яах вэ дээ, хэн хэн нь шударга ёсны тухай ярих эрхгүй хүмүүс гэж”  гэж дургүйцэх. Гэвч ярих ёстой юм байна, энэ нь илүү нийгэмд хэрэгтэй гэдгийг тэдний бие биенийхээ эсрэг дэлгэсэн, өмнө нь бол “нууц”-ын зэрэглэлтэй байсан материалууд харуулж байна.

Юуны өмнө Н.Энхбаяр нь Ц.Нямдоржийгоо  “МАНАН бү­лэг­­­­лэлийн удирдлагын хууль бус үйлдлийг гар­дан зохион байгуулагч, хаацай­лан хамгаалагч, бусдыг хэл­мэг­­дүүлэгч, дарамтлан даран­гуйлагч. Үндсэн хуулиар батал­гаажсан хараат бус шүүх засагт бүдүүлгээр нөлөөлөх, хөнд­лөнгөөс дарамтлах замаар шүүхийн шийдвэрийг өөртөө болон өөрийн бүлэглэлд ашиг­тайгаар гаргуулах гэж байна. УИХ-ын сонгуулийг шударга явуулж, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын гэм буруутанг тогтоон хуулиар ха­туу цээрлүүлэхийн оронд 2012 оны сонгуулийг будлиантуулж, сонгох эрхээ хамгаалах эрхтэй шударга иргэдийн эсрэг төрийн цагдааг өвч зэвсэглэн дайруулж, иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэх, төрийн эрхийг хууль бусаар авахаар зэхэж байна” гэсэн бол Ц.Нямдорж нь түүний “төрийн эрхэнд байхдаа хууль бусаар идэж уусан өмч хөрөнгөнийх нь төлөө хуулийн байгууллагаас шалгаж байгаа, прокурорын байгууллагаас зөв­шөө­рөл өгсөн” гэдгийг дэлгэсэн билээ.

Эмзэг газраа хатгуулсан Н.Энхбаяр нь тэвчилгүй Ц.Нямдоржийнхоо “мартсан бүх зүйлийг сануулахаа” амла­сан. Амласнаа ч хийж эхлэв. Түү­ний хамгийн сүүлийн ярилц­­лагадаа хэлсэн зүйл нь Ц.Нямдорж болон Н.Энхбаяр хэрхэн анд нөхөр байгаад хэзээ дайсан болсон тухай. Ямар ч байсан энэ ярилцлагаас уншигч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хэрхэн УИХ-ын гишүүдийг /Л.Гүндалайгаар төлөөлүүлэн/ “агнаж” байсан тухай, Цагдаагийн ерөнхий газрын дарга нь хүртэл хуулийн дагуу бус, сайдынхаа үүрэг даалгавраар ажилладаг, төрийн алба сонгуульд ялсан нам, улстөрчдийн өөрийг нь дэмжсэн хүмүүст өгдөг өглөг буяны зүйл болсон гээд МАН-ын /хуучнаар МАХН/ эрх барьсан жилүүдэд бий болсон Монголын төрийн ёс зүй, улс төрийн нөхцөл байдлыг тэр чигээр нь хэлсэн байгаа.
Дан ганц Ц.Нямдоржийн буруу гэж хаа байхав. Н.Энхбаярт ч гэсэн алдаж оно­сон зүйл байж л таараа. Тухайлбал, намын дарга нь өөрөө Ц.Нямдорж сайдыг УИХ-ын даргаар томилуулахдаа “Эрүү­гийн элементүүд намайг сүрдүүлээд байгаа учир хамгаалалттай албан тушаалд очмоор байна аа” гэнгүүт нь хамтарч ажиллаж байсан нөхрийг бодоод томилчихсон нь миний хамгийн том алдаа байжээ хэмээн харамссан байна лээ. Тэгээгүй бол Ц.Нямдорж юу гэж хууль засч, түүнээсээ болж огцорч, бас өнөөг хүр­тэл юу гэж Н.Энхбаярыг “хорхойтой араандаа зууж” явах вэ дээ.

Харамсалтай нь мань хүнд “Төрийн ажилд тавих шалгуур хувийн харилцаанаас эхэлж болохгүй юм байна” гэдэг харамсал одоо хүртэл суугаагүй юм шиг л санагдсан шүү. Мэдээж Н.Энхбаяр ч, Ц.Нямдорж ч аль аль нь улс төрийн том “фигур”-ууд, ардаа хөгжөөн дэмжигчид болон шүтэн бишрэгчидтэй. Ялангуяа сүүлийн үед тэдний хэвлэлээр хийж буй энэ тулаан хэн хэнийх нь “фанат”-уудыг тодорхой хэмжээгээр гонсойлгосон ч байж магадгүй. Үгүй ядахдаа л Н.Энхбаярын хөгжөөн дэм­­жигчид Ц.Нямдоржид, Ц.Нямдоржийнх нь Н.Энхбаярт өширхөж, ёстой нөгөө дугуйг нь хагалахаас дутуугүй юм болж байгаа байлгүй. Гэвч үүнийхэн төлөө Монголын ард түмний өмнөөс алга таших хэрэгтэй гэж бодож байна. Учир нь энэ хэрүүлээс болж хоёр нөхрийн нэр хүнд жаахан унах боловч хожил нь ард түмэнд ирэх юм.

Яагаад гэвэл МАХН-ын эрх барьсан өнгөрсөн арав гаруй жилийн турш хөшигний цаана явж ирсэн Монголын улс төр одоо ил болж эхэлж байна. Төрийн үйл ажиллагаа хэрхэн дампуурсан, төрийн нэрээр далайлгаж хэн нь юу хийж байсан, эрх мэдэл, албан тушаалын цаана ямархуу өгөө аваа нуугдаж байдаг вэ гэдгийг Монголын ард түмэн одоо ямар ч өнгө будаггүй нүцгэнээр нь харж эхэллээ. Удахгүй улам ихийг харах биз. Тийм учраас тэдэнд алга ташья. Дараа дараагийн жилүүдэд төрийн эрхэнд гарах улс төрийн бусад хүчнүүдэд ч гэсэн сургамж болог. Их эрх мэдэл хүнийг ямархуу эрсдэлд оруулдаг, хүн яаж жолоогоо алддаг тухайд сургамж аваг.

Чөтгөрийн бага нь адтай гэгчээр Х.Тэмүүжин гишүүн нэг удаа хэлж байсан. Н.Энхбаярын Монголын ард түмэнд одоо хийж өгөх гавьяа, Монголын төрд түүнийг ашиглах зүйл гэж байдаг бол түүнд халдашгүй байдлын “иммунитет” тогтоож өгөөд өөрөө авлига хэрхэн авдаг, албан тушаалд яаж томилдог, Монголын улс төрийн хэрхэн жолоодож байсан бүх түүхээр нь ном бичүүлэх хэрэгтэй. Тэр нь цаашид Монголын төрийг цэвэршүүлэх, авлигатай тэмцэх хамгийн сайн “цагаан толгой” болно гэж. Н.Энхбаяр, Ц.Нямдорж нар үүнийг хийж эхэллээ. Монгол төрийн “ой санамж” эргэж ирлээ. Тийм болохоор тэдэнд алга ташья.

Б.СЭМҮҮН

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж