Ливийн шилжилтийн Засгийн газрын тэргүүнийг сонгов

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Ливийн шилжилтийн Засгийн газрын тэргүүнийг сонгов

Ливийн шилжилтийн Засгийн газар даваа гаригт шинэ Ерөнхий сайдтай болжээ. Тус улсын Шилжилтийн үндэсний зөвлөл  Алабамагийн их сургууль болон Абу Дабигийн газрын тосны институтад ажиллаж байсан, цахилгааны инженер, профессор Абдуррахим Эл-Кейбийг тус улсын шилжилтийн Засгийн газрын тэргүүнээр сонгосон байна. Зөвлөлийн 51гишүүний 26 нь түүнийг санал нэгтэй дэмжжээ. Абдуррахим Эл-Кейб анхны мэдэгдэлдээ "Ливид шинэ эрин эхэлж байна. Бидний гэр бүл, нөхөд, төрөл саднууд болон дэлхийн олон орны хүмүүс хэрцгий дарангуйлагчийн айдас  хүйдэс дор  42 жилийн  нүүрийг үзжээ. Гэвч одоо тэр айдас хүйдэс алга болсон гэдгийг би хэлмээр байна.  Ливийн ард иргэдэд үндэсний ашиг сонирхол байдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, бидний ашиг сонирхлыг дэмжинэ” гэдэгт би итгэлтэй байна гэжээ. Гэвч Ливийг удирдаж байсан хурандаа Муаммар Каддафийн дэглэмийг унагасан босогчид аллага хүчирхийллийн хэрэгт холбогдож, хүний эрхийг хамгаалах байгууллагуудын хатуу шүүмжлэлтэй тулгарч буй ийм үед Ливид бүгдийг шинээр эхлүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй гэж тэрбээр онцлон хэлсэн байна. Абдуррахим Эл-Кейб нь Триполи хот дахь Шилжилтийн үндэсний зөвлөлийн төлөөлөгч гишүүн, Ливийн сөрөг хүчний намын гишүүн ажээ. Ливи шинэ үндсэн хууль баталж, парламентын бүх нийтийн чөлөөлт сонгууль явуулах хүртэл шилжилтийн Засгийн газрыг тэргүүлэх юм байна. Абдуррахим Эл-Кейб 1973 онд Триполи хотын их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсч, 1975 оноос хойш АНУ-д амьдарчээ. 1976 онд Өмнөд Каролина мужийн их сургуульд магистр хамгаалсан Абдуррахим Эл-Кейб 1984 онд Умард Каролинад шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм байна. Тэрбээр 1985 оноос хойш Алабамагийн их сургуульд зөвлөх профессор, 1996 оноос их сургуулийнхаа цахилгаан, компьютер инженерийн факультетад багшилж, инженерийн сургуулийн захирал болжээ.
Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж