С.Батболдыг огцруулах нь, урам хугармаар

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

С.Батболдыг огцруулах нь, урам хугармаар

Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах асуудлыг  сая л нэг хөндлөө. Гэхдээ ямар асуудлаар, хэний шаардлагаар гээд лавшруулахаар  тун урам хугармаар.  Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо гэж байдаг юм байна. Түүний тэргүүн нь хааяа намын удирдлагуудаа муулж байгаад гэнэт таг болдог, тэгснээ дахиад “цухуйдаг”  Г.Хасбаатар гээд сонин нөхөр. Тэрбээр эхлээд гуравдугаар сарын 8-нд Ерөнхий сайдтай мэтгэлцье гэж урьсан. Уг мэтгэлцээнээр гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах боломжийн тухай цэц булаалдах байж л дээ. Ерөнхий сайд очсонгүй. Тэгэхээр нь дөрөвдүгээр сарын 9-ний дотор огцор гэж байгаа юм чинь. Засаг огцруулах чинь тийм амархан болсон гэнэ шүү. Хамтарсан Засгийн газар өдий болтол огцрохгүй тэсээд байсан нь Г.Хасбаатарын тэвчээртэй холбоотой байж л дээ. Бодит байдал дээр орон сууцжуулах хөтөлбөр хамгийн идэвхтэй хэрэгжиж байгаа нь энэ цаг үе шүү дээ. Хэзээ, аль Засгийн газрын үед 20 тэрбум төгрөг гаргаад шинэ хороолол байгуулж байсан юм бэ. Төрийн албан хаагчдаа орон сууцтай болгох юмсан л гэж ярьж байснаас төрийн 3000 орчим албан хаагчид 100 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгочихоод байсан түүхэн цаг хугацааг нэрлэ л дээ. Байхгүй шүү дээ.

Г.Хасбаатар  улс төрийн карье­рийн хувьд утсан хүүхэлдэйн ид үедээ яваа байх л даа. Нэгэнтээ намын удирдлагатайгаа тохиролцсон нэрээр чихийг нь амрааснаа улс төрийн ялалт гэж бодоод байх шиг байна. Тэгээд намын даргаа огцруулж дийлэхгүй болохоор өөр намын даргыг оролдоод үзэхээр шийджээ. Ингэхдээ арай ч болдоггүй юм болов уу гээд Ерөнхий сайдын суудалтай нь ярих аргыг сонгосон бололтой. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэн, ямар тохиолдолд хөндөх эрхтэй байдгийг ч мэдэхгүй тэрбээр өчигдөр хэвлэлийнхэнд дүвчигнэснийхээ дараа Төрийн ордонг зүглэсэн гэнэ. Нам нь Засгийн газарт орж ажиллаад гурван жил орчим болчихоод байна. Алдаа, оноогоо дүгнээд, ажил нь үргэлжилж буйг тэр намын гишүүд, дэмжигчдийн холбоо яагаад мэ­дээгүй юм бол? Гэр хороолол гэгч зөвхөн  С.Батболдын Зас­гийн газрын үед буй болоод, утаа үйлдвэрлээд, одоо орон сууц­жуулах тухай ярьж эхэлж бай­на гэж бодоод байгаа юм болов уу.

Уг нь Г.Хас­баатарыг хор­воод мэндэлсэн цагаас эхлээд л хөдөөгөөс хот руу чиглэсэн их нүүдэл үе, үеийн Засгийн газрын толгойны өвчин байсаар ирсэн. Тэглээ гээд энэ асуудлаас болж Ерөнхий сай­дыг огцруулсан тохиолдол нэг ч байхгүй. Үүнийг хамтдаа шийддэг. Тэгж ч ажиллаж байгаа. Ардчилсан нам ч гэсэн Засгийн газар, Ерөнхий сайд юу хийж байгаа талаар энэхүү дэмжигч, гишүүндээ тусгайлан ярьж өгөх хэрэгтэй бололтой. Түүний ярьж байгаа зүйлд тодорхой асуудал алга. Баримт, судалгаа ч байсангүй. Зүгээр л “Мэтгэлцье, хүрээд ир. Ирсэнгүй, огцруулъя” гэсэн дүрэмтэй тоглоомоор тоглож сууна. Тухайлбал, “100 мянган орон сууц” төсөл бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахад  чиглэсэн. Уг хөтөлбөрийн дагуу 2009-2012 онд 37 мянган орон сууц барина. Мөн гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх ажлын хүрээнд 2010-2012 онд 24.5 мянган орон сууц барихаар төлөвлөсөн. УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн дагуу нийт 21040 айлын орон сууцыг барихаар төлөвлөснөөс одоо талаас илүүг нь хийчихээд байна. Иргэд орон сууц авах чадвартай болчихоод энэ тоо өсөөд байгаа юм биш. Тэдний худалдан авах чадвар яг 10 жилийн өмнөхтэй адил түвшинд байгаа. Энэ нөхцөлд хямд үнэтэй орон сууцтай болгохын тулд салбарын яам, арилжааны банк, орон сууцны компани болон иргэдийг хэн, хэнийг нь хохироохгүйгээр уялдаатай нарийн бодлого явуулж байж өдий зэрэгт хүргээд байна.

Энэ мэтчилэн нүдэнд харагдаж, гарт баригдахуйц олон ажил хийж буйг Г.Хасбаатар огт дурьдсангүй. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн хоёрдугаар сарын 11-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хамтарсан Засгийн газар хамтраад ажлаа явуулсаар байгаа. Энэ талаар ямар ч асуудал байхгүй. Хамтарсан Засгийн газрын асуудлыг бид шийдэхгүй ч ганцхан юмыг дандаа сануулдаг. Хоёр намын хоорондын гэрээ байгаа. Гэрээгээ зөрчих, эсвэл үүргээ биелүүлэхгүй бол бид үгээ хэлэх эрхтэй. Би хамтарсан Засгийн газрыг бутраад унаасай гэж бодохгүй байна. Бутарч уналаа гэхэд хэсэг улстөрчдөд л ашигтай байх. Ард түмэнд яавч ашиггүй” хэмээсэн байна. Г.Хасбаатарыг хэсэг улстөрч ч гэхэд хаашаа юм бэ. Улстөрчид ч хүлээн зөвшөөрөхгүй байх. Ардчилсан намын эд, эс гэж үзвэл яагаад намын даргынхаа эсрэг, ард түмний нэг гэхээр яагаад бас тэдний эрх ашгийн эсрэг яриад байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Нам дотроо ч байр сууриа эзэлж амжаагүй энэ хүний яриа тэгтлээ газар авахгүй нь ойлгомжтой. Харин гишүүний хувьд намдаа асуудлаа тавиад, Ардчилсан нам түүнийг нь хэлэлцээд шийдвэр гаргасан бол өөр хэрэг. Харин Г.Хасбаатар энэ мөчид арай өөр мөрөөдөлтэй яваа биз ээ. Мэтгэлцээнд очоогүйнхээ төлөө огцорсон Ерөнхий сайд гэж дуулдаагүй. Тэгвэл МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд анхных болж мэдэх нь.  Бас огцруулсан гол баатар нь Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Хасбаатар хэмээн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэнэ гэхчлэн нэлээд юм төлөвлөсөн байх л даа.  Гэвч улс төр гэдэг түүний мэддэг, хийдэг бяцхан бойкот биш. Хэний өмнөөс, юу хийж яваа шувуухай вэ, тэр.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж