Косово, Сербитэй хэлэлцээрийн ширээнд суулаа

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Косово, Сербитэй хэлэлцээрийн ширээнд суулаа

Олон жилийн турш хоорондоо түнжин муутай байсан Косово, Серб улсын төлөөлөгчид хэлэлцээрийн ширээний ард сууна гэх таамаг гараад байсан. Тэгвэл өчигдрөөс эхлээд хэлэлцээрт хүрэх уулзалт  эхэлсэн талаар “Ассошейтед Пресс” агентлаг  мэдээлжээ. Уг уулзалт  хоёр өдөр үргэлжлэх аж. Талууд эхлээд Косовогийн тусгаар тогтнолын асуудлын талаар ярилцахаар болжээ. Сербийн Гадаад хэргийн яамнаас мэдэгдэхдээ хоёр талын техник, тоног төхөөрөмж солилцох,хил орчмын маргааныг цэгцлэх, Ко­совогийн иргэдийн асуудлыг авч хэлэлцэнэ гэж онцолсон байна. Мөн Косовогийн нутаг дэвсгэрт байгаа Серб иргэдийн талаар тохиролцоонд хүрэх зорилго бас байгаа юм.

Косово улс гурван жилийн өмнө дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарласан билээ. Харин Сербийн тал үүнд “Косово тусгаар тогтнолын асуудлаа дангаараа шийдэх учиргүй, эс тэгвээс газар нутгийн маргаан гарах болно” гэсэн байр суурьтай байсан.

Косовочуудын хувьд анх 1991 оны есдүгээр сард тусгаар тогтнолоо зарлан Югославаас салан тусгаарлах оролдлого хийж Косовогийн Бүгд Найрамдах Улсыг байгуулж, анх­ны Ерөнхийлөгчөөр Ибрагим Руговаг сонгож байсан. Энэ үед тус улсын чөлөөлөх арми нь террорист бүлэглэлийн статустай байв. Мөн дэлхий нийтийн анхаарлыг Боснийн Сербүүдийн С.Милошевичийн дэмж­лэгээр эхлүүлсэн дайн  нэ­лээд татаж байснаас Косовогийн тусгаар тогтнолын асуудлыг тө­дийлөн нухацтай авч үзээгүй гэж  ажиглагчид үздэг.

Олон улсад өнөөдөр Косовог хүлээн зөвшөөрсөн 71 орон байгаа бөгөөд Европын 27 орны 22 нь “хүлээн зөвшөөрсөн” гэсэн байр сууриа илэрхийлсэн аж. Өнөөдөр Косовогийн нийт хүн амийн 90 хувь нь албани, 10 хувь нь серб хүмүүс байдаг аж. Шашны хувьд лалын сунни ба лалын беркташ гэж хоёр урсгал ноёлдог. Мөнгөн тэмдэгтийн хувьд еврог хэрэглэдэг боловч Сербийн динарыг мөн хэрэглэдэг аж.Энэ нь мэдээж Сербээс бүрэн тусгаар тогтноогүйтэй холбоотой, мөн хүн амын 10 хүртэлх хувь нь Серб бай­дагтай холбоотой гэж ажиглагчид үздэг. Манай хойд хөршийн хувьд Косовогийн тусгаар тогтнолын асуудалд эхнээсээ “үгүйсгэх” байр суурьтай байсан. Тэр нь ч мөн өөрийн гэсэн учир шалгаантай. Зүүн Европ, тэр дундаа хуучин коммунист дэглэмд байсан Польш, Чех, Унгар, гэх мэт орнуудад Оросын зуун зуунаар дамжин ирсэн түрэмгий бодлогыг үл тэвчих үзэл санаа жирийн хүмүүст нэвт шингэсэн байдгаас энэ бүс нутагт ОХУ-ын хувьд Сербээс өөр холбоотон байхгүй юм.Тийм ч учраас Өмнөд Осети,Абхази,Косово тусгаар тогтнох гэж оролдож байгаа дээр дөрөөлөн холбоотноо дэмжиж байгаа. Нөгөө талаас 2006 онд В.Путиний Мюнхэнд айлчлах үе болон 2009 онд Д.Медведевийн Нью-Йоркод мэдэгдсэнчлэн  “Бид нэг туйлтай дэлхий”-н эсрэг хийж байгаа үйлдэл гэж ойлгож болох юм. Түүх сөхвөл 1999 онд НАТО-гийн цэргийн хүчин Югославийн нийслэл Белградыг бөмбөгдөж байхад “Ах дүү Словеничуудаа аваръя” гэж  Орост сайн дурын цэрэг татлага болж, Москва дахь Америкийн элчингийн гадаа жагсаал гаргаж байв. Үүнээс болж тухайн үед Орос, Сербийн харилцаа  зузаарч байв. Гэвч өнөөдөр Серб АНУ-ын иргэдийг нутагтаа визгүй оруулж, харин оросуудыг визний анкет бөглүүлсээр л байна. Энэ бас нэг юм хэлээд байх шиг.

Харин өнөөдөр хуучин Югос­лавийн харьяанд байсан эдгээр хоёр улс өөр өөрсдийн түүхийн шинэ хуудсаа  нээж байна.Учир нь арав гаруй жил хоорондоо хонь, чоно байсан энэ хоёр орны хооронд үргэлжилсэн бослого, мөргөлдөөний үеэр арван мянган хүн амь насаа алдсан гэсэн судалгаа байдаг. Ямар ч байсан энэ удаагийн уулзалтаар хоёр улс нааштай шийдвэрт  хүрнэ хэмээн шинжээчид таамаглаж байна.

Б.БААТАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж