Хууль бус шийдвэрээс болж 300 саяар хохирсон гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Хууль бус шийдвэрээс болж 300 саяар хохирсон гэв

УЕПГ-ын хяналтын прокурор Д.Мөнгөнцэцэг, Ц.Бурмаа, Дархан-Уул аймгийн орлогч прокурор Б.Нинж нарын үндэслэлгүй шийдвэр, УБЕГ-ын хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхбат, Дархан-Уул  аймгийн Улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн тасгийн дарга Ц.Бат-Эрдэнэ нар албан тушаалаа урвуулан ашигласан хууль бус үйлдлээс болж 300 сая төгрөгөөр хохирсон гэх Ж.Ганбатын ах Э. Шинэхүү, түүний хоёр өмгөөлөгч өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Дархан-Уул аймгийн иргэн Ж.Ганбат нь 2007 онд тус аймагт байрлах үйлдвэрийг өмчлөгч болох Ц.Нарантуяа түүний хүүхдүүдээс хууль ёсны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг нь худалдан авсан байна. Улмаар үйлдвэрийг сэргээн үйл ажиллагаа явуулж байтал 2010 онд уг үйлдвэрийн анхны эзэн болох З.Мөнхбатын /талийгаач болсон/ дүү З.Мөнхтуяа нь хуурамч бичиг баримт ашиглан, тус үйлдвэрийг өөрсдийн нэр дээр болгосон байна. Энэхүү шийдвэрээ шүүхээр гаргуулжээ. З.Мөнхтуяагийн шүүхийн шийдвэр гаргуулахдаа ашигласан тамга, тэмдэг нь Монгол Улсад албан ёсоор хийгдээгүй болох нь тогтоогдсон гэдгийг хэлж байлаа. Үүнээс хойш үйлдвэрийг хууль ёсны дагуу худалдан авсан  дээрх иргэд хууль хяналтын байгууллагаар явсан ч хэргийг шалгаж өгөлгүй өнөөдрийг хүрсэнд гомдолтой байгаа аж. Үүнд  УЕПГ, Дархан-Уул аймгийн Прокурорын газар, УБЕГ, тус аймгийн бүртгэлийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус үйлдэл гол нөлөө үзүүлсэн гэж хэвлэлийн хурлын  үеэр онцолсон юм.

 Энэ үеэр үйлдвэрийг худалдан аваад хууль бусаар алдсан гэх Ж.Ганбатын ах Э.Шинэхүү, тэдний өмгөөлөгч Д.Гэрэл, Ц.Байгальмаа нараас зарим асуултад хариулт авлаа.

 -УБЕГ болоод хууль хяналтын байгууллагын албан  тушаалтнууд ямар  үндэслэлээр хэргийг  шийдэхгүй удаашруулаад байна гэж та бүхэн үзэж байгаа юм бэ?

– 2010 онд манай ахын худалдаж авсан үйлдвэрийн эзэн талийгаач З.Мөнхбатын дүү З.Мөнхтуяа түүний нөхөр Г.Мөнхнайрамдал нар нь үйлдвэрийг өөрсдийн нэр дээр болгосон шийдвэрийг шүүхээр гаргуулсан. Энэ шийдвэрийг гаргуулахдаа хуурамч бичиг баримт ашигласан байсныг бид  мэдсэнээс энэ хэрэг эхэлсэн юм. Бас хууль бус бүртгэлийн ажиллагаа хийгдсэн.  Үүнийг эрүүгийн журмаар шалгуулах хүсэлт гаргасан боловч Дархан–Уул аймгийн орлогч прокурор Б.Нинж, УЕПГ-ын хяналтын прокурор Бурмаа  нар нь энэ асуудлыг шалгахаас татгалзсан шийдвэр гаргасан юм. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрээ хяналтын прокурорууд нь Ц.Нарантуяад холбогдох хэргийг дээд шатны прокурор хэрэгсэхгүй болгосонтой холбож тайлбарладаг. Ер нь УБЕГ-ын дээр нэр бүхий албан тушаалтнууд хуулийнхантай танил, найз нөхдийн холбоотой юм билээ. Тийм  ч  болохоор өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэхгүй явж  байгаа гэж дүгнэхэд хүрч байна. Энэ хэрэг эцэслэн шийдэгдэхгүй байгаа гол шалтгаан нь хэргийг шийдвэрлэхэд оролцсон шүүгч, прокурорууд нь тэдний өмгөөлөгч Давхарбаярын их сургуулийн хуулийн нэг ангийн найзууд учраас нэг нэгийгээ хаацайлж байгаатай холбоотой. Одоо бидэнд Улсын Ерөнхий Прокурор Дорлигжавт хандан шударга шийдвэр гаргаж өгөхийг хүсч найдахаас өөр  арга зам байхгүй.

-Та бүхэн хууль бусаар бүртгэлийн ажиллагааг явуулсан гэж үзэж байгаа гэлээ. Тэгэхээр энэ асуудлаараа хууль хяналтын байгууллагад хандсан юм уу?

-Бид аргаа барахдаа Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Үйлдвэрийг талийгаачийн  дүү, гэр бүлийнхэнд өмчлөх эрх олгосон шүүхийн шийдвэр нь хуурамч бичиг баримт, үндэслэсэн учраас хууль бус бүртгэлийг хүчингүй  болгохоор Дархан-Уул аймгийн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж,  хариуцагчаар Улсын бүртгэлийн байгууллага татагдсан юм. Нэхэмжлэл гаргахдаа тодорхой баримтан дээр тулгуурласан. Дархан- Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдэд  онц их хэмжээний хохирол учруулан 2011 оны  долдугаа сард тус аймгийн сум дундын шүүхээс 10 жилийн ял сонссон Амартуяа нь   ямар ч гэрээ хэлцэл, нотлох баримт байхгүй байхад  З.Мөнхбатын /талийгаач/ өмчийг түүний дүү болох З.Мөнхтуяагийн нэр дээр бүртгэсэн   ажиллагаа нь хууль бус байсан талаар УБЕГ-ын хяналтын байцаагч  дүгнэлт гаргасныг дурдсан. Одоо бид захиргааны хэргийн шүүхээс уг маргааныг хэрхэн шийдвэрлэх бол гэсэн хүлээлттэй байна. Бас хуурамч бичиг баримт дэх гарын үсгийг шинжлүүлэхээр хүсэлт гаргасан боловч  шүүх “Энэ гарын үсгийн асуудал нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл учраас эрүүгийн журмаар шалгуул“ гээд   хүсэлтийг хүлээж авахаас татгалзаад байгаа.

-Үйлдвэрийг барьцаалан зээл авсан гэх баримт алга болсон гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хадгалагдаж байсан 2007 оны наймдугаар сарын 22-ны 191 тоот барьцаа зээлийн гэрээ болон бусад бичиг баримтууд алга болсон. Үүнийг мэдээд холбогдох эх баримтуудыг хавсарган  бичилтийг сэргээн хийлгэх хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Уг нь хуульд зааснаар тэд 30 хоногийн дотор хүсэлтэд хариу өгөх ёстой. Энэ мэт маргаан үргэлжилж байхад өнгөрсөн наймдугаар сарын 31-нд УБЕГ-ын дарга Л. Мөнхбаатар 606 тоот тушаал гаргаж,  үйлдвэрийн эзэмшиж байсан манай ах Ж.Ганбатын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Уг тушаалын хуульзүйн үндэслэлийг үзэхэд Хуулийн 18.6 дахь хэсэг буюу  хаясан, үрэгдүүлсэн  хүмүүст гэрчилгээ олгох заалтыг үндэслэн, хууль бусаар хүчингүй   болгосон гэж үзэж болохоор байгаа юм. Манай ах Дарханы УБХэлтэст банкны барьцааны бүртгэлийг алга болгосон дээрх хууль бус ажиллагаагаа засч залруулах тухай  хүсэлт тавьсан ч ”Барьцааг нөхөж бүртгэх боломжгүй”  гэсэн  илт хууль бус хариуг өгч байгаа юм л даа.
 Бид УБЕГ, Дархан-Уул аймгийн УБХэлтсийн ажилтнуудын энэ хууль бус үйлдлийг шалгуулахаар АТГ шалгуулах хүсэлтээ тавьсан. Үүний дагуу УБЕГ-ын ажилтнууд албан тушаалдаа хайнга хандаж байж болзошгүй гэсэн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэ одоо шалгаж байгаа.

С.Отгон

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж