”Зургаан талт хэлэлцээрийг сэргээхээс татгалзахгүй”

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

”Зургаан талт хэлэлцээрийг сэргээхээс татгалзахгүй”

КИМ ЧЕН ИР: ЗУРГААН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СЭРГЭЭХЭЭС ТАТГАЛЗАХГҮЙ

АНУ, Хойд Солонгосын тө­лөөлөгчдийн хийсэн цөмийн зэвс­гийн та­лаарх хэлэлцээр бү­тэлгүйтлээ. Ким Чен Ир өмнөх байр суурин дээрээ хатуу зогсох болжээ. Тэр бардам байна. Уг нь өлсгөлөн, гуйланчлалд нэрвэгдсэн иргэд, уналтад орсон эдийн засгаасаа болоод нэлээд сандарч байсан юмсан. Саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир сүүлийн есөн жилд анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн билээ. Тэрбээр Оросын “ИТАР-Тасс” агентлагаас түүнд тавьсан асуултын хариуг бичгээр ирүүлсэн юм.

Ким Чен Ир “Миний бие БНАСАУ болон ОХУ-ын найрсаг хөршийн харилцаа, хамтын ажил­лагаанд сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн наймдугаар сард тус улсад айлчлах үеэр Оросын Ерөнхийлөгч Дмитрий Медведев нийслэл Москвагаас хэдэн мянган километр замыг туулан Улаан-Үд хотод ирж, биднийг элэгсэг дотноор угтан авсан. Тэнд миний зочилсон газар бүр халуун дулаан уур амьсгалтай байв. Би өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч асан В.Путинтэй уулзан ярилцаж байлаа. Харин энэ удаагийн айлчлалаар Умард Солонгосын их удирдагч Ким Ир Сений гэгээн мөр хадгалагдан үлдсэн Алс Дорнод, Сибирийн бүс нутагт дахин очсон минь манай хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд тус дэм боллоо” хэмээн Орос дахь айлчлалынхаа тухай магтаалын үгийг харамгүй өгүүлжээ. Мөн тэрбээр Алс Дорнод, Байгаль нуурын орчим дахь хотуудын эдийн засаг, соёлын үйлдвэрлэлийг сонирхохын зэрэгцээ Оросын Засгийн газар, ард түмэн нь хүчирхэг гүрний бүтээн байгуулалтыг амжилттай хийж байгаа нь гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн тухай онцолсон байна. Ким Чен Ир Орос, Хойд Солонгосын найрсаг харилцаа, уламжлал, ирээдүйг магтсан магтаа­лын үгс харамгүй хэлжээ. Харин Улаан-Үдэд болсон хоёр орны дээд хэмжээний уулзалтын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааг янз бү­рийн салбарт хөгжүүлэхээр бол­сон тухай онцолсон байна. Өөрөөр хэл­бэл, хоёр орныг холбосон байгалийн хийн хоолой байгуулах талаар тохиролцоонд хүрсэн гэсэн үг юм.

АНУ, Европын орнуудын да­рамт шахалтаас болоод хүнд байдалд орсон Хойд Солонгос эдийн засгийн хувьд Хятадаас бүрэн хараат болчихоод байгаа. Энэ нь цаагуураа Хятадын дэмжлэгийг авдаг гэсэн үг. Үүний зэрэгцээ АНУ-тай өрсөлдөхүйц хүч нөлөө бүхий ОХУ-ын дэмжлэгийг авч чадвал цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөх сонирхлоосоо татгалзахгүй байх боломж бүрдэх юм. Энэ нь цөмийн хөтөлбөрөөс татгалзах уриалга гаргах бүрт Хойд Солонгосын байр суурийг хамгаалдаг орны тоонд Хятадаас гадна Орос багтаж эхэллээ гэсэн үг. Хэрэв Хойд Солонгосын нутаг дэвсгэрээр дайруулан хийн хоолой татчихвал Азийн зах зээл рүү гарах гэсэн Оросын ашиг сонирхолд яв цав нийцнэ. Нөгөөтэйгүүр 100 сая ам.долларын өртөгтэй хэлэлцээр амжилттай болсноор хийн хоолойн дамжин өнгөрөх түрээсийн төлбөр авах нь Хойд Солонгост ашигтай. Ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэн улсын хөрөнгө нь өдөр ирэх бүр хоргодож байгаа тус улсын хувьд хийн хоолой орлогын эх үүсвэр болж чадах юм. Харин Өмнөд Солонгосын тал “Хойд Солонгос энэ хөрөнгөө цэргийн салбарт зарцуулж магадгүй” хэмээн болгоомжилж байгаагаа мэдэгдсэн билээ. Ямартай ч Орост хийсэн айлчлалынхаа дараа Ким Чен Ир тус улсаас 50 мянган тонн улаан буудайн тусламж авч нутаг буцжээ. Бас цөмийн зэвсгээс татгалзах бодлоо уудам Орос оронд гээчихээд явсан нь мэдээж хэрэг юм.

Ким Чен Ир “ИТАР-Тасс”-т өгсөн ярилцлагадаа Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрийг дахин сэргээхэд татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн. “Бүс нутгаа цөмийн зэвсгээс чө­­лөөлөх нь Хойд Солонгосын агуу удирдагч Ким Ир Сений тушаал байсан юм. Гэхдээ энэ асуудлаар АНУ-ын тал хурц байр суурь илэрхийлж, манай ард түмнийг заналхийлж байгаа нь биднийг эргэлзэхэд хүргэж байна. Саяхан болсон дээд хэмжээний уулзалтын үеэр бид зургаан талт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс чөлөөлөх байр сууринаасаа ухраагүй. Одоо бид Оросын талын дэмжлэгийг авч, өөрсдийн байр суурийг олон улсын тавцанд  хамгаалах болно. АНУ-ын хандлагыг байнга дэмждэг Японы тал ч бас энэ бүхнийг хүндэтгэн үзнэ гэдэгт найдаж байна” хэмээн Ким Чен Ир онцолсон байна. Тэрбээр цөмийн зэвсэглэлээс татгалзах гэ­рээ, хэлэлцээр байгуулахад АНУ л саад болж байгааг сануулсан юм. Түүнчлэн Оросын дэмжлэгийг авснаар бид баримталж байсан бодлогоосоо ухрах нь нэгэнт өнгөрсөн хэрэг гэдгийг ч илтгэжээ. Энэ бүхнийг нотлох мэт өнгөрсөн долоо хоногт Швейцарийн Женевт болсон АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчдийн цөмийн хэлэлцээр бүтэлгүйтсэн юм.

Женев дэх цөмийн зэвсгийн талаарх хэлэлцээрийн дараа Пен­тагоны төлөөлөгчид “Пхеньяаны тал атомын бөмбөг үйлдвэрлэхээс татгалзах ямар ч бодолгүй байна” хэмээн мэ­дэгджээ. Тэдний хэлж буйгаар Хойд Солонгосын тө­лөөлөгчид байр суурин дээрээ урьдынхаасаа ч илүү бат зогсох болжээ. Хоол хүнс, шатахууны хувьд өөрсдөөс нь бүрэн хараат болсон Хятадын Засгийн газар энэ асуудлаар Хойд Солонгост ялимгүй шахалт үзүүлэхэд л болчих хэрэг. Үүнийг Б.Обамагийн засаг захиргаа мэдэж байгаа учраас Хятадын эрх баригчдыг шүүмжилсээр бай­на. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал Хойд Солонгосын талд  нэлээд хүч­тэй дарамт үзүүлэх болно гэд­гийг америкчууд сануулсан юм. Харин “Вашингтон Пост” сонинд “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир, М.Кад­дафигийн тухай юу гэж дүгнэх бол” хэмээн онцолжээ. Энэхүү нийтлэл нь “Хэрэв үгэнд орохгүй бол түүний замналаар явж мэднэ” гэх агуулгатай юм. Гэхдээ Ливийн удирдагчид газрын тосноос өөр юу ч байгаагүй. Харин Ким Чен Ирт дэлхийг бүхэлд нь сөнөөхүйц цөмийн зэсвэг бий. Тийм учраас АНУ-ын тал хэрхэх нь тодорхойгүй байна. Ийм үед Хойд Солонгосыг дотроос нь хагаралдуулж, Арабын орнуудад гарсан шиг хувьсгал хийх тэдэнд хувилбар байна. Хэдийгээр энэ нь хэцүү боловч эдийн засгийн элдэв хориг арга хэмжээнээс болоод өлсгөлөнд нэрвэгдэж, ядарч туйлдсан Хойд Солонгосын иргэд өөрсдөө эрх баригчдынхаа эсрэг босохыг үгүйсгэхгүй.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж