АНУ ЮНЕСКО-гийн санхүүжилтийг зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

АНУ ЮНЕСКО-гийн санхүүжилтийг зогсоов

НҮБ-ын боловсрол соёлын байгууллага ЮНЕСКО НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох Палестины хүсэлтийг хүлээн авахад АНУ тус байгууллагад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсоохоо мэдэгдсэн байна. АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгч даваа гаригт  “ЮНЕСКО Палестины саналыг хүлээн авсан нь болчимгүй шийдвэр. Энэ алхам Ойрхи Дорнодод энх тайвныг бий болгох биш, харин үгүй хийх аюултай. ЮНЕСКО-гийн энэ шийдвэрийн хариуд АНУ тус байгууллагад үзүүлж байсан санхүүгийн дэмжлэгээ зогсооно” гэсэн мэдэгдэл гаргажээ. АНУ энэ сард тус байгууллагад 60 сая ам.долларын тусламж үзүүлэх байсан ч энэ шийдвэрээ цуцалсан байна. АНУ-ын зарим хууль тогтоогчид Ерөнхийлөгч Барак Обамагийн Засаг захиргаанаас ЮНЕСКО-д үзүүлэх тусламжаа зогсоохыг шаардаж байжээ. АНУ жил бүр ЮНЕСКО-д 80 сая ам.долларын санхүүгийн тусламж үзүүлдэг ажээ. Энэ нь ЮНЕСКО-гийн нэг жилийн нийт төсвийн 22 хувь гэсэн үг юм. ЮНЕСКО-ийн гишүүн 107 орон тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болох Палестины саналыг зөвшөөрсөн бол 14 нь эсрэг байр суурьтай байжээ. Гэвч ЮНЕСКО-гийн гишүүд Палестины хүсэлтээр санал хураалт явуулсан нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох асуудлаас тусдаа ажээ. Палестин улсын НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох асуудлыг Аюулгүйн зөвлөл хэлэлцэж байгаа юм байна. Парис хотноо болсон ЮНЕСКО-ийн гишүүн орнуудын уулзалтаар Палестины санал гишүүн орнуудын гуравны хоёр хувийн санал авахад нижигнэсэн алга ташилт угтсан байна. Палестиныг ЮНЕСКО-ийн гишүүн болсныг зарласны дараа тус байгууллагын ерөнхий захирал Ирина Бокова санхүүгийн тогтвортой байдалд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Ирина Бокова "Хамгийн том спонсороо алдсан ч  ЮНЕСКО-гийн үйл ажиллагааг бид цаашид хэвийн үргэлжлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “ЮНЕСКО-ийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах арга зам олох нь бидний нэн тэргүүний хэлэлцэх асуудал боллоо. Энэ асуудлаас  Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоох ажил хамаарна” гэж мэдэгдсэн байна.

НҮБ-ын суурин төлөөлөгч Сюзан Райс “Twitter”-тээ “Палестин ЮНЕСКО-гийн гишүүн болсон нь НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болохтой ямар ч хамаагүй. Энэ санал хураалт ЮНЕСКО-ийн санхүүгийн чадварыг доройтуулснаас өөр зүйлгүй" гэжээ.

Палестиныг  ЮНЕСКО-ийн гишүүн болсныг зарлахад Палестинчууд баяр хөөр болж, тусгаар тогтносон улс болох эхний алхам гэж үзэж байгаа гэнэ. "Бидний ялалт Палестинчуудын эрх, эрх чөлөө, түүх соёлыг нь үгүйсгэдэг хүмүүст тов тодорхой хариулт өглөө” гэж Палестины чөлөөлөх армийн гишүүн Ханан Ашрави ярьсан байна. Палестины удирдагч Махмуд Аббасын зөвлөх “Палестин тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх эхний түүхэн алхмыг хийлээ. Одоо Аюулгүйн зөвлөлөөр санал хураалт явуулахад маш ойрхон ирлээ” гэжээ.

ЮНЕСКО-д элсэх Палестины саналыг ямагт эсэргүүцсээр ирсэн Израйлийн төлөөлөгч нар “Боловсрол соёлын байгууллага, ЮНЕСКО газрын зураг дээр огт байдаггүй улсыг гишүүнээр элсүүлсэн нь шинжлэх ухааны зөгнөл шиг санагдаж байна” гэжээ.  Израйлийн Ерөнхий сайд Беньямин Натаньяху ЮНЕСКО-гийн шийдвэрийн дараа  “Палестины удирдагчид энхийн гэрээ байгуулж, хэлэлцээний ширээний ард суухын оронд Хамас бүлэглэлтэй нэгдэж, нэг талыг харсан бодлого явуулж байна. Израйльчууд ийм үед гараа хумхиж суухгүй. Ойрхи Дорнодод энх тайвныг тогтоохын тулд шийдвэртэй арга хэмжээ авна. Бид энхийн гэрээ байгуулж, Палестин улсыг бий болгох гэж хичээж  байхад Палестин энхийн хэлэлцээгүйгээр улс болох гэж оролдож байгаа нь харамсалтай” гэжээ. Палестины удирдагч Махмуд Аббас өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох хүсэлт албан ёсоор тавьсан юм. Палестин удахгүй  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад элсэх санал тавихаар төлөвлөж буй талаар Палестины  “Wafa news” агентлаг өчигдөр мэдээлсэн байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж