Сулхан долларын золиос

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Сулхан долларын золиос

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль хүртэл жил гаруйн хугацаа үлдлээ. Хямралын дараа өрөвдмөөр байдалтай байгаа гэх Америкийн эдийн засгийн байдал сонгуулийн гол сэдэв болох бололтой. Сэтгүүлч Жон Тэмнигийн дүгнэж буйгаар улс орныхоо санхүүгийн системд эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл болох хүчтэй долларыг барьж чадаагүй учир Барак Обама сонгуульд ялагдах гэнэ. Энэ материалыг Тэмни  Forbes сэтгүүлд зориулан бичжээ.

Бүгд найрамдахчууд яагаад гэдгийг ойлговол Обама ялагдах нь тодорхой

Жеймс Грант (америкийн нэртэй санхүүч) 2009 оны есдүгээр сард эдийн засгийн байдлын талаар дэврүүн бодолтой байсан нь дэндүү яарсан хэрэг гэж би тэмдэглэж байлаа. Грант тэр үед The Wall Street Journal сонинд бичихдээ эдийн засгийн сэргэлт нь биширмээр байх болно гэсэн юм. Учир нь эдийн засгийн зогсонги байдал нь АНУ-д нэг ёсондоо эдийн засгийг үр дүнгүй хөрөнгө оруулалт ба хөдөлмөрийн зах зээлийн гажуудлаас авардаг эм болж ирснээс 2008 оны айдсын уналтын дараа хүчирхэг үсрэлт гарна гэх логик байсан юм. 

Грант тэр үед “гүнзгий уналтын урьдатгалтай байснаас эдийн засгийн сэргэлт нь илүү эрчимтэй байх болно. Энэ журмаас гажуудал байхгүй. 1929-1939 оны үе ч тийм л байсан” гэсэн эдийн засагч Майкл Дардын судалгаанаас иш татсан байв.

Грантын талд түүх ба логик байсан ч танай булан хөтлөгч түүнтэй санал нэг биш байлаа. Хариуд нь би “Ирээдүйд эдийн засгийн өсөлт эрчимтэй байна гэдгийг түүх баталж байгаа ч гэсэн энэ удаа тэр зохиол бүтэхгүй гэсэн баталгаа байна” гэж  бичсэн юм. Миний гол баталгаа нь Грантын загварт хөвж буй сулхан доллар байхгүйд л тулгуурлагдаж байлаа. Өнгөрсөн үеийн сэргэлтүүд бүгд хүчтэй тогтвортой доллар байсны хүчинд өрнөсөн юм. Унаж байгаа доллартай бол сэргэлт нь сул дорой байна. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч нар өсөлтийн ирээдүйн төлөө зовиноод мөнгөө хатуу бөгөөд найдвартай хөрөнгөнд оруулах болно. Тэр цагаас хойшхи эдийн засгийн тааруухан үзүүлэлтүүд миний санаа зөв байсныг харуулж ирлээ.

Энэ бүгд нь саяхан Forbes-ийн буланд нийтлэгдсэн нэртэй хөрөнгө оруулагч Кен Фишерийн өгүүлэлд биднийг хандахад хүргэж байна. “Обама ялсан ч “бух” болцгоо” гэсэн нэртэй өгүүлэлдээ тэрээр зах зээлийн пессимизм зөвдсөнгүй. Обама дахин сонгогдсон ч ерөнхийлөгчийн эдийн засгийн хөтөлбөр нь “бухны” сэтгэгдлээс бусдыг төрүүлж байгаа ч гэсэн хөрөнгө оруулагчид хувьцаа худалдан авах сэтгэлээ хадгалах ёстой гэж мэдэгдсэн байв.

Арай жаахнаар дэлгэрүүлбэл, сонгуульд Обамагийн байдал нэрвээстэй байгаа гэх түгээмэл үзэл бодлыг Фишер эргэлзээнд оруулав. Түүний хэлж байгаагаар олон бүгд найрамдахчууд ерөнхийлөгчийг сул гэх талаа хэтрүүлжээ. Түүний онцолсноор  “1925 онд Standard & Poor’s индексийг бий болгосноос хойш АНУ-ын ерөнхийлөгч нар 14 удаа дахин сонгогдохоор оролдохдоо дөнгөж дөрвөн удаа амжилт олоогүй. Тэр дөрөв хувь хүнийхээ талаас сулхан нэр дэгшигчид байлаа” гэжээ.

Харваас Фишер өмнөх Грантын адил долларын сонгуулийн хүчний хүчин зүйлийг бас л тоосонгүй. За тэр 1925 оноос хойших статистикийг авчээ гэхдээ долларын урсгал ханш зөвхөн 1972 оноос л бий болсон билээ. Хэрэв энэ хугацааг аваад үзвэл статистик тийм гайхалтай биш. Ричард Никсон долларыг алтнаас салгаад бүдүүлгээр алдсан юм. Дараагийн жилд нь тэр дахин сонгогдсон л доо. Харин сонгууль валютын уналт бүхий л талаараа “сайхнаа” харуулсан хоёр жилээр хожуу явагдсан бол тэр гарч ирэх нь юу л байсан бол. Үр дүнд нь Уотергейт гэсэн өчүүхэн зүйлээр Никсон Цагаан ордноос шахагдсан билээ.

Цаашилбал, ерөнхийлөгч Жимми Картер мөн л сулхан доллар ба түүний сонгуулийн нөлөөг үл тоов. Тэрээр Никсоны эдийн засгийн бодлогыг нэгд нэггүй хуулсан байлаа. Доллар унаад Картер анхны бүрэн эрхийнхээ дараа суудлаа алдав. “Мөнгө, зах зээл ба бие даасан байдал” номондоо Нероны тухай өгүүлсэн Бен Стайл ба Мануэл Хайндс хоёр Ромын эзэн хаан “валютын үнэлгээг сулруулах анхны системтэй туршилт” явуулсан нь “эдийн засгийн замбараагүй байдал ба улс төрийн доргион дагуулсан” гэж тэмдэглэжээ. Эдгээр мөрүүдийг Картерт хамруулахад болохгүй гэхээргүй.

Картерийг бодвол Рональд Рейган хүчтэй доллар гэх уриан дор сонгогдсон билээ. Сонгуулийн кампанийн үеэр нь алтны үнэ унаж эхлээд эдийн засгийн талаасаа амжилттай гэгдэх ерөнхийлөгчийн засаг барих хугацаанд улам доошилсоор байлаа. Амжилтыг нь хөрөнгө оруулагчид ба тэдний хөрөнгийг хамгаалж чадсан хүчтэй долларын бодлого л хангаж өгсөн юм. Билл Клинтон эрх барьж байхад хөрөнгө оруулалтын ашиг бага зэрэг буурсан ч Рейганы загварыг бэхжүүлэн барьж байснаас хамгийн гол нь Роберт Рубины ухаалаг удирдлага дор долларыг хүчтэй байлгаж чадав. Клинтон хоёр удаа сонгогдож, сонгогчдоо ажлын байраар хангасныхаа хүчинд Моника Левинскитэй холбоотой дуулианыг даван гарч чаджээ.

Одоо  бага Бушийг авч үзье. Ерөн­хийлөгчөөр ажлаа эхлэнгүүт нь дол­лар унаад эхэлсэн. Хожим тодорхой болсноор 43 дахь ерөнхийлөгч сонгогд­сон өдрөө өөрийгөө сонгуульд ялагдсан гэж бодож байжээ. Долларын уналт 2006 онд  сүйрлийн хэмжээтэй байхад сонгууль явагдсан бол тэрээр “нэг удаагийн” ерөнхийлөгчөөрөө л үлдэх байв. Валютын сулрал нь зээлдэгч нараас хулгайлсан, бидний  хүч хөдөл­мөрөөр олсон мөнгөний ханшийг уна­гагч  төрийн гавьяа юм. Буш дахин сон­гогдсон нь нөхцөл байдлын тохиол юм.

Обамагийн хувьд Бушийн үеэр 2008 онд эхэлсэн долларын ханшны уналтыг зогсоохын оронд түүнийг хоёр алхмаар хүндрүүлэн Тим Гайтнерийг Сангийн сайдаар, Жорж Бушийн гол “бэлэг” Бен Бернанкег (Холбооны нөөцийн системийн тэргүүн) дахин томилсон явдал юм. Тэр цагаас хойш алтны үнэ доллараар бараг хоёр дахин нэмэгдсэнээс мөнгөний урсгал элдэв “хамгаалалтын” хөрөнгөнд чиглэгдэн нэмэгдлээ. Хөрөнгө оруулалт үнэн хэрэгтээ ажил хаялт зарлан сонгогчдын сэтгэлд сайнаар нөлөөлөх ажлын байр бүтээгдэхээ болив.

Бүрэн эрхийн хугацаандаа үйл ажиллагаатай ямар ч ерөнхийлөгчийн хүчийг үнэлэхгүй байж болохгүй. Түүгээр ч барахгүй түүхэн туршлага бол ирээдүйг хэлэхэд дандаа таарна гэж үгүй. Никсон Америкийн эдийн засагт сулхан долларыг  шахсан. Түүний алдааг давтсан Картер, Буш, одоо Обама нар бараг бүрэн уналтад байна. Обама ялагдах нь ойлгомжтой. Унаж буй доллар дээр унаж буй эдийн засгийг авахаар ямар ч ерөнхийлөгч тэсэхгүй нь мэдээж.

Одоогоор бидэнд мэдэгдэхүй байгаа зүйл бол бүгд найрамдахчуудын нэр дэвшигчид чанга баксийн учир утгыг олгож байна гэдэг нь. Америкийн эдийн засаг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өндөр татвар, зарлага ба төрийн хатуу зохицуулалт гээд л бишгүй зовлонг туулж ирэв. Гэхдээ сонгогчдын эргэлзээнд сул долларын нөлөөний үзүүлэлттэй юу ч эн зэрэгцэхгүй.

The Wall Street Journal сонины Стив Мурын хамт бид 2008 онд “Сул доллар-сул ерөнхийлөгч гэсэн буланг бичсэн юм. Бид тэнд эрүүл доллар ба төрийн тэргүүний улс төрийн эрүүл мэнд хоёрын хоорондын бараг бүтэн холбоог гаргасан юм. Тэр нь амархан л даа, харин бүгд найрамдахчууд энэ тэгшитгэлийг ухаарч байна уу? Ухаарч байгаа бол тэд ялна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж