Ирландын ерөнхийлөгчөөр 70 настай яруу найрагч сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Ирландын ерөнхийлөгчөөр 70 настай яруу найрагч сонгогдлоо

Ирландын ерөнхийлөгчийн сонгуульд 70 настай яруу найрагч Майкл Хиггинс сонгогджээ. Ирландын Сонгуулийн хорооны урьдчилсан дүнгээр аравдугаар сарын 27-ны өдрийн сонгуулиар тэр 39.57 хувийн санал авчээ.

Хиггинсийн ойрын өрсөлдөгч бизнесмен Шон Галлахер 28.5 хувийн санал авсан байв. Гуравт нь Хойд Ирландын цэрэгжсэн бүлгийн гишүүн байсан одоо тус улсын ерөнхий сайдын орлогч Мартин Макгиннес орсон ба түүнийг сонгогчдын 13.72 хувь нь дэмжлээ. Тэр хоёр ялагдлаа хүлээн Хиггинст ялалт байгуулсанд нь баяр хүргэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд долоон хүн өрсөлдсөн бөгөөд Ирландын хуулийн дагуу сонгогчид нь нэр дэвшигчдэд оноо өгөн жагсаадаг ажээ. Сонгогчдын оролцоо 56 хувьтай байв.

IrishCentral бичсэнээр Майкл Хиггинс нутаг орондоо Майкл Ди (Michael D. Higgins) нэрээр алдартай. Тэр 1941 онд Лимерк хотноо төржээ. Оюутан байхаасаа улс төрд орж ирсэн байна. Өнгөрсөн зууны жар далаад онд парламентад суухаар хоёр удаа нэрээ дэвшүүлээд үр дүнд хүрээгүй юм. Ирландын Сенатад ажиллаж мөн Голуэя хотын захирагч хийж байв.

Хиггинс 1993 онд Ирландын Засгийн газарт Урлагийн сайд байхдаа Ирландын үндсэрхэг үзэлтнүүд ба бүгд найрамдахчуудад  хэвлэл мэдээллэлд орох эрхийг хассан 31 дүгээр тогтоолыг  өөрчлүүлсэн гавъяатай гэдэг. Мөн тэрээр шүлэг, телевизийн киноны зохиолч гэдгээр бас нэртэй ажээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж