”МАН-ын зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүй”

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

”МАН-ын зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүй”

УИХ дахь  АН-ын  бүлэг өчигдрийн хуралдаанаараа үндсэндээ зургаан асуудлыг хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар МАН-ын бүлэгтэй хэлэлцэн зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонсч, нэгдсэн шийдвэр гаргах нь сүүлийн асуудал байсан ч хамгийн эхэнд сонирхох зүйл байлаа. Шийдвэрийг товчхон хүргэвэл “МАН-ын бүлгийн  зүгээс  тавьсан  саналыг  хүлээж авахгүй” гэжээ.

Энэ талаар УИХ дахь  АН-ын бүлгийн  ахлагч Ч.Сайханбилэг  мэдээлэхдээ “Өнгөрсөн  долоо  хоногт  МАН-аас  тавьсан  саналуудыг  хэлэлцээд тойрог  жижиглэж,  тоог нь олон  болгохгүй байх, хүн амынхаа тоог үндэслэж мандатын  тоогоо  хуваарилъя гэдэг өмнөх  байр  суурин дээрээ манай нам  хатуу зогсоно ” гэв.

Бүлгийн өчигдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай  хууль болон Нийгмийн даатгалын сангийн  2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг  хэлэлцсэн  байна.  Энэ  асуудал  дээр УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ирэх оны төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүргийг өгчээ. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар зарчимтай оролцохыг тогтоож, хэлэлцүүлэгт  бэлтгэх  ажлын  хэсгийг байгуулж Я.Батсуурь  гишүүнээр  ахлуулсан  байна.
 
Үүний дараагаар Иргэний эрүүл мэндийн  даатгалын  тухай С.Эрдэнэ нарын  гишүүд санаачлан УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг АН-ын бүлэг хэлэлцэх  нь зөв гэж үзжээ. Улсын төсвөөс нэг иргэнд жилдээ нэг сая гаруй төгрөгийн иргэний эрүүл мэндийн даатгалын мөнгийг суулгадаг аж. Гэвч даатгалын мөнгөө иргэд  төдийлөн ашиглаж чаддаггүй учраас иргэн бүрт тараагдах цахим үнэмлэхэнд  үндэслэн эрүүл мэндийн цахим карттай болгох нь зөв гэж үзсэн байна. Ингэснээр  иргэд цахим картаараа төлбөрөө хийж, эрүүл мэндийн үйлчилгээг өөрийн сонголтоор авах боломж бүрдэх аж. 

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр,  тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн л дэмжив. Энэ хуулийн төсөл батлагдвал 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах боломж бүрдэх аж. Одоогоор зөрүүтэй тэтгэвэр авдаг 95 мянга гаруй ахмад настан байгаа бөгөөд ирэх онд төсөвт 23 тэрбум төгрөгийн нэмэлт, санхүүжилтийг хийж,  зөрүүг  арилгаж болох  гэнэ.

Б.МАНД

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж