Нийгмийг хөдөлгөгч хүч болсон залуу эрдэмтэн судлаачид, инженер, зохион бүтээгчид, шинийг санаачлагчдийн бүтээсэн техник, дэвшилтэт технологи, оновчтой саналуудыг амьдралд нэвтрүүлэх зорилго бүхий “Шинэ бүтээл, ашигтай загвар 2011” үзэсгэлэн МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд компани, аж ахуйн нэгжүүд болон ШУА-ын гишүүн байгууллага, эрдэмтэн судлаач, хүрээлэнгүүд оролцож байна. Түүгээр ороод гараарай. Үзэсгэлэнд манай орны байгалийн баялагаар бүтээсэн шинэлэг, сонирхолтой олон зүйлсийг дэлгэсэн байна лээ. Тухайлбал, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгээс энэ жил шинээр гаргасан барилгын дулаалгын ноосон материал нүдэнд тусна. Энэхүү материалыг бүтээгчид “Хонины ноосоор хийсэн учраас байгальд хор хөнөөлгүй төдийгүй дулаан алдахгүй давуу талтай” хэмээн тайлбарлав. Мөн цааш хэсэг сонирхон явж байтал үрэл мэт жижигхэн үрийн төмснүүдийг дөрвөн сагсанд хуваарилан тус бүрийнх нь дээр “солист”, “импала”, “гала”, “витара” гэж ангилан бичжээ. Эдгээр төмсний үр өөр хоорондоо үзэмжийн хувьд шар,ногоон, бор өнгөөр ялгаатай. Энэ талаар ургамал хамгааллын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Ариунаа “Манайх тарьмал ургамлыг хортон хөнөөлт шавьж, мэрэгчдээс хамгаалах үйл ажиллагааг явуулдаг. Уг үзэсгэлэнд агуулахын болон бэлчээрийн шавьжнаас сэргийлэх , үүнээс вирусгүй төмсний үрийг танилцуулах зорилготой юм. Энэхүү вирусгүй төмсийг дулааны аргаар үржүүлээд дээр нь хуруу шилний аргаар үржүүлээд, тэгээд ингэж үржүүлсэн төмсөө хүлэмжинд тариалаад хурааж авдаг юм. Цаашлаад бид монголчуудын хүнсний ногооны эрүүл, аюулгүй хэрэгцээг хангах зорилготой байна” гэв. Мөн царцааны гурилаар уурагжуулсан хорголжин тэжээл болон царцаагаар бэлтгэсэн малын сувилгааны уурагт тэжээл зэрэг бүтээгдэхүүнүүдийг дэлгэн тавьсан нь сонирхол татаж байлаа.
Мөн ОХУ-ын ОМСК мужын дулааны шугам дамжуулах хоолой үйлдвэрлэлийн газар болон Эрхүүгийн хагалгааны үеийн цус алдалтыг багасгах аппарат зэргийг танилцуулав. Үүний яг хажуугийн талбайд шинжлэх ухааны түүхийн хүрээлэнгээс гаргасан “Монголын нууц товчоо ба дундад зууны монголын түүхийн судалгаа” болон “Монголын эртний түүхийн бичлэг”, “Монголын хувьсгал 1921” гэх мэт олон номыг дэлгэн тавьсан харагдана.
Хүйтний улирал ойртонгуут нийслэлчүүд бидний санааг зовоодог асуудлын нэг бол уршигт хар утаа байдаг. Харин уг үзэсгэлэнд “Залуу эрдэмтдийн холбоо”, ШУА Физик технологийн хүрээлэнгээс зохион бүтээсэн утаа багатай гэрийн зуух “ST-SON” гэр хорооллын айр өрхөд дулаан “бэлэглэх”-ээр бүтээгдсэн аж. Энэхүү зуух нь монгол гэрийн дулаан алдагдал ба хэрэглээний онцлогийг харгалзан гэрийн зуухыг утаа багатай, түлшний хэмнэлттэйгээр ашиглахад зориулагдсан юм хэмээн тайлбар материал дээр дурьдсан байлаа. Мөн эмэгтэй хүний хувьд сонирхсон нэг зүйл бол Монэзим ХХК-ын гүүний саам, чацарганы хандаар үйлдвэрлэсэн “Мишээл”, “Залуус” нэртэй гоо сайхны бүтээгдэхүүнүүд анхаарлыг минь татаж байснаа нуух юун.
Тус үзэсгэлэнгийн бас нэгэн онцлог тал нь үзэсгэлэнд оролцогч байгууллагуудын илтгэл. Илтгэлээ тавьж, нээлттэй хэлэлцүүлэг хийх, мөн залуу эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний ажлын үр дүн, бүтээлээ танилцуулснаар шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагаа өрөгжих бололтой.
Г.Хулан