Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

“Цаг нь болов”

Туркменистаны ерөн­хий­лөгч Гурбангулы Бер­­дымухамедовын шаг­налын цуглуулга дээд хэмжээний шагналаар нэмэгдэв. Ах­мадын зөвлөлийн хурал­даан “иргэдийн олон тооны хүсэлтээр” Турк­менистаны баатар цолыг ерөнхийлөгчид олгож бай­гааг зарлаад тэр хуралдаан дээр Бердымухамедовт баатрын алтан одыг “тасралтгүй нижигнэсэн алга ташилтын дор” гардууллаа гэж албан ёсны мэдээнд өгүүлсэн байна.

Энэ хүндэт цолыг дагаж, түүний цалин 50 хувиар нэмэгдэхээс гадна нэг удаа улсын валютын сангаас 25 мянган ам.долларын нэмэлт мөнгөн шагнал авна. Баатар цолтонд өндөр тэтгэвэр өгөхөөс гадна олон нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчиж, мөн эмнэлгийн болон ахуйн ба соёлын үйлчилгээг дугаарлалгүйгээр авдаг. Бас бус хөнгөлөлт байгаа гэнэ.

Алтан од ба цалингийн нэмэгдлийг Бердымухамедов хоёр жилийн өмнөөс авч болох байлаа. Ерөнхийлөгчид баатар цол олгох санаачлагыг Сонгуулийн төв комиссийн дарга Мурад Каррыев тэр үед Засгийн газрын хуралдаан дээр гаргаад олон нийтээс энэ талаар маш их хүсэлт ирж байна гэсэн юм. Тухайн үед мэдээлж байснаар хуралдаанд оролцогсод “тасралтгүй, нижигнэсэн  алга ташилтаар” уг саналыг хүлээн авч байсан гэнэ.

Цол авах цаг нь болоогүй гээд ерөнхийлөгч баатраас татгалзаж байлаа. “Би залуухан байна. Та нар дараа нь надад тэр өндөр цолыг өгтөл би бага ч гэсэн хөдөлмөрлөхөд бэлэн байна” хэмээн 52 настай Бердымухамедов хэлж байжээ. Үүний зэрэгцээ албан бус эх сурвалж мэдээлснээр ерөнхийлөгч Ниязовын бүтээсэн “Рухнама” туульсийн адил ард түмнийхээ оюун санааны удирдлага болох туульс зохиож буй гэнэ. Шинэ бүтээл нь “Туркменнама” эсвэл “Адамнама” гэсэн нэртэй байх гэнэ. 

Шинэ бүтээл нь хэвлэгдэн гарсны дараа Бердымухамедов өмнөх ерөнхийлөгчөөсөө албан ёсны насан туршийн ерөнхийлөгч гэсэн цолгүйгээрээ л өөр байх юм. Гэхдээ энэ талаар өмнө нь бас дуулдаж байлаа. Тусгаар тогтнолын өдрийн өмнө Сонгуулийн төв комисийн тэргүүн Мурад Каррыев бас л ерөнхийлөгчийн хаягаар магтаалын үг хэлээд түүнийг  “Таныг манай насан туршийн ерөнхийлөгч байгаасай хэмээн бид дээд тэнгэртээ залбирч байна!” гэсэн үгээр төгсгөжээ. Танхим удтал алга нижигнүүлэн уухайлан түүний үгийг хүлээн авч байв.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж