”Албадан саатуулах төвд хүний эрхийг ноцтой зөрчдөг”

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

”Албадан саатуулах төвд хүний эрхийг ноцтой зөрчдөг”

Б.Төмөрчөдөр: Албадан саатуулах төвд хүний эрхийг ноцтой зөрчдөг

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Төмөрчөдөртэй ярилцлаа.


-Нийслэлийн цагдаагийн газ­рын Албадан саа­туулах, баривчлах төвд шалгалт хий­сэн байна. Ямар хариу гар­сан бэ?

-Дэнжийн мянгын албадан саатуулах төв буюу Нийслэлийн цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төв нь шүүхийн шийдвэрээр баривчлах арга хэмжээ авсан хүмүүсийг ял шийтгэлийг нь эдлүүлдэг газар. Тус төв нь 114 хүнийг баривчлах, 78 хүнийг албадан саатуулах багтаамжтай. Гэвч одоогоор өдөрт дунджаар 250 гаруй хүний ял эдлүүлж байна. Уг төвийн барилга 1970 оны сүүлчээр ашиглалтад орсон. Мэргэжлийн хяналтын байгууллагын олон удаагийн шалгалтаар барилгын ашиглах хугацаа дууссан гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй,  агаар муу,чийгшилт өндөртэй гэсэн дүгнэлттэй.  Харин ЦЕГ-ын даргын 2010 оны 46 дугаар тушаалын баривчлах шийтгэл эдлэгчийн биелүүлэх журамд хүн бүрийг ор дэвсгэр, хучлагаар хангах ёстой гэж заасан байдаг.Гэтэл энэхүү журам биелэгддэггүй бөгөөд одоогоор шаардлага хангасан 88 ортой. Харин Улсын Ерөнхий Прокуророос шаардсаны дагуу 300 гаруй хучлагатай болсон. Нийт баривчлах шийтгэл эдлэгчдэд тус ор хүрдэггүй.  Хоёр гурваараа өвөртөлж унтахад хүрдэг. Чин­гэлтэй дүүрэг, Нийслэлийн Про­курорын байгууллагатай хамт­­ран шалгалт хийхэд нэг шө­нийн байдлаар 150 гаруй хүн хуч­лагагүй, хоёр нийтийн өрөөнд 100 гаруй хүн ор дэвсгэргүй унтаж байсан. Харин ЦЕГ, Улсын Ерөнхий Прокурортой зөвшилцөн гаргасан нэг хүнд ногдох талбай  хоёр ам метр.квадрат байх ёстой боловч 0.8 ам метр оногдож байна. Энэ байдал нь хүний эрүүл ахуйд сөргөөр нөлөөж байгаа. Хүний наад захын эрхийг зөрчиж байгаа гэдэг үүднээс энэ оны гуравдугаар сард ЦЕГ-ын даргад албан шаардлага хүргүүлсэн.

-Албан шаардлагын хариу ирсэн үү?

-Уг байранд засвар хийсэн, Мэргэжлийн хяналтын байгуул­лагын шаардлагын дагуу ор дэвсгэр, хучлагын өнгийг сольж, угаалгын машин авсан гэсэн хариуг ирүүлсэн. Харин эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан эсэх талаар ямар нэгэн хариу ирүүлээгүй. Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын байгууллагаас энэ оны тавдугаар сард шаардлагын биелэлтийг хэр хангасныг шалгасан  юм.  Гэвч гуравдугаар сарын шалгалтаар илэрсэн зөрчлүүд хэвээрээ бай­сан.

-Яг өнөөдрийн байдлаар тус төвд хэчнээн хүн ял шийтгэлээ эдэлж байна вэ?

-250 гаруй хүн баривчлах шийт­гэлтэй, 59 нь албадан саатуулах байранд байна.

-Баривчлагдаж байгаа хү­мүүс хэдэн хоног байдаг вэ?

-Шүүхийн шийдвэрээс шалт­гаалан 7-30 хоногийн хугацаанд тус төвд баривчлагдан, саа­туулагддаг.  Харин  ийм нөхцөлд хүмүүс эрүүл мэндээрээ хохирч байдаг.

-Тус төвийн байрны нөх­цөлийн талаар холбогдох газ­раас нь гаргасан дүгнэлт бий юу?

-2009 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Улсын Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж, “Тус төвийн барилга эвдэрч, ослын байдалд орсон тул барилгын ашиглалтыг 2009 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөр түр зогсоож, барилгад нэмэлт засвар хийж, хэвийн нөхцөлөөр хангаж, бэхэлгээг сайжруулж, хэрвээ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гарч болзошгүй хохирлыг танай байгууллага хариуцах болно” гэсэн шаардлагыг ЦЕГ-т хүргүүлсэн. Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүй. Алба­дан  саатуулах, баривчлах  төвийн барилгын нэг, хоёрдугаар давхрын ханад цууралт үүсч, хагарсан байна. Хэрвээ энэ барилга нурвал олон хүний амь эрсдэх аюултай. Энэ талаар дүүргийн Прокурорын байгууллагаас 2010 онд гурван удаа, 2011онд ээлжит шаардлагыг хүргүүлсэн боловч хэн ч энэ шаардлагыг хүлээн аваагүй.

-Эрүүл ахуйн хувьд хэр байна вэ?

-Тус төв нь агааржуулалтын хиймэл системтэй бөгөөд дуу ихтэй байдаг тул ихэнхдээ ажиллуулдаггүй. Харин чийгшилт өндөр тул өмхий үнэртэй. Зуны нөхцөлд ял шийтгэлээ эдлэх хүмүүсийн тоо харьцангуй бага. Өвлийн нөхцөлд хүмүүсийн тоо нэмэгдэж, эрүүл ахуйн орчин дорддог. Олон удаагийн шал­галтаар гудас, хөнжлийн ариун цэвэр муу гарсан. Нэг гудас, хөнжлийг олон хүн хэрэглэдэг тул хиртэж, бөөстдөг. Харин үүнийг ариутгадаг дизкамер байх ёстой. Гэвч тус төв ганц дизкамертай.  Харин  тэр  нь  эвдэрчихсэн  болохоор  ажилладаггүй юм байна. Үүнийг ажиллуулахыг шаардсан боловч  сэлбэг байхгүй гэдэг. Харин ариун цэврийн хувьд авсан арга хэмжээ нь гуравдугаар сараас хойш хоёр удаа гудасны гадрыг авч угаасан юм билээ. Мөн тус төвд ирж байгаа хүмүүс нь янз бүр. Орон гэргүй гудамжны хүмүүс ч байдаг учраас  ихэнхи нь бөөстэй. Тэд гаднаас орж ирсэн хүн рүү болон өөр хоорондоо бөөс шидэж, тоглодог гэсэн.

Мөн байрны агааржуулалт, чийгшилт маш муу гарсан. Нэг өрөөнд олон хүн байснаас болж, агаар дахь нүүрсхүчлийн хий байх ёстой хэмжээнээс өндөр байна гэсэн дүгнэлттэй. Үүнээс үзэхэд энэхүү төвд ял шийтгэлээ эдэлж байгаа хүмүүс хортой нөхцөлд амьдарч байгаа юм.

-Дээрх  байдлаас болж эрүүл мэндээрээ хохирсон хүн байдаг уу?

-Үүнээс болж хохирсон хүний тоог гаргах боломжгүй. Учир нь энэ төвөөс гараад эрүүл мэндээрээ хохирлоо гэж хэлж байгаагүй.

-Харин  албадан  саатуулах  төвийн албан хаагчдын  ажил­лах  нөхцөл  хэр байдаг  вэ? 

-Баривчлан саа­туулах төвд цаг­даагийн 30 га­руй албан хаагч ажилладаг. Тэдний ажиллаж байгаа орчин ийм хүнд байгаа.

-Хоол ундны хувьд шалгалт хийдэг үү. Ямар дүгнэлт гарсан байдаг бол?

-Саяхан Ул­сын Ерөнхий Прокурорын га­зар, Нийс­­лэлийн Мэр­­­гэж­лийн хя­нал­тын байгууллагатай хамтран шалгалтыг дахин хийсэн. Шал­галтаар хоолны илчлэг 2400 кило калори байхаас 1126 кило калори байна гэсэн дүгнэлт гарсан. Хоолыг өдөрт нэг удаа өгдөг.  Харин өглөө, оройдоо цай, талх өгдөг ч цадахаар  хэмжээнд биш.  Хоолны илчлэгийг нэмэгдүүлэх талаар олон шаардлагыг хүргүүлсэн. Мөн хоолны жин 500 грамм байх ёстой боловч шинжилгээнд өгсөн хоол 430 грамм байсан.

-Төсвийг нь хангалттай өгдөг үү?

-114 хүнээр бодож төсвөө өгдөг тул хоолны чанар муу гардаг.

-Баривчлах хугацаанд ямар нэгэн хөдөлмөр эрхлүүлдэг үү?

-Тус төвд ял шийтгэлээ эдэлж байгаа иргэд  нэг өдрийн 500-600 төгрөг төлөх ёстой байдаг. Гэтэл түүнийг төлж чадахгүй байгаа иргэдийг албадан хөдөлмөр хийлгүүлнэ л дээ. Зуны нөхцөлд гэрээгээр барилгын туслахаар ажиллуулдаг. Харин хурааж авсан мөнгө тус байрны цахилгаан, дулаан, хоолонд зарцуулагддаг.

-Хорих хугацаанд амралтын орчноор хангадаг уу?

-ЦЕГ-йн даргын 46 дугаар тушаалаар баталсан журамд “байршсан этгээдэд соён гэгээрүүлэх тусгай өрөө гаргаж, шатар даам тоглох, телевизийн нэвтрүүлэг үзэх, салхилуулах, усанд оруулах, хувцас угаах, индүүдэх, ар гэрийнхэнтэй нь уулзуулах, ном унших номын сантай байлгах” зэрэг  ажлыг хийх ёстой л доо. Гэтэл тэр  нь  хэрэгждэггүй. Учир  нь байрны хүрэлцээ муу гэдэг шалтгаанаас улбаатай. Харин тус төвийн хоёр давхарт номын сантай ч олноор орж унших боломжгүй.  Шашны болон ТББ  хааяа лекц уншдаг.

-Прокурорын байгууллагаас цаашид ямар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэхүү шийтгэл эдэлж байгаа байдлыг хууль дүрмийн дагуу эдлүүлэхийг зорьж байна. Хүн бүрийг шаардлага хангасан орчинд ял шийтгэлээ эдлэх боломжийг олгохыг хичээж байгаа. Мөн тус төвд байгаа иргэдийг байх ёстой багтаамжаар байлгах ёстой гэж үзэж байна.

-Танай байгууллагад үйл ажиллагааг нь зогсоох эрх бий юу?

-Тийм эрх байхгүй. Бидэнд шаардлага хүргүүлэх эрх л байгаа. Харин үйл ажиллагааг зогсоох эрх Мэргэжлийн хяналтын байгууллагад бий.

Б.Даваатогтох

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж