Төсөв анх удаа том тоон дунд эргэлдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Төсөв анх удаа том тоон дунд эргэлдэнэ

УИХ-ын гишүүд сүүлийн өдрүүдэд энэ оны төсвийн дутууг нөхөж, ирэх жил Монгол Улс ямар хэмжээний төсөв хөрөнгөтэй байхыг тоймлон тооцох их ажил хийж байна. "Анх удаа ийм хэмжээний том төсөв батлах гэж байна. Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засагт өөрчлөлт орсон нь мэдэгдэж байна” гэсэн үг энэ оны төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийн талаар ярилцах үед гишүүдийн амнаас дуулдаж байна. Үнэхээр арваадхан жилийн өмнө улсын төсөв хэдэн сая төгрөгт, 2000-аад оны дундаас хэдэн тэрбум төгрөгт эргэж байсан бол өнгөрсөн жилээс их наяд хэмээх том тооны нэр дуулдах болсон. Монголын хөрөнгө мөнгөний сан арвижиж, бэл бэнчин зузаарахын хэрээр улсын хөгжил түргэсч, басхүү бидэнд монгол хэлний тооны нэрийн арвин санг амьдралд бодитой хэрэглэх боломж гарч ирж байна.

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсан юм. Энэхүү төсвийн тодотголыг гишүүд уг нь ээлжит бус чуулган зарлан өнгөрсөн зун баталъя хэмээж байсан ч нэмэгдэж орох орлогыг хүлээн намрын чуулганаар хэлэлцсэн юм. Ээлжит бус чуулган зарлаж, тодотголоо зун баталсан бол урин дулааны цагт зам, барилга, засварын ажлаа хийхэд дөхөм байсан гэж гишүүд тухайн үед үзэж байсан.  Ямартай ч хөрөнгө дутаж, тарчиг төсвийг хүргэж яддаг байсан цаг ард хоцорч, улсын мөнгөний авдар дүүрэн байдаг болсон тул төсөвт тодотгол хийх гэж Сангийн сайд хуруу хумсаа хуйхалж суухаа больжээ. Энэ жилийн төсвийн тодотголыг хөрөнгө оруулалтын дутууг нөхөхөд голлон чиглүүлсэн юм.

Төсвийн тодотголоор Монгол Улсын төсвөөс 2011 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн нийт хэмжээ 29 тэрбум 439,9 сая төгрөг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт татан төвлөрүүлэх орлогын хэмжээг 165 тэрбум 62,8 сая байхаар баталлаа. Уул уурхайн чиглэлээр Монголдоо тэргүүлэх болсон Өмнөговь аймаг 60 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулахаар болов. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг гурван их наяд, 80 тэрбум 5,4 сая төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээ 933 тэрбум гаруй буюу бараг нэг их наяд төгрөг хүргэхээр төсвийн тодотголд заажээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс он дуустал үлдэж буй хоёр сард нэг их наяд шахам төгрөгийг хөрөнгө оруулалтад зориулахаар боллоо. Энэ нь төсвийн тодотголын анхны хэлэлцүүлгийн үед Сангийн сайдын мэдэгдэж байснаас даруй 19 орчим тэрбум төгрөгөөр нэмж баталсан гэсэн үг. Ирэх жилийн Улсын нэгдсэн төсвийн хуулийг УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд өнөөдрөөс хэлэлцэж эхэлж байна. Хуулийн дагуу арванхоёрдугаар сарын 1 гэхэд бэлэн баталсан байх ёстой энэхүү хуулийн төслийг эрхэм гишүүд бүтэн сарын турш “нухаж” гараас гаргана. Нэгэнт сонгуулийн жилийн төсөв тул багагүй улстөржсөн, намууд амлалтынхаа дутууг нөхөх, гишүүд тойргийнхоо гуцууг таглах чиглэлээр сангийн хөрөнгийг цацах маягтай төсөв хийнэ гэдэг ойлгомжтой. Төсөв тооцоо гэдэг тооноос бүрддэг тул гол гэсэн зарим тоо баримтаас авч үзье.

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 2012 онд 25.6 хувьтай байхаар төсөөлжээ. Ингэснээр ДНБ оны үнээр 18 их наяд төгрөгт хүрч, эдийн засгийн бүтцийн хувьд дийлэнх буюу 45,6 хувийг үйлчилгээний салбар, 43,4 хувийг үйлдвэрлэлийн салбар эзлэх тооцоо гарчээ. Ирэх 2012 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6,4  их наяд төгрөг буюу ДНБ-ний 36 хувь байхаар тооцсон байна. Үүнээс хоёр их наяд орчим төгрөг буюу 31 хувь нь уул уурхайн салбараас төсөвт орох орлогоос бүрдэх бөгөөд 4,4 их наяд төгрөг буюу 69 хувийг эдийн засгийн бусад салбараас төсөвт төвлөрүүлэхээр болжээ. Төсвийн санг дүүргэх орлогын хэмжээ ийм байгаа бол хэдий хэрийн хөрөнгө мөнгийг зарлагадахыг харъя. Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын гуравны хоёр буюу 4,6 их наяд төгрөгийг төсвийн урсгал зардалд зарцуулахаар болжээ. УИХ-аас баталсан 2012-2014 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүдийг суурь болгож, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг хангахад  төсвийг чиглүүлнэ гэжээ. Ямар боловч зарцуулах хөрөнгө  2011 оны төсвийн төлөвлөгөөтэй харьцуулахад,  1,5 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа аж. Төсвийнхний цалинг 53 хувиар нэмэх, тэтгэврийн хэмжээг мөн хэмжээгээр өсгөх, улс төрийн намуудын 2008 оны сонгуулиар иргэдэд амласан хүний хөгжлийн мөнгөний үлдсэн хэсгийг тараах гээд багагүй “мөнгөний ажил” хамтарсан Засгийн газрын өмнө тулж ирээд байна. Хүний хөгжил сангийн 2012 оны төсвөөс 358,4 тэрбум төгрөг гарган намуудын амлалтын үлдэгдлийг санхүүжүүлэхээр  болжээ. Ингэснээр “мөнгөний амлалтаа намууд хэрэгжүүлж чадна, чадахгүй” гэсэн эргэлзээг тайлж, иргэн бүрийнхээ гар дээр 1,5 сая төгрөгийг нь хүргэж дуусах юм. Харин 2012 оны сонгуулиас эхлэн бэлэн мөнгө амлахгүй гэдгээ намууд одооноос андгайлаад буй.

Нэгдсэн төсвийн нийт хөрөнгийн зардал 2012 онд 2,4 их наяд төгрөгт хүрч нэмэгдэх юм байна. Үүнээс улсын төсвөөс 1,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. 2000-2007 онд хийж байсан нийт хөрөнгө оруулалтын хэмжээнээс хоёр дахин их хөрөнгө оруулахаар болсон нь өмнө байгаагүй үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд УИХ-д үг хэлэхдээ мэдэгдэж байсан. Ирэх 2012 онд нийт төсвийн хөрөнгө оруулалтын 87,1 хувийг барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл хийхэд, 3,7 хувийг их засварын ажилд, 9,2 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар тооцжээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах гэж мундахгүй хөрөнгө залгидаг “салбар” бий. Улаанбаатарыг утаагүй болгох зорилгоор нийт 71,2 тэрбум төгрөгийн буюу арав хүрэхгүй жилийн өмнөх бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд оруулсан байна. Анх удаа том тоон дунд эргэлдэх төсвийн тойм байдал ийм байна. Дөрвөн хэлэлцүүлэг дамжих төсвийн төсөл бүтэн сарын турш гишүүдийн гарт “элдэгдэж” орлого, зарлагын наана, цаанатайгаар арванхоёрдугаар сарын 1-нд “зүүнээс гарч” Монгол Улсын Ерөнхийлөгчийн гар дээр очих болно.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж