Төсвийг 933 тэрбум төгрөгөөр тодотголоо

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Төсвийг 933 тэрбум төгрөгөөр тодотголоо

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Гишүүд зарим асуултад хариулт авч, саналаа хэлсний дараа төсвийн тодотголыг анх оруулж ирснээс нь нэг их өөрчлөлгүйгээр баталсан гэж болно.

Сангийн сайд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд зарцуулах  287.1 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгийг төсвийн тодотголд тусгалаа. Нийтдээ 914.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тодотгосон төлөвлөгөөг санал болгож байна” гэж мэдээлж байсан юм. Харин нийт 933 тэрбум төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын ажлын зардалд зарцуулахаар баталлаа. Нэг ёсондоо хөрөнгө оруулалтыг анх санал болгосноос 19 орчим тэрбум төгрөгөөр нэмсэн гэсэн үг. Хуулийн төслийг батлахаас өмнө зарим гишүүний, тэр дундаа нийслэлийн тойргоос сонгогдсон гишүүд “Орон нутагт, тодорхой нэг аймагт их хэмжээний мөнгө төсөвлөж байна” гэсэн шүүмжлэлийг хэлж байсан.  Гэсэн ч олонхийн буюу хуралдаанд оролц­сон 48 гишүүний 91.7 хувийн саналаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Түүнчлэн гишүүд “Анх удаа ийм том төсөв баталж байна. Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засагт өөрчлөлт орсон нь мэдэгдэж байна” гэж байлаа.

Төсвийн тодотголын төслийг ийнхүү баталсан бол УИХ-ын гишүүдийн өмнө Монгол Улсын 2012 оны  төсвийн төслийг батлах ажил үлджээ. Засгийн газраас “Ирэх оны төсвийг батлахдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлж дуусгах, төсвийн бодлогын шинэтгэлийг эрчимжүүлэх, улс орны хөгжлийг хангах, их бүтээн байгуулалтын эх суурийг тавих, төсвийн гадаад, дотоод орчны тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн анхаарсан” гэж буй юм.  Ирэх онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 6.4 сая төгрөг буюу 5362 ам.доллар, эдийн засгийн бодит өсөлтийг 25.6 хувьтай байхаар төсөөлсөн байна. Гэхдээ энэ нь хэр бодитой тооцоо вэ гэдэгт эргэлзэх хүн олон байгаа. Мөн ирэх онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 6.4  их наяд төгрөг, зарлагыг 7.093 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдлыг 740.9 тэрбум төгрөг байхаар тооцоолоод байгаа. УИХ-ын гишүүдийн дунд “Төсвийн төсөлд сайшаалтай зүйл олон байна. Алдагдлын хувьд сайжирсан төсөв. Иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд анхаарчээ” гэж  хэлэх хүн олон байгаа. Үүнээс гадна “Түүхэнд байгаагүй том төсөв. Зэсийн үнийг 6663.3 ам.доллараар тооцсон нь хэр бодитой вэ. Цалин, тэтгэврийг 53 хувиар нэмэх нь оновчтой юу.  Аймгуудад хийх хөрөнгө оруулалтыг тэгш бус хуваарилсан байна. Бэлэн мөнгө их хэмжээгээр тарааж, цалин нэмэх нь инфляцийг хөөрөгдүүлнэ” гэж хэлэх гишүүн ч олон бий. Дээрх шүүмжлэлийг Олон улсын валютын сангийнхан ч хэлж байгаа. Харин Сангийн сайд С.Баярцогт “Зэсийн үнийг эдийн засгийн томъёоллоор тооцсон. Манайх шиг жижиг зах зээлтэй улс оронд инфляцийн эсрэг арга хэмжээ авч болно. Энэ оны төсвийг батлах үеэр олон улсын байгууллагууд “Инфляци 20 хувьд хүрнэ” гэж анхааруулж байсан. Одоо 10 орчим хувьтай байгаа. Цалин, тэтгэврийг ирэх жил огцом нэмж байгаа боловч цаашдаа инфляцитай уялдуулаад бага, багаар нэмэх бодлого баримтална. Ирэх оны төсөвт бага цалинтай иргэдийн цалинг 2.5, дундаж цалинтай иргэдийнхийг хоёр хувиар, өндөр цалинтай иргэдийнхийг 1.7 хувиар нэмнэ” гэсэн хариултыг өгсөн билээ. Түүнчлэн  Хүний хөгжил сангийн нэг сая төгрөгийг 2.3 сая орчим иргэнд ашигт, малтмалын ордын хувьцаа хэлбэрээр олгох асуудлыг ирэх оны зургаадугаар сар гэхэд шийдсэн байх аж. Мөн Засгийн газраас “Монгол Улсын төсөв 2014 он одоогийнхоос багасна. Цалин, тэтгэврийг их хувиар нэмэхгүй. Бэлэн мөнгө тараахаа болино. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Хөгжлийн банкаар санхүүжүүлдэг болно. Төсвийн дийлэнхийг нийгэм, соёл, боловсролын салбарт зарцуулна” гэж мэдээлсэн. Тодруулбал, энэ түүхэнд байгаагүй том төсвийг батлах сүүлчийн жил юм.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж