Яагаад ”Ухаа худаг” гэж?

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Яагаад ”Ухаа худаг” гэж?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны
баасан гаригийн үдээс хойш гишүүд Засгийн газрын мэдээлэл сонсдог. Энэ
удаа эрхэм гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Ц.Шинэбаяр нараас Монгол Улсын
Ерөнхий сайдад тавьсан Тавантолгойн нүүрсний ордын Ухаахудагийн хэсгийг
“Энержи ресурс” ХХК-д олгосон болон Тавантолгойн ордыг ашиглахтай
холбогдсон зарим асуудлын талаарх асуулгын хариуг сонслоо. Асуулга
тавьсан гишүүдийн зүгээс Тавантолгойн ордоос Ухаахудагыг олгосон нь
буруу, алдагдалтай шийдвэр гэх талаас нь асуудлыг хөндөж байсан бөгөөд
энэ бүхэн нь үндсэндээ “ЯАГААД УХАА ХУДАГ ГЭЖ” гэх асуултад хариулт
авахыг хүссэнд байв. Харин бусад гишүүдийн хувьд энэ орд газрын цаашдын
ашиглалтын талаар илүүтэй сонирхож байсан юм.

Үндсэн
асуудал юунаас эхтэйг тайлбарлавал Засгийн газраас 2007 оны 12 дугаар
сард удирдамж гаргаж, ажлын хэсэг томилон “Энержи Ресурс” ХХК-ийн
ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Тавантолгойн орд газарт төрийн
оролцооны хувь хэмжээг тогтоох асуудлаарх хэлцлийг дөрвөн сар орчим хийж
хэлэлцсэний эцэст “Энержи Ресурс” ХХК-ийн эзэмшилд байсан  зургаан
лицензээс таван лицензийг төр өөртөө шилжүүлэн авч Тавантолгойн нүүрсний
ордоос Ухаахудаг талбайд ашигт малтмалын ашиглалтын нэг тусгай
зөвшөөрлийг үлдээхээр шийдвэрлэсэн тухай. Гэтэл хувийнханд үлдээсэн
Ухаахудагийн энэ орд нь нийт Тавантолгойнхоо нөөцийн нилээдгүй хувийг
эзэлж. Ингээд л асуудал босч ирж, ийнхүү чуулганы танхимд хүртэл орж
ирсэн аж.

Тайлбарыг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт хийсний дараа
гишүүдийн зүгээс асуулт цувлаа. Гишүүд асуулт, саналаа хэлэхэд сайд
тухай бүрт нь хариулт, тайлбар хийж байсан ба голлох санааг нь хүргэвэл.

Д.Зоригт: ГАЗРЫН БАЙРЛАЛААС НЬ БОЛЖ УХААХУДАГИйГ СОНГОСОН

Ухаа
худагийг сонгож үлдээсэн шалтгаан нь газар­зүйн тусгаарлагдсан
бай­дал­тай нь холбоотой. Гол нь үйл ажиллагааг нь зааглахын тулд.
Компа­нийн үнэлгээ нь бэлэн мөнгөний урсгал, жилд хэ­дэн тонныг гаргах
төлөв­лөл­төөс хамаардаг. Гэтэл зарим нь ирээдүйд олох ашгийг өнөөдрийн
үнэ цэнээр нь бодоод байна. Том тавантолгойгоос олборлох олборлолт
жилдээ 15 сая тонн, цаашид 20 сая тоннд хүрэх боломж бий. Ухаа худгийнх
мөн жилийнх нь олборлолт 15 сая тонн байгаа. Гэхдээ “Эрдэнэс
тавантолгой” компанийн нөөц маш их учраас олборлолт урт хугацаанд явна,
харин Ухаа худгийнх дуусна гэж ойлгох хэрэгтэй.

Ашигт малтмалын
хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихгүй байгаа шалтгаан нь
асуудлыг Ерөнхийлөгчид шилжүүлсэнтэй холбоо­той. ҮАБЗ-ийн хуралдаан дээр
энэ төслийг Ерөн­хийлөгчийн зүгээс өргөн барьсан нь илүү тохиромжтой юм
гэж үзсэн тул ийн шилжүүлсэн. Ерөнхийлөгчийн тамгын газар ойрын үед
өргөн барина гэдгээ мэдэгдэж байгаа.

Л.Гүндалай: ЖИЖИГ ЛИЦЕНЗҮҮД ЦЭГЦЛЭГДЭХГҮЙ Л БАЙГАА

Таван
толгойг нийтдээ хэд хуваачхаад байна вэ. Үүнийг нарийн хэлж өгөхгүй бол
төөрөгдөлд орчхоод байна. Том Тавантолгой энэ ондоо багтаагаад 500-с
нэг сая тонн нүүрс урагшаа гаргана гэж байна. Гэтэл бид өөрсдөө
экспортолж болж байж яагаад гурав дөрөв дэх этгээдийг гаднаас хайгаад
байгаа юм бэ. Лиценз, талбайн хэмжээг багасгасан гэсэн нэг л их тоо
гаргаад байх юм. Яг өнөөдөр жижиг лицензүүд цэгцлэгдэхгүй байгаа шүү
дээ.

Д.Дэмбэрэл: ГИШҮҮД АСУУГААД Л, ТА НАР ТОЙРООД Л БАЙХ ЮМ

Лицензийн
асуудал юу бо­лоод байгааг нэг товчхон тайлбарлуулмаар байна.
Таван­тол­гойг тав хуваачихсан юм уу. Ойлгоход хүнд л болоод байна. Мөн
Ашигт малтмалынхаа хуулийн төслийг та нар хэзээ оруулж ирэх гээд байгаа
юм. Гишүүд энэ талаар асуугаад л, та нар тойроод л байх юм.

Ц.Шинэбаяр: АЙМГУУД ЯАГААД ХӨГЖИХГҮЙ БАЙНА

УИХ-ын
27-р тогтоолыг Засгийн газар огт биелүүлэхгүй гэдгээ зарлачихсан байна.
Таван­толгойд багтах Ухаахудаг, Нарийн­сухайт дээр төрийн эзэмшлийн
хувь хэмжээг тогтоохгүй. Үүнтэй холбоотой авах татвараа авч чадахгүй
байна. Мөн өнөөдрийн байдлаар А лиценз 1207 ширхэг байна. Үүнийг 21
аймагт хуваавал нэг аймагт 60 уурхай, 60 лиценз ногдож байна. Гэтэл
эдгээр аймгууд хөгжихгүй байна.  Ард түмэн, аймагт орлого нь очихгүй
цөөн тооны хүний гарт очиж байна. Ухаахудагийн хувьцааг Хонконгийн бирж
дээр зарсан тохиолдол гарсныг Хонконгийн хэвлэлүүд мэдээлсэн гарсан.
Хариуцаж буй яам үүнийг мэдэж байгаа юу?

Батж.Батбаяр: НЭГЭЭС НЬ АВЧиХААД НӨГӨӨД ӨГНӨ ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ

Төрийн
эдийн засгийн тогтвортой бодлого алга. Тавантолгойг төр авсан нь зөв
үү.Төрийн авсан 96 хувь, үлдсэн дөрвөн хувь яаж ажиллаж байна. Төр одоо
ард түмэнд өгнө гэж хурааж авсан юмаа өөр компанид өгнө гээд байна.
Социализмын үе шиг нэгээс нь хураагаад, түүнийгээ  нөгөөд нь зарж болох
уу. Төр эзэмшинэ гэж авчхаад нөгөөд зарах гэдэг нь юу вэ. Компани
эзэмшиж болохгүй гэж авчхаад нөгөө компанид өгнө гэдэг нь юу гэсэн үг
вэ. Стратегийн орд гэж дарга нарын өөрсөддөө зориулсан дээрэм байна.
Стратеги гэдэг хамгийн их мөнгө олох зүйлийг төр хураан авч, бизнес
хийнэ гэсэн үг биш.

С.Эрдэнэ: НИЙТ ҮНЭЛГЭЭНИЙ 40 ОРЧИМ ХУВЬТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ОРДЫГ ӨГЧИХЖЭЭ

Эрдэс
баялаг, эрчим хүчний яам, түүний сайд Тавантолгойн асуудалд тун
хариуцлагагүй хан­­даж ирсэн. Өнөөдөр бид Оюутолгойг үндсэндээ тавиад
туучихсан. Ингэхээр ард түмэнд очиж болох цорын ганц баялаг бол
Тавантолгой. Үүнийг тавиад туух уу, Өнөөдөр энэ ордын өрөм, сор болсон
хэсгийг таслаад дөрөв тавхан гэр бүлийн өмч болгоод өгчихсөн. Өөрөөр
хэлбэл, нийт үнэлгээний 40 орчим хувьтай тэнцэх хэмжээний үнэлгээ бүхий
ордыг өгчихсөн байгаа. Үлдсэн 60 хувийг 2,7 сая монгол хүн хувааж,
хувилж хүртэх юм байна л даа. Ийм байдлаар увайгүй дээрэм хийдгээ
боливол яасан юм бэ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд огцрох ёстой.
Асуудлыг хянаж, хуулийн дагуу явуулж чадахгүй байгаа Ерөнхий сайд өөрөө ч
хариуцлага хүлээх ёстой.

Б.МАНДАХ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж