Бангкок үерийн гамшигт нэрвэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Бангкок үерийн гамшигт нэрвэгджээ

Тайландын нийслэл 12 сая хүн­­тэй Бангкок  үерт автсан хэ­вээр байна. Чао-Прайя голын урс­галын дээд хэсэгт байгуулсан түр ху­гацааны далан сэтэрснээс гадна усан бороо үргэлжлэн орсоор байна.  Бангкокийн оршин суугчдад хэдэн арван тонн хог, хорт могой, хотын захын фермүүдээс зугтсан матар, асар их усны урсгал хөнөөл занал авчирч байна. Хүн амыг нүүл­гэхэд эрх баригчид армийг дайчилжээ. Бангкок ба түүний эргэн тойрны нутаг дэвсгэр усанд живсээр байгаа бөгөөд дэлхийн мэдээллийн агентлагуудын мэдээгээр төвийг нь оролцуулсан 13 дүүрэг усанд автаад байна. Чао-Прайя  голын орчмоор амьдардаг хүмүүсийг нүүхийг хотын захиргаанаас  нь анхааруулжээ.  Харуул хамгаалалтын дор байдаг хотын коттежүүдийн суурины хүмүүсийг бүрэн нүүлгэсэн байна. Бангкокийн хойд ба баруун дүүргүүдээс хүмүүсийг бас нүүлгэж байгаа бөгөөд тэнд усны төвшин одоо 2-3 метр болоод байна.

Аюул харьцангуй бага дүүргүүд нь хотын өмнөд хэсэг ажээ. Нутгийн болон гадаадын жуулчид хотоос гарахаар оролдон галт тэрэгний буудал ба нисэх буудлуудыг  дүүргэсэн байна. Аюулгүй газрын эрэлд хүмүүс өмнө зүг рүү хөдлөн далайн эргийн Хуахин хот ба Сиамын булангийн эргийн Паттайя амралтын бүсүүд рүү орж ирэв. Дээрх хотууд болон тэр хавийн мужуудад үер болоогүй ажээ. “Reuters” мэдээлснээр, Тайлан­дын тээврийн алба гамшгийн цар хүрээг тогтоож чадахгүй байна. Хяналт тавьдаг багаж төхөөрөмжийн ихэнх усанд живжээ. Сүүлийн хагас зуун жилийн дотор хамгийн хүчтэйд тооцогдох энэ үер нь долдугаар сарын дундуур эхэлсэн борооны улирлын тасралтгүй асгарах аадараас үүдэлтэй гэнэ. Вант улсын Гамшгийн аюултай тэмцэх албаны мэдээгээр гамшгийн бүсэд хойд ба төвийн нутгийн 2,2 сая хүн байгаа ба 377 хүн амиа алдаж, 720 мянган хүн эмнэлгийн тусламж авсан бол үерт 800 мянга гаруй байр байшин урсчээ. Өнгөрсөн  амралтын өдрүүдэд Бангкокийн Чао-Прайя гол эргээсээ халин хүн ам нягт суудаг Чайна-таун болон жуулчдын ихээр очдог хааны ордны нутаг дэвсгэрийг живүүлсэн байв. Баасан гаригт олон жуулчид байсан хааны ордны орчмоос мотоциклын хөлсний тэрэгний жолооч хоёр метрийн могойг барьсан байв. Хүмүүс усанд автсан фермээс зугтсан матруудаас айж байна.

Голын усны төвшин нэмэгдсээр байгаа ажээ. Сүүлийн мэдээгээр усны төвшин далайн төвшнөөс 2,4—2,5 метрийн өндөрт хэлбэлзэж байна. Хорин жилийн өмнө барьсан далангийн өндөр нь 2,5 метр байгаа. Зарим районд тухайлбал,  Тхонбурид ус  үерийн даланг эвдэлсэн байна. Эргийн далангүй голд ойр нутагт байр байшингууд бүгд шахуу усанд автжээ.  Одоо мэргэжилтнүүд хойд зүгээс голд цутгах үерийн их урсгал ба Сиамын булангийн далайн түрлэг хоёрын нийлэлтэд түгшиж байна. Далайн төвшин  1,5-2 метрээр нэмэгдэн, Бангкокоос өмнө хэсэгт голын усанд автагджээ. Олимпийн хагас сая усан сангийн хэмжээтэй тэнцэхээр их ус Бангкокт энэ бямба гаригт орж ирэн голын усны төвшин далайнхаас 2,75 метраар илүү болно гэдгийг мэргэжилтнүүд баасан гаригт сануулсан байв. Ерөнхий сайд Йинглак Чинава­тын хэлснээр Засгийн газар нь Банг­кокийн зүүн талын замуудыг сэтлэн суваг ухах талаар бодож, тооцоолж байгаа гэнэ. Өмнө нь Тайландын эрх баригчид Toyota Motor корпорацитай холбосон авто замын тээврийг саатуулна гээд тэр санаанаас татгалзсан байв. Харин одоо эдгээр үйлдвэр усанд автан ажиллахгүй байгаа учраас замуудыг сэтэлсэн суваг ухахад саадгүй болж байна.  Үерийн улмаас хорь гаруй мужид хүмүүст дүрвэх мөн гамшгийн эсрэг ажиллахад нь зориулан тав хоногийн амралтын өдөр зарлажээ. Чао-Прайя голын эргийн 13 дүүргийн хүн амыг нүүлгэхээр хотын мэр Сукхумпхан Парибат дахин сануулсан байв. “Та бүхний гэр оронд ус орж ирээгүй ч гамшгийн аюул ойрын өдрүүдэд хэвээр байна” хэмээн мэр хэлжээ. Засаг захиргаа нь үлдсэн байр сууцыг цагдаагийнхан хамгаалалтдаа авна гэж мэдэгдээд хүмүүсийг тайвнаар аюулын бүсээс гарч явахыг уриалжээ.  Гэсэн ч хотын дүүргүүдээс хүн амын дөнгөж 20 орчим хувь нь нүүсэн байв. Эд хөрөнгөө алдахаас айсан хүмүүс нүүхээс татгалзаж байна. Бангкок ба хотын захуудад орхигдсон байр сууцыг тонон дээрэмдэх нь  ихсэж байгаа гэнэ.

Бангкокийн хамгаалалтын далан­гуудыг хэдэн зуун мянган элс­тэй шуудайгаар бэхэлсэн бөгөөд мянга гаруй усны шахуургууд бүрэн бэлтгэгдээд байна. Янхи  эмнэлэгийн ойролцоо нэг метрийн өндөртэй элсэн шуудайтай даланг эмч сувилагч нар нь босгож байхад хажуу дахь суваг хогоор дүүрэн усны төвшин нь эрс нэмэгдэж байна хэмээн “Reuters” мэдээлжээ. “Эмнэлгийн эргэн тойрон  хүмүүс тасралтгүй, амралтгүй ажиллаж байна. Өвчтөнүүдийг ачааны машин, завиар авчирч байгаа. Өчигдөр жирэмсэн эмэгтэйг авчирсан нь одоо амаржаад байна” гэж доктор Супот сурвалжлагч нарт ярьжээ. Бангкоктой   залгаа Нонтбури мужид босгосон элстэй шуудайгаар босгосон далан сэтэрч их хэмжээний ус урсан орж ирсэн бөгөөд Замын ус зайлуулах системийн дээгүүр усны урсгал давжээ. Ядуусын Бэнг-Пхлад суурины жижиг модон байшингууд хог урсах өмхий усанд живсэн байна. Хүмүүс нь бичиг баримт болон ойр зуур хэрэглэх эд зүйлсээ аван урсгал сөрөн өндөрлөг өөд тэмүүлж байгаа гэнэ. Далан гурван настай Тем Каеукео овоолсон хог новшин дээр суугаад хагас живсэн телевизийн дэлгэц рүү харан “Бүгд сүйрлээ. Байгалийн гамшиг юм чинь яах билээ. Гэхдээ би эндээс явахгүй” хэмээн хэлэв. Гамшигтай тэмцэхэд арми дайчлагдаад байна. Батлан хамгаалах яамны сайдын хэлснээр 50 мянган цэргийн албан хаагчид 1000 гаруй завь ба машинтайгаар хүмүүсийг нүүлгэж байна. Засгийн газрын хямрлын эсрэг төвийн мэдээгээр удалгүй найман мужид 100-200 мянган хүн хүлээн авах дүрвэгсдийн найман төв гарч ирнэ. Зүүн өмнөд Азийн автын үйлдвэрлэл болон олон улсын компаниудын угсралын гол бааз болсон Тайландын эдийн засгийн хохирол улам нэмэгдсээр байна. Бангкокийн зүүн хойд хэсгийн долоон том аж үйлдвэрийн районтой тээвэр тасалдаж байгаа учраас олон компаниудын хангамж тасалдан үйлдвэрлэл зогсох нь ихсэв. Компьютерийн эд анги бэлтгэх Америк, Японы компаниудын салбарууд усанд автаад байна. Тайландын банк энэ жилийн эдийн засгийн өсөлтийн 4,1-2,6 хувь болгон буулгажээ. Арванхоёрдугаар сард тэр үзүүлэлт нь 1,9 хувь болсон байх гэнэ. Үүний зэрэгцээ үерийн улмаас нийт зургаан сая жуулчдаа Тайланд алдаж магадгүй болоод байна. Тайландын эрх баригчдын хамгийн тааруухан тооцоогоор үер арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилж, нийт жуулчдын тоо 6,3 сая хүнээр буурах гэнэ. Жуулчны салбар нь нийтдээ 800 сая ам.долларын хохирол амсч магадгүй байна. Энэ жил Тайланд 19,5 сая жуулчин хүлээн авах тооцоотой байсан юм. Одоогоор тэдний тоо 400 мянгаар буураад байна. Гэсэн хэдий ч Тайланд үер арваннэгдүгээр сард татарч том хохирлоос мултарна гэж үзэж буй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж