
Хэрүүл үүгээр өндөрлөсөнгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хууль бус үйлдлийн талаар мэдэгдэл гаргаад байгаа МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр УМБГ-т хандаж “УМБГ-аас зарлан дуудах хуудас ирүүлж өөрт нь холбогдолгүй асуудлаар шалгах гэж оролдож байгаа нь улс төрийн зорилгоор гэр бүлийн хүмүүсийг айлган сүрдүүлэх, хамт зүтгэж байгаа хүмүүст хууль бус дарамт үзүүлэх, шударга ёсны төлөө тэмцэж буй дуу хоолойг боомилох, улс төрийн идэвхитэй үйл ажиллагааг хаан боогдуулах гэсэн увайгүй оролдлого” гэж сүрхий дуугарч. Н.Энхбаяр төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хувьд ноцтой алдаа гаргасан бол хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хэлээд байна. Өөрийнх нь хэлээд буй шиг хууль бус явдал нь Ц.Нямдоржтой холбоотой гэлээ. Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Нэгдүгээрт би баривчлах тушаал өгдөггүй. Н.Энхбаярыг баривчлах ч гэсэн зүйл байхгүй. Цагдаа, прокурорын түвшинд шалгагдаж байгаа юм гэсэн ш дээ. Хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой, “Өргөө” зочид буудал гэх мэтийн юмнууд шалгагдаж байгаа юм билээ. Тэр үед мэдүүлэг авах зайлшгүй шаардлага гарсан учраас Н.Энхбаярыг дуудсанд огт ирээгүй. Цагдаагийнхан ярилцаж байгаад албадан ирүүлэх арга хэмжээ авъя гэсэн юм билээ. Үүн дээр намайг хардаж байх шиг байна. Надад эрүүгийн хэрэг үүсгэх эрх байхгүй. Улс төрийн холбогдолтойгоор л хэлж байна. Намайг зайлуулчих юм бол шалгагдаж байгаа хэрэг нь хаагдчихна гэсэн тооцоотой л үүнийг хэллээ гэж ойлгосон. Харамсалтай нь үүнд гар бие оролцсон нэг сэтгүүлч хоёр, гурван сар хоригдчих шиг боллоо. Хариуцлагаас мултрах арга хайж байна” гэж үргэлжлүүлэв. Ингэхдээ надад идсэн, луйвардсан зүйл байхгүй гэдгийг бас л дуулгав.
Харин нөгөөх нь Ц.Нямдорж зөвхөн төрийн албанд ажиллачихаад хаустай энэ тэр гээд л уурсаад байгаа. Хамгийн хачирхалтай нь, Ц.Нямдорж “Н.Энхбаяр өөрийн томилсон шүүгчдээрээ дамжуулан намайг яллуулах гэж байна” гэх бол Н.Энхбаяр “Ц.Нямдорж эрх мэдлээ ашиглан өөрийн мэдэлд байгаа цагдаа, прокуророор дамжуулан намайг яллах гэлээ” гээд буй нь сонин. Хууль, хяналтын байгууллага өөрсдийн толгойгоор бус тэдний заавраар ажилладаг гэдгийг энэ явдал нотлоод байх шиг. Нэгэнтэй энэ хоёр эрхэм ингэж болдгийг хэлчихлээ. Өмч, хөрөнгөөр дамжин илэрсэн өс хонзонгоо үргэлжлүүлэхдээ хууль, хяналтын байгууллагыг хавчуулаад шавартай хутгалаа, ичээсэй хүчнийхэн…
С.Эрдэнэ vs Ж.Сүхбаатар…
Нөгөө хоёроосоо арай “мини” улстөрчид юм даа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Эрүүгийн элемент царайлсан хулгайч, новш” гэж байх юм. Ер нь иймэрхүү байдлаар биенээ доромжилж, биеийн нүүр байтугай хэсэг улайхаар хэрүүл их болох юм. Бага насныханд үзүүлмээргүй юм билээ, хараалын үгнээс эхлээд хөнжил, гудасны хэрүүл хүртэл хийх юм. Адаглаад эхнэр, хүүхэд нь энд тэндэхийн телевизээр харчихна гэж боддоггүй л юм байх даа. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхан “Эрүүгийн элементээр дуудаад байна гэдэг бол ёс зүйн доголдолтой байна л гэж үзнэ. Ёс зүйн дэд хороо арга хэмжээ авна” гэлээ. Хэрэв Ц.Нямдоржийг Ж.Сүхбаатар ингэж хэлсэн бол “Ахаа, байя аа” гэтлээ гөвшүүлэх байсан юм. Өмнө нь цор цор хийж байгаад алганы амт үзээгүй юу. Ингээд бодохоор С.Эрдэнэ ч эрүүгийн элемент биш бололтой. Мөнсөн бол Ж.Сүхбаатар ингэж суухгүй байхсан. Ичиг ичиг…
Төсөв vs амлалт…
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг баталлаа. Баталсан тодотголын хувьд, төсвийн орлого өмнөх төсвөөсөө 615 тэрбум төгрөгөөр, төсвийн зарлага 824 тэрбум төгрөгөөр тус бүр нэмэгдэж буй юм. Ингэснээр төсвийн алдагдал ДНБ-ийн 9.6 хувьтай тэнцэж байгаа юм. Орлого өсөхийн хирээр зарлага өсч буй нь улстөрчдийн амлалттай холбоотой. Өмнө нь төсвөө танахын тулд л голдуу гар хүрдэг байсан бол энэ жилийн хувьд эсрэгээрээ. Эхний ээлжинд энэ оны эцэс гэхэд ахмадуудад нэг сая төгрөг олгоно. Төсвийн тодотгол үүнд хийгээд бүтээн байгуулалт гэх зарим ажилд зарцуулагдана. Уул уурхайгаас орж ирэх мөнгөтэй холбоотойгоор төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 250 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Харин ирэх оны төсвийг тун удахгүй хэлэлцэнэ. Ингэхдээ Ардчилсан нам, МАН-ын бүлгүүд өөрсдийн амлалтаас үлдсэнийг нь биелүүлэхээр төсөвт суулгах болно.
АТГ vs Ч.Сангарагчаа
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа суллагдлаа. АТГ-ын дарга нарын хувьд төрийн нууц задруулсан, гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн, бусдын нэр хүндийг гутаасан гэсэн зүйл ангиудаар буруутгагдсан. Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар тэдэнд оноосон хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн, тэнсч, тус бүрийг нэг жилийн хугацаагаар хянан харгалзах шийдвэр гаргасан билээ. Ингэснээр АТГ-ын удирдлагууд гэмт хэрэг үйлдсэн нь эцсийн байдлаар тогтоогдлоо. Гэхдээ энэ шийдвэрийг буруу гэж үзвэл 30 хоногийн дотор Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй. Харин Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ц.Монгол гомдол гаргахаа мэдэгдээд байна. Тиймээс АТГ-ын дараагийн удирдлагуудыг томилох тухай яриа сарын дараа гарах нь. Харин энэ хооронд АТГ-ын удирдлагууд ажлаа хийх нь нэгэнтэй тодорхой боллоо. Тиймээс хэзээний ажилдаа оржээ. Тэгвэл Ерөнхийлөгч энэ газрын дарга нарын асуудлыг УИХ-ыг оруулж ирэхийг шаардаж, түүний дараа хэнийг энэ суудалд томилохоо санал болгоно гэж мэдэгдээд буй. Өнгөрсөн долоо хоног иймэрхүү ноцсон, ноолсон ужиг хэрүүл, уур бухимдлаар дүүрч, маргаантай, басхүү заримынх нь хэрүүлийг “шүүсэн” байдалтай телевиз үзэж, сонин гарчиглахад зугаатай ч юм шиг. Ингэхэд тэдэнд ичих булчирхай бий болов уу.
"Ардын эрх" сонин
