VIP такси үйлчилгээнд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.30-нд нийтлэгдсэн

VIP такси үйлчилгээнд гарлаа

“УБТ” ХХ Компани өчигдрөөс эхлэн VIP такси үйлчилгээнд гаргалаа. Тус компани 2002 онд анх байгуулагдсан, 500 автомашиныг жолоочид нь хувьчлан өгсөн туршлагатай байгууллага юм. Одоо тус компани нь “Верна“ маркийн 30 гаруй автомашинаар нийслэлийн иргэдэд таксийн үйлчилгээг хүргэж байгаа юм.

Олон улсын жишгээр VIP такси нь зэрэглэл өндөртэй, нэр хүнд бүхий үйлчлүүлэгчдэд зориулагдсан, илүү тохь тухтай, тансаг гэдэг утгаараа нийтийн тээврийн бусад үйлчилгээнээс үнэтэй байдаг. Харин “УБТ” компанийн хувьд өөрийн орны онцлогийг харгалзан үзсэний үндсэн дээр эхний хоёр км-т 3000 төгрөг, дараагийн гурав дахь км-ээс 1000 төгрөг байхаар үнээ тогтоожээ. VIP такси нь 1109 дуудлагын үйлчилгээ болон тусгай үйлчилгээ, хурим, бусад ёслолын арга хэмжээний үйлчилгээ, гадаадын жуулчид, бизнес шугамаар ирж буй хүмүүст зориулсан онгоцны буудлаас тосох, үдэх болон монголд байх үед нь гэрээгээр үйлчлэх үйлчилгээ, бизнесийн хурал цуглаан гэх мэт олон тооны хүмүүст захиалгаар үйлчлэх үйлчилгээг үзүүлэх ажээ.

Монголын нүүр царай болсон өндөр зэрэглэлийн зочид буудал, офиссын барилгуудын үүдэнд тансаг, өндөр зэрэглэлийн VIP такси тосч үйлчлэн нийслэлийн нүүр царайг чимээд зогсохгүй харилцагч, үйлчлүүлэгч, гадаад, дотоодын жуулчид, бизнесмэнүүд, нэр хүнд бүхий хүмүүсийн талархлыг хүлээнэ гэдэгт тус компанийхан итгэлтэй байгаа аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж