Хэрүүл, хонзонгийн далай

Хуучирсан мэдээ: 2011.10.30-нд нийтлэгдсэн

Хэрүүл, хонзонгийн далай

Улс төрийн дээд хүрээнийхэн сүүлийн хэд хоногт хэрүүл, хонзонгийн далайд живлээ. “УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө гишүүн хариуцлага хүлээхгүй” гэсэн хуулийн заалт бий. Гэхдээ энэ удаагийн эхний хэрүүл чуулганы танхимд бус байнгын хорооны хуралдааны танхимд болсон. Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн мэдүүлсэн УИХ-ын есөн гишүүний саналыг УИХ-ын удирдлага хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж, улмаар бүлгүүдийн хурлаар үүнийг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороогоор оруулах байснаа больсон юм. Энэ тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар мэдэгдсэнээс болж Ерөнхий сайдыг унагах “операц” сэдсэн эрхэм гишүүн Ц.Батбаяр, Н.Батбаяр, С.Эрдэнэ нар  амаараа “хутга, сэлэм” гялалзуулан байдлыг хурцатгасан. Гишүүн С.Эрдэнэ байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарыг “Чи Үндсэн хуулиар далайлгаж гишүүдийн өргөн барьсан саналыг хэлэлцүүлдэггүй хэн юм. Чи бол новшийн амьтан, хогийн баагий, СЕХ-нд ажиллаж байхаасаа сонгуулийн будилаан хутгасан” гэх зэргээр давшилж, Ж.Сүхбаатар гишүүн хариуд нь “Эрүүгийн элемент царайлсан, хулгайч, луйварчин” хэмээн гал дээр тос нэмж бөөн хэрүүл мандсан юм. “Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх нь Үндсэн хуульд харшилж байгаа” гэсэн Ж.Сүхбаатар гишүүний үгийн хариуд Н.Батбаяр гишүүн “Би чамайг бодвол наад Үндсэн хуулийг чинь баталсан депутатын нэг байна. Чи бол манай УИХ-ын гишүүдийн хамгийн бага нь. Ах нь бол…” гээд л авч өгсөн. Харин цаадах нь “Энд ах дүүгийн харилцаа байхгүй” гэж чангарсан. Ер нь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан баахан хэрүүлээр дүүрсэн юм. Хэнтийн Дархан, Бор-Өндөр сумдыг салгах тухай санал хэлэлцэх үеэр гишүүн Х.Тэмүүжин, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатарын хооронд бас хэрүүл дэгдэв. Гишүүн Х.Тэмүүжин “Засгийн газар увайгүй, сайд нар нь их зантай, чи хэн юм” гэхэд Ч.Хүрэлбаатар сайд “Би хүн байна. Чи хэн юм гэж юу хэлж байгаа юм. Чи намайг нохой сууж байна гэж хараад байна уу” гэсэн хариу барьж бас л хэрүүлийн манан татуулсан. 
Үүний дараа УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхан, Ардчилсан намын хэсэг гишүүний хамт С.Эрдэнэ гишүүний нэрийн өмнөөс Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарыг ёс зүйгүй авирласан гэж УИХ-ын ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх санал дэвшүүлээд байна. УИХ-ын гишүүд үе үе ингэж захын найркачид ч хэлэмгүй үгийг бие бие рүүгээ цацаж хэр ёс зүйтэй эрхмүүд вэ гэдгээ харуулдаг юм. 
Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын хооронд хонзонгийн далай цэлэлзлээ. Олон жилийн өмнөөс нэг намын кадрууд байж, нэг Засгийн газрын танхимын буулга дор зүтгэж, Ерөнхий сайд, сайд явсан хоёр эрхмийн түнжин тун ноцтой хагарчээ. Бие биеийнхээ хөрөнгө чинээг дуудаж, хаанаас хэнээс, ямар замаар зувчуулж өөрийн болгосон бэ гээд л авч гарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Ц.Нямдорж сайдад “МАНАН-гийн удирдагч, зохион байгуулагч, дарангуйлагч” гэсэн “цол, хэргэм” хүртээж өөрийнх нь болоод хүүхдүүдийнх нь эд хөрөнгө, хаус зэргийг цэвэр бус аргаар олдсон эд гэдгийг тунхаглан, бас болоогүй хаус бариулахдаа хоригдлуудыг дайчилж, нэг нь барилгаас унаж, бас нэг нь амиа хорлож, хоёр хүний амь хохирсныг сэтгүүлчдэд дуулгав. 
Харин Ц.Нямдорж сайд экс Ерөнхийлөгчийг хувьчлал будилаантуулж хууль бусаар, луйврын замаар өөрийн болгосон барилгуудынхаа улмаас прокурор, цагдаад дуудагдаж байгааг илчиллээ. Төрийн ордны баруун, зүүн этгээдэд байдаг том, бага хоёр барилга Ерөнхийлөгч асныг хууль, хяналтын байгууллагад дуудагдахад хүргэжээ. Дуудлага өгөөд  очихгүй болохоор нь өргөөнийх нь гадаа очиж дуудахад хүрсэн гэнэ. Хэвлэх үйлдвэрийн дутуу нураасан байшин, МОНЦАМЭ-гийн арын “Өргөө” зочид буудал хоёрыг хууль бусаар өөрийн болгосон хэрэгт экс Ерөнхийлөгч унаад, үүнээсээ болж Хууль зүй, дотоод хэргийн сайд руу “хар энерги” цацаж буй гэж Ц.Нямдорж сайд мэдэгдлийнх нь хариу болгон хэлэв. “Хэргээс мултрах гэсэндээ л гарц хайж байгаа юм байлгүй” гэж Хууль зүйн сайд мэдэгдсэн. Ингээд эзэн нь олддоггүй, “Н.Энхбаярынх юм биш үү” гэхэд мэдэх хүн гардаггүй байсан хэвлэх үйлдвэрийн хувьчлалын будилааны эзэн хэрүүл дундуур тодорч, хэргийн эзэн мэдэгдэл гаргасныхаа хариуд “юун үхрийн гуя” гэдэг шиг ил болов. Баахан хүн хэлмэгдэж хохирсон нь ч илрэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд ч хэдэн хаустай, ямар үнэтэйг нь дэлгэхдээ тулав. Нэгэн цагт хагацашгүй андууд явсан тэд одоо бие биеийн өвөр түрийг уудалсан хонзонтнууд болжээ. Харин нэгэн цагийн дайсан мэт явсан М.Энхсайхан одоо МАХН-ын дарга Н.Энхбаярын баруун гар болчихсон ч явах шиг. Н.Энхбаяр нь М.Энхсайханыг хятадын эрлийзээр нь дуудаж, М.Энхсайхан ч УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байхдаа “Н.Энхбаяр ОХУ-д их өр төлөхдөө 50 сая ам.долларыг зувчуулсан. Түүнийг ажлын хэсэг гаргаж шалгуулна. Их өр төлөхөд зуучилсан Чехийн компани тарж сураггүй болсон. Учрыг нь олно” гэж байсанаа Казахстаны Астана хот руу ШХАБ-ын чуулга уулзалтад хамт явж ирээд “Н.Энхбаяр шиг шударга хүн хорвоод байхгүйг мэдлээ” хэмээн мэдэгдэж, ууланд хамт авиран, андын тангаргаа батжуулсан. Гэхдээ хэзээ тангараг нь тонгорог болж, хуучин цагийн өсийг сэргээхийг таашгүй. 
УИХ-ын сонгууль дөхөж байна. Сонгуулийн чимээнээр хэрүүл, хонзонгийн далайд дээдсүүд автаж, хэлэх хэлэхгүйгээр бие бие рүүгээ давшлах болов. АТГ, шүүх гэлтгүй бие биеийнхээ булхайг ингээд дуудалцаад өгөх юм биш үү. Удахгүй хэн нь хэнийхээ шившгийг хутгаж, ил далд олсон хураасныг нь дуудахыг хүлээж суух л үлдлээ. 
Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж