Mэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарна

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Mэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарна

Дорнод аймгийн хувьд газрын тос, ураныг олборлох, эдийн засгийн эргэлтэд оруулах, эндээс нутгийн иргэд хувь хүртэж, аймгаа хөгжүүлэх боломжтой.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт “Петрочайна Дачин Тамсаг” компани ажиллаж, газрын тос олборлож байна. Энд 2000 орчим гадны ажилчид байгаа, энэ жилээс монгол ажилчдын тоог 700-д хүргэх юм байна.

Нэгэнт Дорнодын газар нутагт газрын тосны олборлолт өргөжиж байгаа тул , энэ орон нутгаас салбарын боловсон хүчин бэлдэхэд анхаарч байгаа гэж Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан хэллээ. Дорнодоос нийт 13 оюутан газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын болон Засгийн газрын зардлаар уул уурхай, газрын тосны мэргэжлээр суралцаж байна. Мөн БНХАУ-д Дорнод аймгийн дөрвөн оюутан газрын тосны чиглэлээр суралцаж байгаагийн хоёр нь өнгөрсөн жил Бээжингийн их сургуулийн шилдэг оюутнууд болжээ.
Дорнод аймагт шаталсан сургалттай мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байдаг. Энэ сургуульд газрын тосны техник тоног төхөөрөмж дутагдалтай байдаг учраас мэргэжлийн ажилчидыг орон нутагтаа бэлдэж чадахгүй байгаа тухай орон нутгийн болон сургуулийн удирдлага удаа дараа хүсэлт тавьж байжээ. Ерөнхийлөгчийг Дорнод аймагт ажиллах үеэр тус сургуульд 100 сая төгрөгийн техник өгөхөөр шийдвэрлэснийг Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан хэллээ.

Дорнод аймгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр, гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудтай хэрхэн зохицож, хамтран, харилцан ашигтай ажиллаж болох тухай саналаа хэлж, эдгээр саналуудыг удахгүй өөрчлөхөөр бэлдэж байгаа Ашигт малтмалын тухай хуулинд тусгаж өгөхийг хүсч байсан. Ялангуяа орон нутгаас боловсон хүчин бэлдэхэд тухайн компаниудаас дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг тусгайлан оруулахыг хүсч байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж