@boldlu
Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
Ш.Сүхбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал
Ц.Бямбажав, Батлан хамгаалах Их сургуулийн захирал, бригадын генерал
З.Болдбаатар нарын албаны хүмүүс бидний нэрлэж заншсанаар "Цэргийн
баяр"-ыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон талаарх мэдээллийг
өчигдөр хийлээ.
Монгол цэргийн түүхэн уламжлал, залгамж чанарын тухай ярихын тулд
тэртээх 2000 жилийн өмнөхөөс өдгөөг хүртэлх түүхийг сөхөх учиртай аж.
Жил бүрийн гуравдугаар сарын 18-нд үүнийг үндэслэн Зэвсэгт хүчний өдрийг
тэмдэглэдэг билээ. Одоогоос найман жилийн өмнө буюу 2003 онд баталсан
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил
бүрийн гуравдугаар сарын 18-ныг "Зэвсэгт хүчний өдөр" болгон
тэмдэглэхээр хуульчилсан байдаг. Тэгвэл энэ жилээс эхлэн уг өдрийг
"Монгол цэргийн өдөр" болгон тэмдэглэх болсон байна.
Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл
санаачилсан бөгөөд өнгөрсөн сарын 9-нд хэлэлцэн баталсан юм. Ингэснээр
цэргийн алба хашиж буй болон өмнө нь цэргийн алба хаасан бүх хүн "Монгол
цэргийн өдөр"-ийг тэмдэглэх боломжтой болжээ.
"Монгол цэргийн өдөр"-ийн хүрээнд Зэвсэгт хүчний уламжлалт "Тэргүүний
ардын авьяастан" хамт олон шалгаруулах урлагийн наадмыг зохион
байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна. Мөн "Энэ хүрээнд үндэсний
аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын
нөхөрсөг уулзалт, "Эх орны цэрэг" яруу найргийн наадам, "Цэргийн
жагсаалын дуу" улсын уралдаан, "Буудлагын зэвсэг-90" үзэсгэлэн, хүчит
128 бөхийн барилдаан, "Монгол Улсын төлөө зүтгэе" марш-шоу зэргийг
зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна" хэмээн БХЯ-ны Төрийн
захиргаа, удирдлагын газрын дарга Ш.Сүхбаатар хэллээ.
Энэ жилийн "Монгол цэргийн өдөр" хэд хэдэн онцлог үйл явдлаар үргэлжлэх
аж. Тухайлбал, Завхан, Увс аймгийн төв, зарим сум, Зэвсэгт хүчний 325,
Хилийн цэргийн 0245, 0311, 0277 дугаар ангиудад "Монгол цэргийн
өдөр"-ийг тусгай хөтөлбөрийн дагуу тэмдэглэн Зэвсэгт хүчин, Хилийн
цэргийн үйл ажиллагааг сурталчлах юм байна.