
Хөвсгөл аймгийн харъяат, махны ченж Э.Бат-Эрдэнэ:
-Хаанаас оруулж ирсэн мах вэ?
-Хөвсгөлийнх
-Та хэдэн төгрөгөөр махаа зардаг вэ?
-Нэг кг нь 2500-2700 төгрөгөөр зардаг.
-Яагаад 200 төгрөгийн зөрүү байдаг юм бол?
-Тарган, туранхай, том жижиг гээд их зөрүү бий /инээв/.
-Эртүүд нэг худалдагчаас хэдэн төгрөг нэмж зардаг вэ гэсэн чинь 100-200 төгрөг нэмдэг гэсэн?
-Худлаа, худлаа хэн тэгээд л би ийм “их” ашиг олдог гээд хэлж байх вэ дээ. Гулуузаар нь зардаг хүмүүс 700 төгрөг, жижиглэнгээр зардаг хүмүүс нь 1000 төгрөг нэмж зардаг юм. Тийм бага мөнгө олдог бол яах гэж хар өглөө ирж хөлдөх шахаж мах аваад өдөржин зогсч зарах вэ дээ.
-Та хэзээнээс мах зарав?
-Өө олон жил зарж байна. Өнгөрсөн сард би нэлээд их махтай ирээд Эмээлт дээр нэг кг-ыг нь 2500-аар зараад явсан. Мах үнэтэй болсон байна.
-Эмээлт гэснээс хятадууд та нараас их хэмжээгээр мах аваад нөөцлөөд хавар үнэ хүргэж зардаг гэсэн үнэн үү?
-Эмээлт зах дээр хятадууд ирж мах авдаг нь үнэн. Арван¬нэгдүгээр сар гээд хүйтрээд хүнсний үе эхлэхэд л авдаг юм. Одоо бол харагдахгүй л байна.
-Цайзын орчим зоорьтой гэсэн үнэн болов уу?
-Их хэмжээгээр мах авч байгаа юм чинь зоорьтой байлгүй яахав. Гэхдээ яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна. Та нарт тийм хэрэгтэй байдаг бол ирэх сараас аваад эхлэхээр нь ах нь хэлж өгнө өө.
Баярлалаа.
Бидний хооронд товчхон яриа болж өнгөрсөн ч махны худалдагч, мах худалдан авагч хоёрын дундах үнийн зөрүүг мэдэж бүр цаашлаад хятадууд мах худалдан авч дардаг гэдэг нь үнэн болохыг мэдсэн болохоор хангалттай байсан юм. Аяллын маань дараагийн буудал “Баянзүрх” худалдааны төв байсан ч тэндээс нэг их үр ашигтай зүйл олж харсангүй. Махны үнэ “Хүчит Шонхор”-оос нэг их хол зөрүүгүй нэг, хоёр зуун төгрөгийн нэмэгдэлтэй байлаа. Эцсийн "буудал" бүр ч үр ашиггүй байжээ. Эндэхийн махны үнэ "Баянзүрх" худалдааны төвийнхөөс ялгараад байсангүй. Гэхдээ л мах гэдэг магнаг гэдэг үгийг хэлмээр санагдсан нь мөн л үнэ нь зөрүүтэй байсан юм. Монголчууд 40 гаруй сая малтай ч нэг их удахгүй хямд махны төлөөх “дайн” зарлахад хүрээд буй бололтой. Махны үнэ хавар чангарч, хомсдол үүсдэг тул төр, захиргааны байгууллага намар их хэмжээний мах нөөцөлж, хавар хямд үнэтэй зах зээлд нийлүүлдэг болсоор нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Хаврын хаварт нөөцийн маханд жагсах урт дараалал энэ жил ч мөн үргэлжлэх биз ээ. Өмнө нь сурвалжлага хийж явахдаа танилцаад амжсан махны худалдагч эгчээс үнэ, ханшийн мэдээлэл авахаар очоод “Та надад 100 төгрөг нэмж зардаг гэсэн худлаа байна лээ. Яагаад тэгж хэлсэн юм бэ гэж асуутал” ахаа, эгчээ л гээд гүйдэг та нар хүний муу муухайг ямар их ухдаг юм. Хэдээр авч, хэдээр зарах нь бидний эрх хэмээн уурлаж лангууных нь араас бараг л хөөгдөх шахуу гарсан юм. Үхрийн махны үнэ овоо хэдэн төгрөгөөр өссөн байна. Ченжүүд нээрээ хэзээ үнэ нэмэхээ мэддэг ашигч, амиа бодсон улс юм даа. Мах худалдан авч буй зарим иргэдээс цөөн хэдэн асуултад тодруулга авлаа.
Баянгол дүүргийн иргэн Д.Долгоржав:
-Хэдэн кг махыг хэдэн төгрөгөөр авав?
-Хонины 15 кг мах 3000 төгрөгөөр авлаа. Нийт 45 мянган төгрөг болж байна.
-Хэзээ мах авсан бэ. Таны авч байснаас өссөн байна уу?
-Ерөнхийдөө үхрийн махны үнэ өссөн байна. Харин хонины мах 100-200 төгрөгөөр буурсан юм уу даа. Жижиглэнгээр арай үнэтэй зарагддаг юм байна.
-Үхрийн мах нэлээд үнэтэй болсон байна?
-Бүр 800 төгрөгөөр өссөн байна. Манайх уг нь үхрийн мах хэрэглэдэг юм. Тэгээд мах ийм үнэтэй болохоор хонины мах л авлаа. Хүнсний бүтээгдэхүүн арай л дэндүү үнэтэй байна. Авдаг хэдэн төгрөгөө мах, ногоондоо л зарцуулах юм байна.
-Танайх өвөл хаанаас хүнсээ авдаг вэ?
-Захаасаа л зөөдөг. Нэг авах¬даа 10 гаруй кг-аар нь авдаг юм. Цаашдаа үнэ өснө л гэж байна.Үнэтэй байна гээд хоосон хонолтой биш хэлсэн үнээр нь аваад дасчихаж дээ. Ам бүл цөөн болохоор энэ махаар 20 гаруй хоночихдог юм.
Баянзүрх дүүргийн иргэн Я.Нармандах:
-Та хэдэн кг мах авсан бэ?
-Өвөө нь хоёр кг мах авлаа. Нэг кг нь 3700 төгрөг гэж байна. Мах бага хэмжээтэй болох тусам улам л үнэ ордог юм гэнэ.
-Танайх энэ махаар хэд хонох вэ?
-Манайх ам бүл гурвуулаа. Цөөн ам бүлтэй, тэгээд ногоо холихоор 3, 4 хоночихдог юм. Саяхан авахад хямдхан л байсан.
-Махны үнэ өсөөд байна. Юунаас шалтгаалаад байна гэж бодож байна вэ?
-Төр засаг ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй байна. Зөв бодлого дутагдаж байна. Бэлчээрийн хомсдол үүслээ, мал ихэдлээ гээд яриад л байна. Хүнээсээ олон малтай манайх шиг улсад ийм өндөр үнээр мах худалдаж авч байгаа нь төр засгийн л буруу. Махны үнийг нэг хэмжээнд барих хэрэгтэй.
http://www.mminfo.mn/