Хэт олон нам төрийн бодлогыг задалдаг

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Хэт олон нам төрийн бодлогыг задалдаг

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, төрийн сайд асан, хүндэт сенатор, хүндэт профессор Ханс Цэетмайр, Зүүн хойд Азийн хэлтсийн дарга Вилли Ланге нартай Парламентын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр уулзаж, Германы Бундестагийн сонгуулийн систем, хэвлэл, мэдээллийн үйл ажиллагааны талаар сонсч, эдгээр сэдвээр харилцан ярилцаж, асуулт хариулт өрнүүллээ.

Ноён Ханс Цэетмайрын ярьснаас үзвэл УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэхээр боловсруулсан төсөл ерөнхийдөө Германы Сонгуулийн хууль дээр түшиглэсэн ажээ. Тиймдээ ч ХБНГУ-ын канцлер А.Меркел Монголд айлчилж, УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд оролцон үг хэлэхдээ сонгуулийн шинэчлэлтийн сэдэвт анхаарлаа хандуулсан бололтой.

Парламентад цөөн намын төлөөлөл орвол ард түмний хүсэл зоригийг бүрэн тусгаж чаддаггүй бол хэт олон намын төлөөлөл орохоороо олон нийтийг тараан бутаргадаг аюултай гэнэ. Тухайн улс оронд олон нам оршиж болох боловч бүгдээрээ парламентад орж төрийн бодлогыг задалж болохгүй гэдгийг ноён Ханс Цэетмайр онцолж байлаа. Тиймээс Бундестагт цөөн том нам оруулахын тулд хуулиар тодорхой босго тавьж өгдөг юм байна. Германчууд одоо УИХ-ын гишүүдийн авах гээд байгаа холимог тогтолцоогоор сонгуульддаг. Тухайн намын нэр хүндтэй, нийгэд их юм хийж чадах зүтгэлтэн мажоритар сонгуульд ялагдвал пропорциональ хэсгийн нэрсийн жагсаалтад шилжүүлэн оруулж баталгаажуулж болдог юм байна.  Ноён Ханс Цэетмайр ч мажоритар сонгуульд оролцоод унасан учир намынхаа пропорциональ жагсаалтын хоёрдугаарт шилжин бичигдэж байжээ. Пропорциональ элементээр сонгуульдах нэр дэвшигчдийн жагсаалтыг сонгууль болохоос бүр өмнө нийтэд дэлгэн танилцуулдаг. Жагсаалтын нэгд бичигдсэн бол Ерөнхий сайд, хоёрт бичсэн байвал Сангийн сайдад нэр дэвших хүн байна гэж сонгогчид мэддэг аж. Германд бие даан нэр дэвшигч гэсэн ойлголт байхгүй, заавал нам, эвслээс нэр дэвшдэг, гэхдээ Сонгогчдын нийгэмлэг гэдэг байгууллагаас нэр дэвшүүлж болдог байна. Германд нийгэмтэй нийцэж чаддаг хүн л амжилт үзүүлнэ, харин ганцаараа зүтгэдэг хүн амжилтад хүрдэггүй гэж үздэгээс бие даагч гэсэн ойлголт байдаггүй аж. Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг Сонгуулийн хуульд бус намуудын дүрэмд тусгаж, түүнийгээ мөрддөг юм байна. Тэрнээс биш хүнийг хүйсээр ялгаварлан хуульд хувь зааж ялгаварлан оруулах нь хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдгийг зөрчсөн хэрэг болно гэж германчууд үздэг ажээ.

Сэтгүүл зүй бол олон урьгалч үзлийн мастер, нийгэм дэх өөр өөр үзэл бодлын мастер гэж германд үздэг юм байна. Суурь мэдлэг сайтай, сайн боловсролтой байх шаардлагыг сэтгүүлчдэдээ тавьдаг аж. “Мэдээ, мэдээлэлд сэтгүүлч хувийн үзэл бодлоо тусгаж болохгүй, харин тайлбар, тойм зэрэгт хувийн үзлээ гаргаж болно. Сэтгүүлч хүн нам, улс төрийн аясыг дагалгүй бодит байдлыг тусгаж нийгэмд таниулж байх үүрэгтэй” гэлээ “Хэрэв улстөрчид хэвлэлд дарамт учруулж үзэл бодлоо тулгадаг бол тэр нь нийгийн хамгийн том “шарх” болно. Тэр “шарх” сэдэрч нийгэм өвчилнө” гэдгийг ноён Ханс Цэетмайр анхааруулж байсан юм.


Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж