Этгээд хүмүүс улс төрд ордог моод монголоор дуусахгүй

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Этгээд хүмүүс улс төрд ордог моод монголоор дуусахгүй

Урлаг, спортынхон улстөрч бол­дог моод хаа сайгүй бий. Тэд нэг бол сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадалгүй өөрсдийгөө галзуу, солиотой мэтээр бусдад ойлгуулдаг хүмүүс байдаг. Эс бөгөөс улстөрчдийн дүрд дэндүү сайн тоглодог хэсэг ч болох нь бий. “Улстөрчид жүжигчдээс илүү авъяастай” гэж хэн нэгэн нь зүгээр ч нэг хэлээгүй байлтай.

Польшийн Ерөнхий сайдаар 2007-2008 он хүртэл ажилласан Ярослав Касинский гэхэд л жүжигчин байж. Мөн Филиппиний 13 дахь Ерөнхийлөгч Жозефь Эстрадо залуу байхдаа жүжигчин байж. Тэрбээр энэ ур чадвараа ашиглаж, улсын асар их хөрөнгийг хувьдаа завшсан гэх. Харамсалтай нь насны эрхэнд жүжиглэх чадвар нь муудсаны уршгаар сэтгүүлч нар хамаг булхайг нь дэлгэж, Ж.Эстрадо Ерөнхийлөгчийн ал­банаасаа буусан юм. Түүнээс гадна  Калифорни мужийн амбан захирагч “Терминатор”, АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейган гэх зэрэг жүжигчид олон бий. Р.Рейган л гэхэд хүйтэн дайны үед америкчуудыг зүгээр суулгадаггүй байсан оросуудыг яах учраа мэдэхгүй гайхахдаа “ЗХУ гэж муу ёрын эзэнт гүрэн байна” гэж хэлж байж. Харин энэ нь коммунист Монголын ирээдүйн Ерөнхийлөгчийг хүмүүжүүлсэн гэдэг шүү. Хожим нь эрхэм Ерөнхийлөгч маань АНУ-д очих бүртээ энэ тухайгаа дурсаж суудаг болсон гэсэн.
Гайтигийн Ерөнхийлөгчөөр өн­гөт арьст дуучин Майкл Мэртли сонгогдоод удаагүй байгаа. Жинсэн өмд, далбагар малгайтай тэрбээр сонгуулийн сурталчилгаандаа зориулж, золтой л концерт хий­чихээгүй. Харин түүний хамгийн гол өрсөлдөгч нь тус улсын тэргүүн хатагтай асан, 70 настай Мирланд Мэнигэт байв. Бодох нь ээ, үр ач нараа тойруулж суух насны хүн олигтой дуулж гавиагүй юм байлгүй.

Гайтигийн Ерөн­хийлөгчийн жишгээр бол манай  нийтийн дуу­чин С.Жавхлан ирэх оны сонгуулиар өөрийнхөө хэмжээнд “симфони оркестр” тоглох нь. Түүний эс­рэг Ар­дын намын гишүүн болж байгаагаа сүр дуулиантай зар­ласан Б.Сарантуяа, Б.Даш­дондог, Д.Жаргалсайхан нар дуэльд гарна. Тэд өмнөх сонгуулиар өндөр уулан дээрээс дуулсан. Харин ирэх онд “Central tower” ч юм уу, өөр ямар нэгэн өндөр барилга дээр гарч байгаад эх орноо магтан дуулах биз. Гэхдээ нийтийн дуучин С.Жавхлангаас ялгаатай нь тэд өөрийнхөө бус, намынхаа карьерыг өсгөхийн тулд ингэж байгаа.

Урлагийнхан сэтгэлийн хөдөл­гөөн ихтэй хүмүүс байдаг. Улс төрд орсон ч энэ зангаа тавьдаггүй. Залуухан зураач А.Гитлерийн бү­тээлийг еврей нарын зургийн хү­рээлэнгийн ямбатнууд таалаагүйн уршгаар тэрбээр Герман улсыг еврей­чүүдээс “цэвэрлэх”-ээр эр­гэлт буцалтгүй шийдсэн байдаг. Хожим нь 70 сая хүний амийг авсан дэлхийн хоёрдугаар дайн гэгч ингэж л эхэлжээ. Гэхдээ хүн бүрт лаагаа идэх үү, луувангаа мэрэх үү гэдгээ сонгох эрх бий. Тиймээс сэтгэлийн хөдөлгөөн ихтэй учраас чи улс төрөөс хол яв гээд хориглочихож болохгүй. Ардчилсан намаас ирэх оны сонгуульд Нийслэлийн Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн Б.Батцэнгэл буюу Quiza нэр дэвшихээр шийдсэн гэх. Ихэвчлэн амьдралын сөрөг талыг харж, дуулдаг репперүүдийн нэг УИХ-ын гишүүн болбол яах бол. За, яав л гэж.

Сүмийн дуучин байсан Хермэн Кэйн ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр бэлтгэж байгаа. “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөн хүрээгээ тэлж, олон хүний дэмжлэгийг авч буй энэ үед АНУ-ын эрх баригчдын эсрэг улс төр хийх хүмүүст сайхан боломж гарч ирж байх шиг. Харин Х.Кэйн “Ажилгүй, тэрбумтан болж чадаагүйдээ банкуудыг биш, зөвхөн өөрийгөө буруутга” гэж мэдэгджээ. Б.Обамагаас эхлээд ихэнх нь бууж өгчихөөд байхад Х.Кэйн хэзээ ч Уолл Стрийтийг “эзлэгчид”-ийг дэмжихгүй гэх. Манайд бол урт нэрнээс нь болоод хуулийнхаа утгыг бүрэн ойлгож амжилгүй батлуулчихсан бөх гишүүд цөөнгүй бий. Бусдаас ялгарах хэрэгтэй гэдгийг уриагаа болгосон нь тэр. Гэхдээ аажимдаа учир зүйг нь ойлгож, томоожсон байлгүй дээ.

Ялгарах гэснээс этгээд хачин араншингаараа хүмүүст танигдаж, рейтэнгээ хуга өсгөдөг улстөрчид бас байна. Тони Блэйрийн үед Ерөнхий сайдын орлогч байсан, Английн улстөрч Жон Прискотт олны нүдэн дээр өөр рүү нь улаан лооль нүүлгэсэн хүнийг балбаж орхисон гэдэг. Үүний дараа Ж.Прискоттын рейтинг огцом өсчээ. Цагаа олсон тэнэглэл сонгогчдод таалагддаг бололтой. Харин Г.Браун телевизийн ярилцлагад орж байхдаа нас барсан охиныхоо тухай ярин уйлахад нь түүнийг “Сонгуулийн сурталчилгаа хийж байна” хэмээн Английн хэвлэлүүд шүүмжилж байж. Үр дүнд нь Дэвид Кэмерон Их Британийн Ерөнхий сайд болсон юм. Бага байхад нь “Ирээдүйд тамирчин болох байх” гэж ойр дотныхон нь таамаглаж байсан Борис Ельцин Оросын Ерөнхийлөгч болсныхоо дараа Киргизийн Ерөнхийлөгч асан Аскар Акаевтай цуг хооллож байгаад толгойн дундуур нь модон халбагаар буулгаж байсан удаатай. Манайхаар бол А.Меркелийг барьж авч үнсдэг Л.Гүндалайгийн үйлдэлтэй төстэй гэх үү дээ. Төрийн ордон руу нум сум харваж, дэлхий нийтэд танил болсон “Гал үндэстэн” хөдөлгөөнийхөн ч байж болох юм. Гадны хэвлэлүүдэд тэдний тухай “Эрх баригчдынхаа бодлогыг шүүмжилсэн зоригтой залуус” гээд биччихсэн байна билээ.

Хүмүүс яагаад тэднийг дэмж­дэг вэ. Хэвшмэл нэг дүр төрх­тэй, уйтгартай хослол өмссөн  улс­төрчдөөс залхсандаа тэр болов уу. Сэтгэлийн хөдөлгөөнөө шулуухан илэрхийлдэг зангаар нь “Шударга хүн байна” гэж дүгнэдгээс тэр үү. Аль эсвэл цөвүүн цагт харж баясах зүйлтэй байя гэсэндээ юм уу. Хэн мэдэх вэ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж