Каддафийн гэр бүл НАТО-г шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Каддафийн гэр бүл НАТО-г шүүхэд өгнө

Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн гэр бүлийнхэн НАТО-г Олон улсын шүүхэд өгөхөөр болсныг өмгөөлөгч нар нь өчигдөр мэдээлжээ. Хурандаа Муаммар Каддафийн сүүлчийн өдрүүд гутамшигтай доромжлол, хүчирхийлэл дор өнгөрсөнд гэр бүлийнхэн нь НАТО-г буруутгаж байна. “Хурандаа Каддафийн үхлээр төгссөн энэ бүх аллага хүчирхийлэл,  Ливид өдүүлсэн НАТО-ийн дайны гэмт хэргийн эсрэг бид Олон улсын шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж Каддафийн өмгөөлөгч мэдэгдсэн байна. Харин дээрх мэдэгдэлд НАТО “Ливид явуулсан цэргийн ажиллагаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр байсан.

НАТО цэргийн ажиллагааны явцад энгийн номхон иргэдийн эсрэг гал нээгээгүй” гэж хариулжээ. Олон улсын шүүх хурандаа Муаммар Каддафийг Ливийн ард иргэдийн эсрэг өдүүлсэн дайны гэмт хэрэг, хүчирхийлэл аллагад буруутган баривчлах шийдвэр гаргасан юм. Каддафийн хүү Саиф аль- Ислам, хүргэн Абдулла аль-Санусси нарыг ч мөн Олон улсын шүүхэд дуудсан билээ. Ливийн хурандаа Муаммар Каддафийг босогчид баривчилж, зодож доромжилж буй бичлэг тарснаас хойш амьсгал хураасныг харуулсан бичлэг цацагдсан юм. Харин түүнийг хэрхэн хөнөөсөн нь тодорхойгүй үлдсэн. НҮБ болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд Ливийн түр Засгийн газраас хурандаагийн үхлийн шалтгааныг тогтоох мөрдөн байцаалт явуулахыг шаардсаны дараа цогцсонд шинжилгээ хийсэн эмч түүнийг толгойдоо буудуулж, амиа алдсаныг тогтоосон билээ. НАТО-ийн эсрэг гомдол гаргах гэж буй Каддафийн гэр бүлийн өмгөөлөгч “Олон улсын шүүх бие даасан, хараат бус шударга тогтолцоо мөн эсэхийг бид харах болно” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж