
Монгол Улсын хувьд өнгөрсөн жилүүдэд төсөвт тодотгол хийхдээ мөнгөгүйн гачаалаас болж гар хүрдэг байсан бол энэ жилийн хувьд төсвийн орлого эхний долоон сарын байдлаар 250 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарсан тул Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын ажлуудаа дэмжих ёстой хэмээн үзэж, энэхүү тодотголыг УИХ-д оруулж ирсэн. Хэдийгээр хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Төсвийн тодотгол цаг хугацааны хувьд хожимдож оруулж ирсэн. Наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж төсвийн тодотголыг хэлэлцүүлэх ёстой байсан” гэсэн шүүмжлэлийг олонтаа хэлж байсан ч ямартай ч энэ өдөр тодотголыг баталж, УИХ нэг том асуудлаасаа саллаа. Одоо арванхоёрдугаар сарын 1-ний өдөртэй уралдаж Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг батлах үүрэг УИХ-ын өмнө хүлээгдэж байна. Ирэх жил УИХ-ын сонгууль болох учраас УИХ дахь Ардчилсан нам, МАН-ын хувьд өмнөх сонгуулиар амласан амлалтуудаа хэрэгжүүлэх, Засгийн газрын хувьд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2012 оны төсвийг батлах, батлуулах том үүрэг хүлээгээд буй.