
Зөвлөгөөнд оролцогчдыг төлөөлж 10 гаруй малчин үгээ хэлэв. Нутгийнхандаа “цаг уурын” хэмээн нэрлэгддэг Ж.Чулуун малчин болоод 15 жилийг үджээ. Тэрбээр аж амьдралын минь эх үүсвэр болж, өрх гэр үр хүүхдүүд бидэнд үр шимээ хүртээж байна хэмээн мал сүргээрээ бахархав. Малын хөлийн татвар авахгүй болсон нь буруу. Үүнийг сэргээе. Бид өгье. Тэрхүү хуримталсан татварын мөнгийг мал эмнэлгийн үйлчилгээг өргөтгөх болон бусад арга хэмжээнд зарцуулмаар байна. Нутаг бэлчээрийг малчдад эзэмшүүлж гэрчилгээ олгох хэрэгтэй гэхчлэн хэд хэдэн чухал санааг сумынхаа удирдлагуудад дуулгав. Хорин жил мал малласан ч багш хэмээн дуудуулсаар яваа Ш.Дашбалжир малын хулгай их байдгийг баримтаар яриад хэлтэс цагдаагийнхан илрүүлэлгүй орхидог, одоо бүр сум дамжин гардаг боллоо. Бидний малыг ченжээр биш багийн Засаг дарга нараар дамжуулан борлуулдаг болмоор байна гэсэн бол мөн багш Б.Дэмбэрэлдорж худаг ус, бэлчээр нутгийн маргааныг малчид өөрсдөө зохицдог уламжлалт аргаар шийдвэрлэх нь зүйтэй гээд шилмэл “эцэг” мал буюу хээлтүүлэгч малладаг хүнийг хариуцлагажуулахгүй бол “үхсэн, алга болсон” нэрээр үрэгдэж байна гэлээ.
Ийнхүү тэд үнэн бөгөөд үнэтэй олон зүйл хөндөн ярьцгаалаа.