АНУ худалдааны хөнгөлөлтийн хугацааг сунгав

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

АНУ худалдааны хөнгөлөлтийн хугацааг сунгав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ оны 10 сарын  21-ний өдөр АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий систем /ХЕС/-ийн хөтөлбөрийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг 2013 оны 7 дугаар сарын 31 хүртэл сунгах тогтоолд гарын үсэг зурав. Ингэснээр энэхүү тогтоол 2011 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн үйлчилж эхлэх бөгөөд  дэлхийн хөгжиж буй 129 орон тус хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлэх эрхтэй болж байна. Уг тогтоолын төслийг 9 дүгээр сард Конгрессоор хэлэлцэн дэмжсэн юм. АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий систем /ХЕС/ нь 3400 нэрийн барааг гаалийн татваргүйгээр АНУ-д экспортлох эрх олгох замаар дэлхийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн хөтөлбөр  юм. 2010 оны байдлаар хөгжиж буй орнууд уг хөтөлбөрийн хүрээнд  22.6 тэрбум ам.долларын бараа АНУ-д оруулсан нь тус улсын импортын дөнгөж 1.2 хувийг эзэлж байгаа юм.
Манай улс Америкийн энэ хөтөлбөрт 1999 оноос өнөөг хүртэл хамрагдаж байна. Иймд манай бизнес эрхлэгчид 2010 оны 12 дугаар сарын 31-нээс  2011 оны 11 дүгээр сарын 5 хүртэлх хугацаанд энэ хөнгөлөлтийн дагуу АНУ-ын зах зээлд нийлүүлсэн барааныхаа гаалийн татварыг  буцаан авах эрхтэй болж байгаа юм.

АНУ-ын ХЕС-ийн хүрээнд “A” or “A+”  мэдүүлгийг цахим хэлбэрээр бөглөж гаалийн бүрдүүлэлтээ хийсэн бол гаалийн татвар төлсөн үнийн дүнг бараа импортлогчдод   автоматаар олгоно. Бусад тохиолдолд тухайн компани АНУ-ын Гааль, хилийн боомтын хамгаалалтын газар /U.S. Customs and Border Protection (CBP)/-т бичгээр өргөдөл гаргаж, төлсөн гаалийн татвараа нөхөн авах боломжтой гэж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж