
Энэ мэдээг сонссоныхоо дараа Грекийн ерөнхий сайд Георгеос Папандреу хэлэхдээ энэ шийдвэр Грек улсад шинэ эрин үеийг нээж байна гэжээ. Грек улс гадаад өрийнхөө 50 хувийг тэглүүлснээр асуудлаа шийдэж санхүүгийн байдлаа тогтвортой болгох асар том боломжийг олж байгаагийн дээр ихээхэн хэмжээний санхүүгийн дэмжлэг авахаар болж байна. Олон улсын валютийн сан болон Европын холбооны зүгээс авах энэ санхүүгийн дэмжлэгийн хэмжээ 100 тэрбум еврогийн хэмжээтэй тэнцэж байгаа ажээ.
“Евро бүсийн орнуудын зүгээс гаргаж байгаа энэхүү хүчирхэг шийдвэр нь хүлээлт бий болгоод байсан дэлхий нийтийн санааг амрааж байна” гэж Францын ерөнхийлөгч Николя Саркози Брюссельд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Евро бүсийн орнуудын санхүүгийн байдлаас эмээх болон тус бүс нутгийн нэгдсэн мөнгөн тэмдэгтийн ирээдүйд заналхийлсэн нөхцөлөөс болгоомжилсон хандлага нь сүүлийн саруудад зах зээлийг бүхэлд нь сүйрүүлж ирсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд шүүмжлэгчдийн зүгээс шийдвэр гаргагчдыг Евро бүсэд тулгараад байгаа санхүүгийн хямралын асуудлыг шийдвэрлэхийн төлөө ямар ч зүйл хийсэнгүй, мөн тодорхойгүй байдал бий болоход хүргэж улам өөгшүүлсээр байна гэж зэмлэсээр ирсэн байдаг. Харин Евро бүсийн лидерүүд Грекийн санхүүгийн хямрал нь Итали зэрэг бусад Европын орнуудын эдийн засгийг нэрвэхээс өмнө аюулыг зайлуулахыг хичээсээр ирсэн бөгөөд энэ нь зах зээлийг тайвшруулах хичээл зүтгэл болсоор ирсэн нь талаар болсонгүй.
Үүний зэрэгцээ тэд Европийн бүс нутгийг хямралаас аврах сангийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. Европийн 17 орны удирдагч нар цугласан Брюсселийн уулзалтаас гаргаж байгаа бас нэг чухал шийдвэр нь Европийн санхүүгийн тогтворжилтын сангийн одоо байгаа 440 тэрбум еврогийн хөрөнгийг 1 их наяд евро болгон өсгөхөөр болсон тохиролцоо юм. Ингэж өсгөх болсноор мөн санхүүгийн хямралын ирмэг дээр байгаа Итали, Испани зэрэг орны нөхцөл байдалд хэрэгтэй үед нь дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх бололтой. Үүний зэрэгцээ 2012 оны дундуур гэхэд Европийн зах зээлд оролцоотой банкууд нийтдээ 106 тэрбум еврог хөрөнгө оруулалтын зах зээл дээр дахин байршуулахаар болж байгаа аж.
Мөн Евро бүсийн лидерүүд өчигдөр гаргасан түүхэн чухал шийдвэрийнхээ нэг хэсэг болгож Европийн банкуудад хандан арилжаанд зориулан гаргаж байгаа мөнгөний хэмжээгээ өсгөхийг уриалсан байна. Үүний зэрэгцээ Грекийн өрийн асуудлыг шийдвэрлэж байгаа тухай мэдээлэл гарсан даруйд дэлхийн зах зээл дээр эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн байна. Тухайлбал, Азийн хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд оргил өөд мацаж байгаа бөгөөд Японы биржийн үзүүлэлт 0.5 хувиар өссөн байна. Мөн еврогийн ам.доллартай харьцах ханш сүүлийн найман долоо хоногт гараагүй өндөр дүнтэй болоод байгаа гэнэ.