
Харин УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр “Нэг Ардчилал” клубээс Төв аймагт зохион байгуулсан “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлэгт илтгэл тавихдаа “Манайд маш олон сайн багш нар бий. Харамсалтай нь сайн багш нар маань ажлаа хийхгүй байна. Манай намд ч гэсэн маш олон багш нар бий. Намын дарга Н.Алтанхуяг багш, Э.Бат-Үүл баатар багш, С.Ламбаа сайд, Р.Гончигдорж гишүүн ч багш. Та нар ажлаа хий л дээ” гэж “шордсон”.
Ийм нэг хэл амны хөгжил сайтай, өгөө аваатай нөхдүүд нэг орой нүүр тулж, намынхаа дотоод болон гадаад улс төрийн амьдралын талаар илэн далангүй яриа хөөрөө өрнүүлэв.
Клубийн залуусын зүгээс мэдээж манай нам ирэх сонгуульд ямар байр сууринаас оролцох гээд байгаа юм бэ, Ардчилсан намд Ардын намаас ялгарах зүйл үлдсэн үү, хоёр намын рейтинг хоёулаа унаж яваа шүү, орон нутгийн сонгуульд орох боловсон хүчнээ бэлтгэсэн юм уу, МАН-ынхан хүмүүсээ шигшээд эхэлчихсэн байна шүү гэдгийг ах нартаа сануулж байна лээ. “Ах нар” гэдэг нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар. Бүлгийн дэд дарга Лу.Гантөмөр Японд яваа тул Х.Тэмүүжин гишүүн ҮЗХ-ны гишүүд болон клубийн гишүүдтэйгээ хамт намынхаа удирдлагуудыг угтсан юм. Намын удирдлагууд “Нэг Ардчилал” клубынхэнтэй анх удаа уулзаж буй нь энэ гэнэ.
Харин Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ингэж хариулав. “Хоёр намын рейтинг нийлээд 50 хувь хүрэхгүй байна, хүмүүс энэ хоёр намд итгэхгүй байна” гэж байнга ярьдаг. Гэхдээ хүмүүс хэзээ намуудыг анхаарч эхэлдэг вэ гэвэл сонгуульд дөхөөд ирэхээр л намууд дээр төвлөрдөг, ялгардаг. Сонгуулийн маргааш намуудыг мартдаг. Хоёр нам хоёр өөр бодлого яриад, ялгараад явдаг сонгогчид хоёр тийшээ ярагдаад л явна. Ардчилсан намын Ардын намаас ялгарах бодлого бол эдийн засгийн хувьсгал. Монголын улс төр өнгөрсөн 20 жилийн турш сонгуулийн дөрвөн жилээр амьдарч ирсэн. Сонгууль болохоор амладаг, сонгуулийн маргааш мартдаг. Ардчилсан нам үүнийг өөрчлөхийн тулд “Монгол хүн 2020” хөгжлийн хөтөлбөрийг гаргаж тавьсан. Хөгжлийг бид 10, 20 жилээр харж сурах хэрэгтэй байна. Манай намын МАН-аас ялгарах бодлого нь “Эдийн засгийн хувьсгал”. Өнгөрсөн 20 жилд бид иргэддээ улс төрийнх нь эрх чөлөөг өгсөн боловч эдийн засгийнх нь эрх чөлөөг өгч чадсангүй, хувь хүний эрхийн асуудал дээр ч дутагдалтай зүйлүүд харагдаж байна. Тиймээс бид үүнд чиглэсэн бодлогоороо л Ардын намаас ялгарах ёстой. Сая бид Төв аймагт очиход иргэд “Ардын намынхан Улаанбаатарын газрыг зарж дуусаад зогсохгүй Төв аймгийн газрыг зараад дуусч байгаа шүү. Та нар минь хурдхан ялж, эрх аваач” гэж байна. Ардчилсан нам Улаанбаатарт ялж байсан түүх байхгүй, аймаг орон нутаг чинь харин ч өгөө аваатай яваад байгаа. Тийм учраас та нар нийслэлд ялалт байгуул, нийслэл шиг том сав байхгүй шүү. Гэхдээ энэ бол албан тушаалын сав биш, ажил хийх боломж. Тийм учраас бид энэ зорилго руугаа л нэг бөөндүүхэн явах хэрэгтэй байна. Баруун зүүн, либерал, консерватив гэдэг чухал биш ээ. Ард түмний чихэнд тэр бүгд чинь нэг их сайн очиж наалдахгүй. Ганцхан “Монгол хүн 2020” хөгжлийн хөтөлбөр, иргэдээ баяжуулах эдийн засгийн хувьсгал дээрээ л төвлөрч ярих ёстой. Энэ та нарын фонн болно гэсэн зөвлөгөөг өгсөн.
Уулзалтын үеэр маргаан дэгдээсэн бас нэг зүйл нь Сонгуулийн хуулийн өөрчлөлт дээр Ардчилсан намын бүлгээс барьж буй байр суурь. Ардчилсан нам эхлээд 50:26 дээр хатуу зогсоно гэсэн, дараа нь 38:38 дээр зогссон, одоо Ардын намын гаргаж буй 28:48-ыг хүлээж авах тухай ярьж байна. Байр сууриа хатуу хадгалах чинь юу болсон бэ, орон нутгийн сонгуулиа УИХ-ын сонгуультай зэрэг явуулж чадах юм уу гэдэг асуулт, шүүмжлэлийг клубын гишүүдийн зүгээс тавьж байлаа. Харин энэ асуултад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хариулсан.
МАН-ын бүлэг орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулах одоогийн хуулийг өөрчлөх тухай ярьж байгаа. Сонгуулийг зэрэг явуулна гэхээс үхтлээ айж байгаа. Гэхдээ орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулахгүй гэвэл Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай яриад ч хэрэггүй гэдгийг манай намын бүлэг хатуу барьж байгаа. Ер нь бол сонгуулийн хууль гэдэг УИХ-ын гишүүдийн хувийн ашиг сонирхол хамгийн их хөндөгддөг зүйл учраас хоёр намын бүлгийн албан ёсны санал унаад, талийгаач болсон хоёр гишүүний санал дэмжигдээд гарч ирж байсан ч түүх бий. Гэхдээ Ардчилсан намын бүлэг одоогийн байгаа 26 тойргийг жижиглэхгүй гэдэг дээр ямар ч байсан нэг цул болж чадсан. Гэвч бидэнд 27, МАН-ын бүлэгт 46 кноп бий гэдгийг санах ёстой. Хэрвээ бид 50:26 дээрээ хатуу зогссон бол Сонгуулийн хуулийг өөрчилж чадахгүй, хуучин хуулиараа сонгуульд орох ганц л зам руу орох байсан. Тийм учраас хэлэлцүүлгийн эцсийн өдөр хүртэл бид Сонгуулийн хуулийг өөрчлөхийн төлөө явах болно. Хэрвээ 26 тойргийг жижглэх юм уу, эсвэл орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас тусад нь явуулна гэдэг ухралт хийхэд хүрэх л юм бол бид хуулиа өөрчлөхгүй гэдэг байр суурин дээрээ жинхэнээсээ “хатуурах” болно гэв.
Мөн түүнчлэн Сонгуулийн хууль ямар байхаас тухайн намын ялах, ялагдахын 10 хувь л хамаарна. Бусад нь тухайн намын гаргаж буй бодлого, менежмэнттэй л холбоотой гэдгийг ч бүлгийн дарга сануулав. Ямар ч байсан одоогийн байдлаар Ардчилсан намын бүлэг 26 торйгийг жижиглэхгүй, мөн тойргуудад мандатыг тоог хуваахдаа хүн амын тоонд нь тэнцүүлнэ гэдэг байр суурин дээрээ байгаа аж. Харин Ардын намын зүгээс 48 жижиг тойрогтой байх, мандатыг хүн амын тооноос гадна нутаг дэвсгэрийн хуваарийг харгалзах саналуудыг тавиад байгаа. Хоёр намын зүгээс маргаантай асуудлуудаа нэгтгэж, нэгдсэн шийдэлд хүрээгүй байна.
"Ардын эрх" сонин
