Тайландчууд үерээс дайжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Тайландчууд үерээс дайжиж байна

Ирэх өдрүүдэд Тайландын нийслэл Бангкок хотын үерийн усны төвшин нэмэгдэх төлөвтэй байгаагаас  хэдэн арван мянган оршин суугч хотыг орхиж байгаа гэнэ. Хотоос дүрвэн гарч буй тэдгээр хүмүүсээс болж хотод түгжрэл үүссэн байна.

Бангкок хотын 90 хувь нь үерт автаж, усны төвшин нэмэгдсээр байгаа тул оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Тайландад сүүлийн хорь гаруй жил үзэгдээгүй аймшигтай үерт 360 гаруй хүн амиа алдаад байна. Үерийн гамшгийг арилгаж,  яаралтай арга хэмжээ авах нь шинээр сонгогдсон Ерөнхий сайд Инлук Синаватрагийн хувьд анхны том сорилт болж байгаа юм.  Тэрбээр саяхан мэдэгдэл хийхдээ "Энэ бол бидний хэзээ ч ялж чадахгүй байгалийн хүч. Гэвч үерийн усны төвшин нэмэгдэхэд бид  бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэжээ.
Тайландын хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутгууд болон түүх соёлын олон дурсгал үерт автаад байна. Эрх баригчид өнөөдөр таван хоногийн бүх нийтийн амралт зарлажээ. Бангкок хотын гол гол замууд үерт автсанаас болж хотоос гарахад маш хэцүү байгаа гэнэ. Хотод хоол хүнс болон цэвэр усны нөөц муу байгаа тул үлдэх хүмүүс маш хүнд байдалд орох ажээ.  Хиймэл дагуулаас авсан зургаас харахад Бангкок хотын эргэн тойрон дахь усны төвшин өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ. Есөн сая хүн амтай Бангкок хотын зарим дэлгүүр өндөг, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмсэн нь олны бухимдлыг төрүүлсэн байна. Орон гэргүй болсон иргэдийг түр байрлуулж байсан Бангкок хотын дотоодын тээврийн нисэх онгоцны буудал мөн усанд автсан тул иргэдийг өөр тийш нүүлгэн шилжүүлэх болсон байна.   


Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж