Түвдэд зулын гол болсон хүн нэгээр нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Түвдэд зулын гол болсон хүн нэгээр нэмэгдэв

БНХАУ-ын Сычуань мужийн бурхны шашны сүмийн дэргэд эмгэнэлт явдал боллоо. Reuters агентлагийн мэдээлснээр өчигдөр ”Эрх чөлөөт Төвд” байгууллагын нэгэн хувраг өөрийгөө шатаасан аж.

Эх сурвалжийн мэдээлснээр хуврагийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн авч нэгэнт оройтсон байжээ. Албаны хүмүүс түүний нэрийг нууцлахаар шийдэж, нас бараагүй хэмээн мэдээлж буй гэнэ.

Төвдийн хуврагууд Хятадын Засгийн газрын бодлогыг эсэргүүцэж, ээлж дараалан өөрийгөө шатаасаар байна. Өчигдрийн хэргийг тооцвол энэ он гарсаар нийт есөн хүн зулын гол болоод байгаа аж. Тэд Төвдөд тусгаар тогтнол олгодоггүй юм гэхэд өөртөө засах эрх олгохыг шаардаж буй юм.

Хятадын Засгийн газар удаа дараагийн амиа хорлосон явдалд ямар нэг хариуцлага хүлээхээс татгалзаж, салан тусгаарлагчдын үйл ажиллагааг өөгшүүлж буй Далай ламыг буруушаасан. Төвдүүдийг амиа хорлоход Далай лам өдөөн турхирсан хэмээн үзсэн билээ.

Ж.Даш

"Өдрийн шуудан" сонин

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж