Импортын буудайнд татвар ногдуулах асуудлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Импортын буудайнд татвар ногдуулах асуудлыг хойшлууллаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан  Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэжлүүлсэн бөгөөд гишүүн Д.Хаянхярваа горимын санал гаргаж, хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулж өгөх хүсэлт тавьсныг олонхи нь дэмжлээ.

Засгийн газраас дээрх төслийг мэдүүлэхдээ импортын буудайнаас дотоодынхоо ижил төрлийн бүтээгдэхүүнийг хамгаалах зорилгоор гадаадаас оруулж ирж буй буудайнд 40 хүртэлх хувийн татвар ногдуулахаар тусгасан. Харин энэхүү татварт УИХ-ын гишүүдийн байр суурь нэгдэж чадахгүй байгаа юм. Нэг хэсэг нь буудайн татварыг 40 хувиар тогтоох нь үндэсний үйлдвэрлэгчдээ тэр дундаа тариаланчид хөл дээрээ зогсоход том дэмжлэг болно гэж үзэж байхад нөгөө хэсэг нь төр тариаланчдад их хэмжээний дэмжлэг үзүүлж ирсэн. Одоо зах зээлийнхээ жамаар өөрсдийгөө зохицуулаад явах ёстой. Импортын буудайнд 40 хувийн татвар ногдуулах нэрийн дор иргэдийн халаасыг гөвж болохгүй хэмээн эсрэг тэсрэг байр суурь илэрхийлсээр байгаа билээ. Тиймээс энэ асуудлыг нухацтай авч үзэхийн тулд хэлэлцүүлгийг түр хугацаагаар хойшлуулахаар болж шийдвэрлэлээ. Одоо чуулганаар газрын тосны үйлдвэр байгуулах тухай УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн санаачлан боловсруулсан төслийг хэлэлцэж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж