Уилльям, Кейт нар Хүүхдийн сангийн элч болно

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Уилльям, Кейт нар Хүүхдийн сангийн элч болно

Их Британийн хунтайж Уилльям, гүнж Кейт Миддлтон нар өлсгөлөнд
нэрвэгдсэн Зүүн Африкийн орнуудад туслах аянд оролцох гэнэ. Залуу хос
Данийн нийслэл Копенгаген дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн яаралтай
тусламжийн төвд өнөөдөр очих юм байна. Тэд айлчлалын үеэр Данийн угсаа
залгамжлах хунтайж Фредерик, түүний гэргий Австрали гаралтай гүнж
Мэритэй  уулзах гэнэ.

 Зүүн Африкийн орнууд Сомали, Кени, Этиопт сүүлийн хагас зуун жилд
болоогүй ган гачиг нүүрлэснээс олон сая хүн хоол хүнсний дутагдалд орж,
өлсгөлөнд нэрвэгдээд байгаа юм. Өлсгөлөнгийн хажуугаар хүнсний
бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, 600 гаруй мянган хүн хоол хүнс, цэвэр
ус хайн эх орноосоо дүрвэн гарчээ. Зүүн Африкийн орнуудад 13 сая хүн
өлсгөлөнд нэрвэгдсэнээс тэн хагас нь хүүхэд гэнэ. Хоол тэжээлийн
дутагдлаас болж хэдэн арван мянган хүүхэд нас барсан байна. Үхлийн ирмэг
дээр буй 320 мянган хүүхдэд хүнс болон эмнэлгийн яаралтай тусламж
шаардлагатай байгаа юм. Африкийн энэ бүс нутагт ирэх хэдэн сард ган
тайлагдах найдвар байхгүй байгаа тул хүмүүсийг өлсгөлөнгийн аюулаас
гаргахад хичнээн хугацаа шаардагдах нь тодорхойгүй байна. Их Британийн
хунтайж Уилльям, гүнж Кейт Миддлтон нарт Копенгаген дахь НҮБ-ын Хүүхдийн
сангийн ажилтнууд өлсгөлөнд нэрвэгдсэн орнуудад эмнэлгийн болон хүнсний
тусламж үзүүлэх ажиллагааны талаар мэдээлэл өгөх гэнэ. Түүний дараа хос
хоёр Хүүхдийн сангийн донор орнуудын төлөөлөгчидтэй уулзах ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж