Зээлийн хүү өндөр тул 14 тэрбумыг төсөвт суулгасан гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Зээлийн хүү өндөр тул 14 тэрбумыг төсөвт суулгасан гэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголын гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг 2011 оны төсвийн тодотгол нь 2011 оны төсвөөсөө алдагдлын хувьд дордсон болохыг онцоллоо. Сангийн сайд ч санал нэг байгаагаа илэрхийлэв. Учир нь 2011 оны төсвийг баталж байхад төсвийн алдагдал 3.7 байсан бол одоо тодотголоор 5.3 болж муудсан. Энэ нь хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлсэнтэй холбоотой гэсэн тайлбар хийж байна.

Харин УИХ-ын гишүүн Ц.Батбаяр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотойгоор арилжааны дөрвөн банкнаас авсан зээлийн мөнгийг төсвийн тодотголд ямар шалтгаанаар суулгасанд хариу өгөхийг хүссэн юм. Төсвийн тодотголд нийт 14 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн байна. Сайд С.Баярцогтын тайлбараар бол Монгол Улсын арилжааны банкуудын зээлийн хүү өндөр байдаг тул хугацаа алдах тусам төсөвт дарамт учруулах байдал ихсэх учраас аль болох хугацаа алдалгүйгээр зээлийг төлөх нь зүйтэй юм гэж үзэж, Засгийн газрын зүгээс тодотголд 14 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн” гэлээ.

Энэ мэтээр гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан төсөл санаачлагчдаас асуулт асууж хариулт авч дууссанаар Төсвийн байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлж, хэлэлцсэн асуудлаа УИХ-ын чуулганд шилжүүллээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж