ТТ-н IPO Стратегийн хөрөнгө оруулагчийн гэрээнээс хамаарна

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

ТТ-н IPO Стратегийн хөрөнгө оруулагчийн гэрээнээс хамаарна

Тавантолгойн Стратегийн хөрөнгө оруулагчаар Орос-Монголын консорциум, Хятадын Шинхуа, АНУ-ын Пибодиг урьдчилсан байдлаар сонгон шалгаруулаад байсан билээ. Гэвч ЗГ-ын өргөн барьсан энэхүү урьдчилсан сонгон шалгаруулалтын дүнг Үндэсний аюулгүйн зөвлөл зөрчилтэй байна гэж үзэн буцаасан юм. Одоогоор Стратегийн хөрөнгө оруулагчийг яг хэдийд шалгаруулах нь тодорхойгүй байгаа юм.

Аравдугаар сарын 25-27-нд Хонконгод болсон “Mongolia Investment Summit” буюу “Монголын хөрөнгө оруулалтын чуулган”-д УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ирэх арваннэгдүгээр сард Баруун Цанхийн хэлэлцээрийг эхлүүлнэ гэж үзэж байгаа тухайгаа Ройтерс агентлагт өчигдөр мэдээлжээ. Баруун Цанхийн хэлэлцээр удааширч байгаа нь Зүүн Цанхид хөрөнгө босгох ажлыг хойшлуулж байгаа юм. Тавантолгойн Зүүн Цанхийн хэсэгт зориулах хөрөнгийг босгох IPO-ийг ирэх жилийн эхээр амжилттай хийхийн тулд ойрын гурван сарын хугацаанд Баруун Цанхийн хэлэлцээрийг эцэслэх шаардлагатай ажээ.

Хэрэв Баруун Цанхийн Стратегийн хөрөнгө оруулагчийн хэлэлцээр гурван сарын хугацаанд амжиж шийдвэрлэгдэхгүй бол Зүүн Цанхийн IPO ирэх сонгуулийн үе хүртэл хойшилж магадгүй байгаа тухай Д.Тэрбишдагва гишүүн ярьжээ.

Үүнээс гадна, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захиралаар томилогдохоор яригдаж буй Грэм Хэнкок Зүүн Цанхийн IPO-оор босгох хөрөнгийн хэмжээ Баруун Цанхийн Стратегийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрээс хамаарах тухай хурлын үеэр мэдэгджээ.

Гэхдээ Хэнкок уг хурлын үеэр IPO хийх бирж, хугацааг нарийн товлоогүй байгаа тухай ч ярьжээ.

Тавантолгойн IPO-ийн менежментийг “Голдман Сакс”, “Дойче банк”, “BNP Paribas”, “Macquarie” зэрэг дөрвөн банк хэрэгжүүлэх үүрэг хүлээгээд байгаа юм. Банкуудын зарим төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой” компанийн зах зээлийн нийт үнэлгээ 15 тэрбум ам.долларт хүрнэ гэж үзэж байна.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж