
Энэ тайлбартай асуудал тавьсан гишүүд санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж мэтгэлцээн үүсч “Чи би дээ” тулсан бөгөөд Ж.Сүхбаатар дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “Эрүүгийн элемент царайлсан хулгайч минь чи юу чаддаг юм. Хачин новш вэ” гэж хэлснийг тус холбооныхон ёс зүйгүй үйлдэл болсон гэж мэдэгдлээ. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл, ард түмний төлөөллийг ингэж шоронгийн яриагаар доромжилж болохгүй. Ж.Сүхбаатар гишүүний дээрх үйлдэл нь УИХ-ын гишүүний ес зүйн дүрмийг бүдүүлгээр зөрчин, олон түмний дунд УИХ-ын гишүүний нэр хүндийг унагаж байгаа тул Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Сүхбаатарт ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой хэмээн үзэж, дэд хороонд хандсан гэдгээ онцоллоо.
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны зохицуулах зөвлөлийн гишүүн Ц.Ганбатын тайлбарласнаар Ж.Сүхбаатар гишүүнийг мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн байна. Түүний энэхүү үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хэргийн 110 дугаар зүйлд заасан доромжлох гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэмээн харагдаж байгаа учраас Цагдаад гомдол мэдүүлсэн гэлээ.
Гурав дахь асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг огцруулахтай холбоотойгоор тавигдаж байна. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар “Гэр хорооллын иргэдийг орон сууцтай болгох асуудлыг эрх зүйн орчныг бий болгох замаар шийдвэрлэх шаардлагатай байна гэсэн шаардлагыг холбооны зүгээс Ерөнхий сайд С.Батболдод удаа дараа тавьсан ч өнөөг хүртэл шаардлагыг биелүүлсэнгүй. Тиймээс арваннэгдүгээр сарын 25-ны дотор Ерөнхий сайд С.Батболд албан тушаалаасаа огцрох ёстой” гэлээ. Мөн хүн амын 40 шахам хувь нь ядуу зүдүү амьдарч байна. Ядуурал 50 хувьд хүрэхийг хараад тэсээд сууж чадахгүй нь, монголчууд мориндоо мордох цаг болж…
Эдийн засгийн тэлэлт хэнд очиж наалдаж байна вэ, эрх баригчдад наалдаж байна. Монголын хилээр гарч байгаа уул уурхайн баялгийн ашиг хэний халаас руу орж байна вэ, эрх баригчдын халаас руу. Яахаараа ард түмэн ядуурч байхад Ерөнхий сайд С.Батболд гадаад улсад хэрэн тэнэж Монголынхоо баялгийг наймаалах ёстой юм бэ. Яагаад нэг удаа ч болов Ерөнхий сайд гэр хорооллын иргэдийн аж амьдралтай танилцаж болдоггүй юм. Болдогсон бол гэр хороололд Ерөнхий сайд С.Батболдыг нэг удаа ч болов амьдруулж үзэх юмсан. Гэр хорооллын иргэдийн амьдрал хүнд байна. Хүүхдүүд өөрсдийнхөө нас биенд ахадсан ус түрээд уул өөд мацаж байна. Өвдөг эрүү нь тулсан хөгшид нүүрстэй ноцолдож байна. Хэдий болтол үүнийг тэвчиж амьдрах ёстой гэж…
Тэгээд ч Ерөнхий сайд С.Батболд бол уул уурхайн ашиг сонирхлын зөрчилтэй. Тийм ч учраас огцруулах цаг нь болсон. Оюунлаг уужуу ухаанаар хандаж албан тушаалаасаа татгалзана хэмээн найдаж байна гэлээ. Дөрөв дэх асуудал нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдож буй юм. Ингэхдээ Оюутолгойн ордын Монголын талын хувь эзэмшлийг 50 хувьд хүргэх асуудлыг тавьж буй УИХ-ын гишүүн Н.Батбаяр тэргүүтэй гишүүдийн үйл ажиллагааг тууштай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын эрх ашгийн төлөө хамтдаа тэмцэх саналыг хүргүүлж байгаа гэлээ. Тус холбооныхон энэхүү саналаа УИХ-ын гишүүн Н.Батбаярт хүргүүлж буй ажээ.